Б.Золбаяр зохиолчийн “Бүгээн” тэргүүтнийг уншихуй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Б.Золбаяр зохиолчийн “Бүгээн” тэргүүтнийг уншихуй

"Буянт голын хөвөө, ба­руун Алтайн уулс дундаас ийм нэг монгол зохиолч тод­рох учиртай байж. Монгол хэлнийхээ яруу сайхан хий­гээд гүн утгыг мөн чиг мэдэрч бичих юм аа" гэж барагтайд дуу алддаггүй Дамдинсүрэн­гийн Урианхай абугай Баас­тын Золбаяр зохиолчийн тухай нэгэнтээ хэлж билээ. Их Урианхайтай уран зохиол хийгээд Монголын сэтгүүл­зүйн луугарууд, ерөөс уншигч олон санал нийлдэг гэхэд хэтийдсэн болохгүй байх. Үндсэндээ бүгд хүлээн зөв­шөөрч байгаа хэрэг. Хүлээн зөвшөөрөх хэмжээнд Б.Зол­баяр зохиолчийн авьяас бил­гээрээ, эх  хэлнийхээ яруу төгс аялгуу, гүн утга бүхий өгүү­лэмжээр зодож бичсэн бүтээл туурвилууд нь яалт ч үгүй хүргэдэг билээ.

Түүний анхны ном "Бүтэн" нэртэйгээр хоёр мянга дөрвөн онд хэвлэгдсэн. Бичгийн их хүмүүн Лодонгийн Түдэв гуай их айхтар үгтэй өмнөтгөл бичиж "Монголын утга зохио­лын хаалгаар жинтэйхэн бү­тээл өвөртөлсөн авьяас би­лэгт хөвгүүн орж ирлээ" хэ­мээн зарлаж байсан. Үнэндээ "Бүтэн" номын өгүүллэгүүд ур хийцийн хувьд ч, утга санаа­ны хувьд ч өөр байсан л даа. Чойжилжавын Билигсайхан эрдэмтнээс аваад олон хүн талархан хүлээн авч, монгол хэлнийх нь дархан цэцийг Балжирын Догмид тэргүүт эрхмүүд дуу алдан цоллосон юм даг. "Монголын утга зо­хиолд цөөхөн хэдэн сонгомол өгүүллэг байна. Ер нь Эрдэнэ баавайн хэдэн өгүүллэг л байна даа" гэж хэлээд олны гайхашралыг төрүүлж, зарим нэгийнх нь дургүйг хүргэж байсан Гун-Аажавын Аюур­зана зохиолч "Монголын сон­го­мол өгүүллэг" номондоо сүүл үеийн зохиолчдоос "Бүтэн" өгүүллэгийг оруулсан нь нэгийг хэлнэ. Б.Золбаяр зохиолчийн анхны ном хэр­хэн чансаатай гарсныг илтгэх буй за.

"Бүтэн" гарсан даруйд "Бүлээн" гэх нийтлэл сэт­гүүлзүйд мөн л шуугиан дэг­дээлээ. Дорнодын Эрээнцав орж Данзангийн Нямсүрэн найрагчийн номын өргөөнд зочлоод ирсэн сэтгүүлч Б.Зол­баяр "Өдрийн сонин"-доо "Бүлээн" нийтлэлээ цув­ралаар гаргалаа. Сонины редакциар л нэг яриа хөөрөө болж, уг нийтлэлийг ёстой нөгөө бүлээн сүү уух мэт уншсан бүхэн баяр хөөрт автах нь тэр ээ. Б.Золбаяр мандаж өгсөн нь тодорхой. Тухайн үед миний бие "Өдрийн сонин"-ы өндөр бос­гоор алхах нь бүү хэл, утга зохиол, сэтгүүлзүйн ямар ч ойлголтгүй жулдрайхан амь­тан оюутны ширээний ард хөнгөн хөвсгөрхөн явсан цаг сан.

Харин ямар азаар "Бүлээн"-ийг олж уншсан юм байгаа. Тэрхүү нийтлэл хэв­лэгдсэний дараахан "Дарь­гангын шадар гурав"-ын нэгэн Гомбожавын Мэнд-Ооёо най­рагч "Яруу найргийн сүншиг­тэй Эрээнцав" хэмээн бичиж "Золбаярын нийтлэл онгодыг минь бөөгийн дуудлага шиг урин дуудлаа. Нямсүрэнтэй минь дахин учрууллаа" гээд нүдэндээ нулимстай бийр юугаа шүүрсэн байдаг шүү.

"Бүлээн"-ий дараа юм, юм л болсныг тэрхүү нийтлэлээр нэрлэсэн хоёр дахь номыг гардах үед дутуу хагас сонс­соон. Ямар ч байсан монгол хэл, бичгийн нэртэй эрдэмт­дийн нэг Базарсадын Элбэг­заяа "Бүлээний шүүмж" хэ­мээн тун чиг нарийн гаргал­гаатай бичсэнийг санах юм.

Эл бүгдийг өгүүлсний учир луу жилийн шинэдээр Б.Зол­баяр зохиолч "Бүгээн", "Хү­мүүн" хэмээх эссэ, өгүүллэг, хөрөг, нийтлэлийн хоёр номоо уншигч олныхоо гарт хүргэж нэгэн сайхан баяр тохиовой. Сор болсон бүтээлүүд ном болон ботилогдож уншигч­дад хүрэх шиг хүндтэй баяр үгүй дээ. "Ардын эрх"-ээс угшилтай манай сонинд цаг цагийн бичгийн мэргэд, утга зохио­лын үе, үеийнхэн бүтээн туурвиж, өсөн дэвжиж жигүүр юугаа ургуулсаар ирсэн дээ. Одоо мөн ялгаагүй.

"Бүгээн" номонд "Хавар ай", "Намар ай", "Бундан зүрх­ний дүмбэн", "Мэлмийн солонго" тэргүүт зохиолчийн сүүлд бичсэн эссэ, мөн "Уйтан Дорнын талст", "Давалгаа болорших дайд", "Үлэмж Өрнийн титэм", "Америкийн дааган холбоо", "Хөхрөгч цэн­хэр уулсынхаа бэлд", "Жаха­ранда цэцгийн гэгээ", "Гэгээн хэсүүлчин", "Наранзаяа", "Шар­гын тууль", "Өмнө цэцэр­лэгт" тэргүүт аян замын тэм­дэглэл, нийтлэлүүд нь багт­жээ. "Хүмүүн" хэмээх гүн утга бүхий ботид нэрт сэтгүүлч, нийтлэлч Шагдарсүрэнгийн Цэрэнпил агсны тухай, төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Д.Нацагдоржийн шагналт найрагч Дан.Нямаа, Ц.Хулан, нэрт орчуулагч Жамсрангийн Гэндэндарам, Жигжидсүрэн­гийн Нэргүй гээд олон сайхан хүний тухай бичсэн хөрөг нь багтжээ. Өмнө нь сонины хуудаснаас хэдэнтээ уншиж байсан ч ном болоод боти­лог­доод гараад ирэхээр бүр ч гоёхон болдог ажээ. Номынх нь хийц, шийдэл нь их л сонгодог санагдлаа. Сонгомол бүтээлүүдийг сон­годог л хэвлэх учиртай.

Б.Золбаяр зохиолч эх хэл­нийхээ яруу сайхан чанарыг бүтээл туурвилдаа хэрхэн шигтгэж, өнгө гэрэл, ая данг нь тааруулдгийг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Олон таван үггүй ганц нэг зохиолоос иш татъя л даа. Түүний "Намар ай" эссэ тэр чигээрээ л яруу тансаг аялгуу. "…Ар хэцийн цас мөстөж талс­таад сондоршино. Алтан шарыг тунаруулсаар уясуу өнгөөр уулс дүнсийнэ. Айл гэрүүд толгод дэнжид танан­тана. Ах дүү, зочин гийчин хэдийнэ одож, аглагийн чимээ алдрах аниргүй уйт­гарлаг ноёлно. Агь таанын анги сэнхэт салхин аяс аяс, хүүс хүүсхэн…". Уг эссэг уран зурагт буулгаваас мөн ч олон будаг шунх орох нь мэдээж.

Бүр нэг нарийн зураг харагдаад байгаа. Эндээс л зохиолчийн хэлний яруу тан­саг аялгуу, ая дан мэдрэг­дэнэм буюу. Тэрээр орчуулагч Ж.Нэргүйн тухай …Монгол хэлний хүүдий. Сайхан мон­гол үг, монгол чөмөгтэй утгыг түүний бичлэгээс хардаг. Утга төгс илэрхийлэх чадвар нэн өндөр. Зүйрлэж хэлбэл, товруу юуг нь гялалзуулаад, бөгж гархийг сондорлуулсан мөнгөн хазаар аятай урлана. Амьд халуун, сэтгэлд дотно ойр бичнэ. Дүйцүүлж хэлбэл, унаганы уруул тэмтэрч, ишиг майлахыг сонсох мэт болно. Бас хүүхэд бүүвэйлэх мэт энхрий аялгуутай…" гэж бич­сэн. Энэхүү тодорхойлолт өөрт нь ч бүрэн дүүрэн хамаа­рах билээ.

Олны тэр бүр анзаараад баймгүй жижигхээн зүйлийг ч мань хүн хэдийнэ анзаарч, олны сэтгэлд нийцтэл бичнэ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй бичнэ. Тухайлбал, Равдангийн Даваа­далай начинг Путиныг "дарагч" гээд гэнэ сэрэггүй хэлсэн дээ. Бэсрэгхээн хэрнээ хэний ч сонирхлыг татахуйц тэрхүү бичвэр мөн л "Өдрийн сонин"-д нийтлэгдэж байсан.

Б.Золбаяр нийтлэлчийн аян замын тэмдэглэлүүд нэр­нээсээ авахуулаад л анхаа­рал татдаг. "Уйтан Дорнын талст", "Давалгаа болорших дайд", "Үлэмж Өрнийн титэм" гээд л. Дээрх үгс тухайн зохиолчийнх гэж бүр баттай итгэхэд хүргэдэг. Ухаандаа, хэн нэгэн уйтан дорно гэж бичих юм уу эс бөгөөс зүгээр дайд гэдэг үгийг сонгоход л Золбаяр зохиолчийн нийтлэл ч юм шиг харагдахаар байдаг. Ингэж л тэр монгол үгнийхээ яруу тансаг ая данг өөрийн болгож чадсан юм аа. Манай­хан тэр бүр очоод байдаггүй улс орнуудаар мань хүн явсан. Дараа нь аяны богцоо задалж өнөө л цуврал сайхан тэмдэглэлүүдээ олонд хүргэ­сэн. Тухайлбал, Этиопийн тухай "Жахаранда цэцгийн гэгээ", Панамын тухай "Амери­­кийн дааган холбоо" гэж бичсэнийг манайхан мэднэ. Энэ мэт түүний шинэ­хэн хоёр ботийн талаар бич­нэ гэвэл барахгүй ээ. "Бумбат хайрхан уулаа өвлийн тун­галаг үдэш харж зогсоход хөхрөгчид одсон эцэг өвгө­дийн дүр санаанд тодрох ажгуу. Эцэг өвгөд минь уулан­даа шингэж, уул минь эцэг өвгөдийг шингээснийх болов уу даа…" гэж "Хөхрөгч цэнхэр уулсынхаа бэлд" тэмдэглэл нь эхэлдэг. Ёстой нэг гол гогдох шиг л эхэлдэг.

Ус нутаг, ижий аав, хүмүү­ний амьдрал, орчлон хорвоо ертөнцийн мөн чанарын ту­хай дуулсан, оюун санаандаа ургуулж, эх хэлнийхээ охь үгсээр шигтгэж аархан бичсэн түүний нийтлэлүүд хүмүүний амьдралд улмаа дурлаж, гэрэл гэгээ рүү тэмүүлэхэд хүргэдэг билээ. Хэн нэгэн авьяас билэгтний тухай энгийн сайхнаар хөрөглөн дуулсан нь ч цаанаа л нэг уншууртай. Тухайн хүнээ нэвт шувт илэрхийлж, дотоод ахуйг дэлгэх нь гайхмаар. Ингээд эрхэм уншигч олон­доо Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Баастын Золбаярын шинэхэн бүтээ­лийн чуулганыг шимтэн уншиж сэтгэлийн таашаал эдлэн, ухаан бодлоо яруусан цэнгэг­шүүлэхийг хүсье.

Н.ГАНТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж