Үүний хажуугаар Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, хоршоо, иргэдийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд 370-380 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэсэн гэсэн таатай мэдээлэл ч байна. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хэрээр импортын бүтээгдэхүүний хэмжээ багасаж, экспорт нэмэгдсэн аж. Өмнө нь ноолууран бүтээгдэхүүн экспортлохоос хэтэрдэггүй байсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сүүлийн жилүүдэд нэхий дээл, арьс, ширэн эдлэлийг хил давуулан борлуулдаг болсон. Борц, цайны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Өвөр монгол руу, ширэн гутал, арьсан эдлэлийг Буриад руу экспортлох хандлага ч ажиглагддаг болжээ. Мөн модон эдлэлийн бэлдэц, буудай, ногоо, төмсийг боломжийн хэрээр экспортолж байгаа үйлдвэрлэгчид ч байгаа аж. Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрийн газраас үүнээс илүүтэйгээр гадаадаас импортолж буй бараа, бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлогыг түлхүү баримталж байгаа ажээ. Нэг ёсондоо хөнгөлөлттэй зээл олгохдоо үүнийг түлхүү баримтална гэсэн үг.
Хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш энэ талаар тодорхой үр дүн гарч эхэлсэн байна. Тухайлбал, манай улс жилдаа 30 сая ам.долларын ургамлын тос экспортолдог байж. Харин дотооддоо ургамлын тос савладаг үйлдвэр байгуулснаас хойш энэ тоо бага ч болов буурчээ. Ургамлын тос савлах үйлдвэр сард 200 мянган сав бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээл дээр борлуулж эхэлжээ. Өөр жишээ ч бий. Манай улс 2008 онд жилд 21 сая өндөг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр дотооддоо 78 сая өндөг үйлдвэрлэдэг болсон ажээ. Энэ нь дотоодын өндөгний хэрэгцээний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг болсныг харуулж буй. Хоёр жилийн дараагаас дотоодын хэрэгцээний өндгийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэж эхлэх ажээ. Сав, баглаа, боодол, савласан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Мөн төмөр эдлэлийг 100 хувь гадаадаас импортолдог байсан бол турба, жижиг дөрвөлжин төмрийн үйлдвэрүүд баригдаж байгаа юм байна. Барилгын салбарынхны хувьд арматурын төмрөөс бусдыг импортолдог. Цементийн 30 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэдаг билээ. Гэхдээ замаск, хавтан, дээврийн материалыг дотооддоо үйлдвэрлэх боломж бий ажээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор “Экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдолд өндөр түвшний технологи суурилуулах, нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж гадаадын зах зээл дээр өрсөлдөж чадна. Гэхдээ Монголын уламжлалт түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүнийг гаргахад болохгүй гэх зүйлгүй. Манай арьс ширний үйлдвэрүүд импортын түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Миний хувьд Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт “Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс тусад нь дэмжээд өгөөч. Тэгвэл цүнх, гутал зэрэг арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш сайн хөгжинө” гэж уламжилсан. Арьсаа дотооддоо боловсруулдаггүй энэ хэвээрээ байгаад байвал түүхий эд гадагшаа их гарна. Улмаар буцаад боловсруулсан арьсыг өндөр үнээр импортолдог. Хэрвээ арьс, ширийг өндөр түвшинд боловсруулдаг болчихвол гадаадаас 500-600 ам.доллараар авдаг цүнхийг Монголоосоо 200-250 мянган төгрөгөөр авах боломжтой болно. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд түлхүү анхаарна. Ундаа, савласан бүтээгдэхүүн, салат хийдэг үйлдвэрүүд олноороо бий болсон” гэж ярилаа. Тэрбээр намар хураагаад нэг их удалгүй хөлдчих гээд байдаг лууван, өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоор савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангах боломж бий гэдгийг ч онцоллоо.
Ийнхүү идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой болох тал дээр бусдаас хараат бус болох боломж бий ажээ. Засгийн газар, холбогдох газрууд ч жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогоо үүнтэй холбон тайлбарлаж байна. Харин дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлд өндөр технологи суурилуулж, экспортыг түлхүү дэмжинэ. Импортыг дэмжсэн бодлого явуулсны дараа экспортыг дэмжсэн бодлого явуулах нөхцөл аяндаа бүрдэж эхэлнэ гэж тооцоолжээ.
Дашрамд дурьдахад, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс 260 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн гадаадын төсөл хөтөлбөрөөс нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожоо. Нийт 6000 мянга орчим аж ахуйн нэгж, иргэнд дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн 2800 орчим аж ахуйн нэгж, иргэнд 20 тэрбум төгрөгийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд 30 орчим мянган ажлын байр шинээр бий болсон аж. Ажлын байр нэмэгдэхийн хажуугаар импортыг орлосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа нь хөнгөлөлттэй зээл олгосны хамгийн гол үр дүн юм. Үйлдвэрлэл цаашдаа ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэн, айл өрхүүдийн тоо нэмэгдэж байгаа нь мөнгөөр хэмжигдэхгүй амжилт билээ.