”МАН-ынхан улстөржсөн томилгоогоо зогсоох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

”МАН-ынхан улстөржсөн томилгоогоо зогсоох хэрэгтэй”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр бүлгийн уржигдрын хуралдаанаар иргэний цахим үнэмлэх олгох болон хурууны хээ таних төхөөрөмж худалдан авах ажлын явцтай танилцсанаа мэдээлэв. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Иргэний ухаалаг үнэмлэхтэй болгох ажлыг 2008 оноос эхлэн ярьсан. Харин 2009 онд УИХ-ын тогтоол гарч 2011 оны Төсвийн тодотголоор хөрөнгийг нь шийдсэн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэний цахим үнэмлэхээр санал өгөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл сонгууль болоход дөрөвхөн сарын хугацаа үлдчихээд байхад цахим  үнэмлэх олгох ажил эхлээгүй байна. Тиймээс манай намын бүлэг ажлын явц ямар байгаа талаар танилцсан” гэлээ. Бүлгийн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа нар байсан бөгөөд “Цахим үнэмлэх олгох ажлын хуваарь хугацааны хувьд хоцорч байгаа ч сонгуулиас өмнө амжуулна” хэмээжээ. Цахим үнэмлэх хэвлэх машин бэлэн болсон. Гэвч бэлдэцээ татах ажил нь дутуу байгаа аж. Хэдийгээр иргэний шинэчилсэн бүртгэлийг хийсэн хэдий ч нийслэлийн тодорхой тооны хүмүүсийн  бүртгэл одоо болтол хийгдээгүй байгаа гэнэ. Чухам хэчнээн хүний мэдээлэл байхгүй байгаа нь тодорхой болоогүй гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Засгийн газрын зүгээс “Цахим үнэмлэх олгох ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлж зургадугаар сарын эхний 10 хоногт хэвлэгдэнэ. Тэгээд иргэдэд тараах ажлыг хийнэ” гэж буй. Мөн бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Ямар нэгэн байдлаар иргэний цахим үнэмлэх иргэдийн гар дээр очихгүй байж болохгүй. Иймээс Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Түүнчлэн Иргэний бүртгэлийн дэд хороо ажлаа хийж, холбогдох байгууллагатай уялдаатай ажил гэсэн шаардлагыг дэд хорооны дарга З.Энхболд гишүүнд тавьсан. Харин УИХ-ын зүгээс шаардлагатай зүйл байвал хийхэд бэлэн байна” гэв. Үүнээс гадна үнэмлэх олгох ажил төрийн ажил ч нөгөө талаас үүнд иргэдийн оролцоо шаардлагатай. Тэгэхээр иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй юм. Хурууны хээ таних машины тухайд Сонгуулийн ерөнхий хороо тоног төхөөрөөмж худалдаж авахаар тодорхой компаниудтай гэрээ хийсэн. Ингээд дөрөвдүгээр сард багтаан тоног төхөөрөмжөө авахаар болжээ. Ирэх сонгуульд иргэд санал өгөхдөө цахим үнэмлэхээ уншуулж, хурууны хээгээ таниулан сонгуульснаар саналаа өгөх аж.

“УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар Ардын намаас УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн. Гэтэл түүний үүрэг гүйцэтгэгчээр тус газрын дэд даргыг томилох байтал Ардын намын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилсон. Энэхүү улстөржсөн томилгоог эртхэн зогсоо” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлжээ. Мөн “Сонгууль будилаантуулах хамгийн гол шалтгаан нь иргэний бүртгэл байдаг. Тийм байтал ийм хариуцлагатай албанд улс төрийн намын албан тушаалтныг томилох нь буруу. Үүний оронд төрийн мэргэшсэн албан хаагч байх ёстой. Тийм учраас томилгооны алдаагаа засаарай” хэмээн сануулсан байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж