Тиймээс Монголын эдийн засгийн форум дээр хэлэлцэх энэхүү сэдэв олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Уг сэдвээрх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагт Хууль зүйн үндэсний төвд эхэлнэ. Орлогын менежментийн сэдвээр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн шинжээч Н. Дорждарь илтгэл тавих бол Эдийн засгийн төрөлжилтийн талаар Үндэсний шинэтгэлийн хороо, Монгол брэндийн тухай Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид тус тус илтгэл тавина. Мөн, Тогтворжуулалтын сан тойрсон сэдвээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б. Батжаргалын яриа олон нийтийн сонирхлыг татах нь дамжиггүй. Ирээдүйн хуримтлал буюу нийгмийн халамжийн төрөл бүрийн сангийн менежментийн тухай УИХ-ын Даргын зөвлөх Д. Даваасамбуугийн байр суурь ч оролцогчдод мөн сонирхолтой байх биз ээ.
Орлогоо удирдъя
Монголын эдийн засгийн форумын эхний өдрийн хуралдаанаар хэлэлцэх нэг сэдэв нь “ Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт”. Эдийн засагт орлого орж ирэх боломж нь нээгдсэн боловч орлогынхоо менежментийг хийх эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хуримтлалыг зарцуулах эрхийг улстөрчдөд өгсөн хэвээр байгаа нөхцөлд баялгийн ерөөл монголчуудад хүрэх ирээдүй бүрхэг юм.