Эдийн засгийг дархлаажуулах эрх зүйн вакцин

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг дархлаажуулах эрх зүйн вакцин

Ардчилсан намаас зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Эдийн засгийн хувьсгал” цуврал хэлэлцүүлэгт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяагийн тавьсан илтгэлийг хүргэж байна.

Ta бүхний энэ өдрийн амгаланг айлтгая

Хүнийг хөгжлийн төвөө гэж үзвэл хөгжлийг дэмжигч хүчин зүйлүүд эргээд хүн рүүгээ чиглэгдэх учиртай.

Дэлхийн хөгжингүй олон орон Хөгжлийн бодлогынхоо төвд хүнээ тавьж, хүнээ дэмжсэн төрийн цогц бодлого, институцууд ажиллаж чаддаг учраас хүн ард нь боловсролтой, соёлтой, ахуй амьдрал нь чанарлаг, улс болсон байна.

Харин Монгол улсын хувьд Монгол хүн хөгжлийн бодлогын төв болж чадаж байгаа юу?
    

Нүүдэлчин монголчууд эдийн засгийн эрх чөлөөтэй байсан. Гэвч социалист өмч хөрөнгийг бий болгохын төлөө ажиллаж энэ эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байсан.
1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаар  эдийн засгийн эрхээ дахин олж авсан.

Эдийн засгийн эрх гэдэг нь:

  • Өмчтэй байх / хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө ож авах, өмчлөх, эзэмшиж хөдөлмөрлөх
  • орлого олох
  • бизнес эрхлэх
  • газрын хэвлий дэх баялгаас тэгш хүртэх эрхүүд юм

Монгол хүн бүр эдгээр эрхийг тэгш эдэлж чадаж байна уу?

Ард түмний дийлэнхи нь  ЧАДАХГҮЙ байна гэж хариулж байна.

Улс орон хөгжиж байгаа ч хүн амын 40% нь ядуу амьдралтай, 100 хүн тутмын 40 нь эдийн засгийн хувьд хараат байна.

Монголд баян  хоосны ялгаа 36%-тай байгааг  ЭЗХАХ байгууллага гаргасан байна. Брендийн нэг цүнх ядуу хүний хашаа байшингаас үнэтэй байгаа.

Ялгаа яагаад ийм их болов?

Төрийн өмчийн хувьчилж, иргэдэд орон сууцыг нь, малчдад малыг нь хувьчилж өгсөн ч томоохон аж ахуй нэгжүүдийн хувьчлал, газар эзэмшүүлэх, лицензи олголтын үед гарсан хууль зөрчсөн алдаатай үйл ажиллагаа хүн бүрт тэгш боломжийг олгоогүйгээс эхлэлтэй.

Мэдээлэлд ойрхон байсан зарим хэсэгт нь эдгээр өмчүүд илүү оногдсон учраас жирийн иргэд бага хүртсэн. Ийм хүмүүсийн эзэмшилд  байрлал сайтай, эдийн засгийн эргэлт сайтай газруудын ихэнхи нь очсон. Үр дүнд нь өнөөдөр Улаанбаатарт хүүхдийн тоглоомын газар тоо нь цөөрсөн, цэцэрлэг сад байхгүй болсоныг та бид харж байгаа.

  • Засаглал доройтсон

Бичигдсэн хуулиа буруу ойлгож хэрэглэдэггийн жишээ бол Үндсэн хуулинд оруулсан долоон заалт. Засаглалын доройтол үүнтэй холбоотой. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, УИХ, Засгийн газрыг өөр өөрийн байр суурин дээр ажиллах эрх зүйн чадамжгүй болгосон. Ялсан улс төрийн хүчин Үндсэн хуулийн энэ заалтыг “ашигтай тал” руугаа ойлгож хэрэглэдэг. Үр дүнд нь засаглалын зарчмыг алдагдуулж байгаа юм. Үүнийг одоо зөвхөн сонгуулийн л үр дүнгээр засч чадна.

  • Төрийн албыг улс төрийн бохир томилгооноос салгах хэрэгтэй.

Хуулиа хэрэгжүүлдэггүйн жишээг бас эндээс харж болно. Уг нь манай Төрийн албаны тухай хуулиар мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг Төрийн албанд  сонгон шалгаруулалтаар оруулах заалттай. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлдэг бол өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа  160 мянган хүн чадварлаг хүмүүс л байх ёстой. Ажилтан нь даргаасаа, дарга нь дээд даргаасаа асуухгүйгээр асуудал шийдэж, бие дааж ажилладаг хүн ховорхон болсон.

Нөгөө нэг зүйл нь Сонгон шалгаруулалт, шалгалт авдаг арга, техникийг шинэчлэх шаардлагатай. Энэ шалгалтаар хүний ёс зүйн байдлыг тодорхойлох боломжгүй.Төрийн байгууллагын эрх ашгийг  иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж, хараат бус байхгахын тулд төрийн албан хаагчиддаа хангалттай цалин хөлс өгч, үр дүнтэй ажиллулах нь чухал. Мөн  сэтгэлгээ, хандлагыг нь өөрчилж чадвал төрийн алба цэвэршинэ .

  • Эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, албан ажилдаа хариуцлагагүй хайнга хандах эдийн засгийн гэмт хэрэг зөрчилд холбогдох үзэгдэл их байна. Хэн ч улс төрийн хариуцлага хүлээхгүй байна.


Бодлогын тухайд

Сайхан бодлого баталдаг. Гэсэн ч хэрэгжихдээ зорилго нь өөр болж хувирдаг жишээ олон байгаа.

Төсөв хуваарилахдаа  хөрөнгө оруулалтын төслийг ач холбогдлын эрэмбээр нь санхүүжүүлдэг болно, алдагдалтай төсөв батлахаа болино гэж  Төсвийн хуулиндаа суулгасан ч алдагдалтай төсвөө баталж л байн0а.

Мөн зарим чухал бодлого дутагдаж байгаа жишээг дурдъя. Уул уурхайгаас орж байгаа орлогыг Монгол руу оруулах, байлгаа үнэгүйдлээс хамгаалах хуулийн хамгаалалт хийх хэрэгтэй байна.

Монголд уул уурхайн салбарт орд эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө оруулагчдийн ихэнхи нь Монголд бүртгэлгүй оффшор компаниуд байгаа.  Манай хэдэн ордны лицензийн ард  ямар хүмүүс байгаа бүртгэл байхгүй, АМГ бүртгэлийг одоо л шинэчилж авдаг болж байна. Бүртгэл, мэдээллийг ил тод, хяналттай болгож журамлах хэрэгтэй.

Хувьцаанууд  гадаадын хөрөнгийн биржүүд дээр зарагдах, шилжүүлэх үед  уг гэрээ хэлцлийн орлого монгол руу ирдэг хуулийн шаардлага алга. Үүний тулд  хөрөнгийн орлогод татвар ногдуулах, эсхүл монголд тогтвортой байх хөрөнгө оруулалты хэмжээг тогтоох зэргээр   хамгийн гол нь  мөнгөний урсгалууд дотогшоо орж ирдэг хуулийн орчинг бүрдүүлъе.

Байгалийн баялгаас хуримтлал үүсгэж, ирээдүйн эрсдлээс сэргийлэх, хуримтлалаа иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих үр дүнтэй төсөлд зориулах зөв бодлогыг хэрэгжүүлэх гэж МУ-ыг хөгжүүлэх сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиудийг 2009  онд баталсан. Хэрэгжүүлэх шатандаа Засгийн газраас гаргасан шийдвэрүүд, /тухайлбал ЗГ-ын 84 дүгээр тогтоол/ амлалт биелүүлэх ажил болж хувирсан.

Энэ сангаас иргэдэд олгож байгаа мөнгө иргэдийн амьдралыг бүрэн сайжруулж чадахгүй, бүх иргэдэд хэрэгтэй хуваарилалт биш гэдгийг хүн бүр хэлж байгаа.

Энэ мэт бодит хууль хэрэгжүүлэх шатанд гардаг нугалаа, хийдлийг арилгая.

Бизнесийн орчинд

Татвар: Хувийн секторын хөгжилд дарамж болж байгаа нэг зүйл бол НӨАТ.

НӨАТ-ын хууль 2006 онд батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Орлого 10 сая төгрөгт хүрэхэд 10%-ийн татвар төлдөг. 2006 оны 10 сая төгрөгийн ханш өнөөдрийн 10 сая төгрөгөөс чанга байсан. Импортын үед борлуулаагүй байхад нь шууд тооцдож хил дээр авдаг. Ингэхдээ үнийг тогтоодог аргачлал иргэд, аж ахуйн нэгжид ашигггүй байгаа. Татварын нийт орлогыг хурааж, төвлөрүүлэхэд хэрэгтэй ч иргэдийг чирэгдүүлдэг.

Аж ахуйн нэгжийн орлогын 10%, дээрээс нь  бараа бүтээгдэхүүнийг импортолж байгаа бол гаалийн 5%, тэгээд  НӨАТ-ын 10%-ийг төлнө гэхэд бизнес нь тогтоогүй аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэхээр хүнд дарамт болж байна.

Орлогоо нуудаг. Зөрчил болж акт тавигддаг.Үүний жишээ: Захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байгаа нийт хэрэг маргааны 11  %-ийг татварын маргаан эзэлж байна.

Ийм болохоор энэ татвараас чөлөөлөгдөх гэж оролддог. 22 бараа ажил үйлчилгээ чөлөөлөгдсөн байна. Хуульбатлагдсан бол бүгдэд тэнг үйлчлэх зарчим алдагддаг энэ үүнээс харагдаж байгаа. Энэ татварыг жигдхэн, гэхдээ дарамт болохооргүй хэмжээнд батлах,  энэ татварыг эсхүл жижиг компаниудыг томорч хөлөө олтол нь авдаггүй байх, эсхүл босгыг нь өндөр болгож,  дарамт болохгүй хэмжээнт буулгаж хуулийг өөрчилье.

Гааль: Гааль дээр НАӨТ-ыг хурааж авдаг нь гаалийнханд ачаалал нэмж, дарамт болгодог. Ачаа тээвэр бөглөрөх үед үнэ огцом өсөх байдал ч гардаг. Худалдааны чөлөөт бүсүүдийн тухай хуулиуд гарсан, үр дүн нь гарсан юм алга.

Ийм хэрэгжиж үр дүнд хүрдэггүй олон хууль байна.  

 Авилга: Монгол улс авилгын эсрэг НҮБ-ийн конвенцийг 2005 онд соёрхон баталсан. Авилгын эсрэг хуулийг 2006 онд баталж, 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Авилгатай тэмцэх газар 778 хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж 69 холбогдогчтой, 42 хэргийг шүүхэд шилжүүлж, 32 хэргийн 56 шүүгдэгчийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Гэвч буурахгүй байгааг Авилгын индекс харуулж байна.

НҮБ-ын конвенцийн дагуу хууль бусаар баяжиж байгааг авлигын хэрэг гэж үзэх ёстой гэнэ. Манайд орлогоо тодорхойлж чадахгүй, гэхдээ гэнэт баяждаг нь хэвийн болсон. Эрүүгийн хуулинд “хууль бусаар баяжих” гэдэг зүйлийг нэмж оруулахад илүүдэхгүй.  Мөн гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүнийг хамгаалж чаддаг бол олон авилга илэрдэг болохд тус болно.

Тендер: Хэрэгждэггүй шалтгаан нь анхнаасаа төслийн техник эдийн засгийн үндэслэл муу байдгаас шалтгаалдаг. Нөгөө талаас санхүүжилтыг бүрэн гүйцэд хийгддэггүй учраас тендерт шалгарсан компаниуд ажлаа зогсооход хүрдэг. Хэний ямар тендер хэрэгжихээр болсон процедур их тодорхойгүй байдгаас дандаа хардлага төрүүлдэг

Тендерийг будлиангүй, үр дүнтэй болгоход:

 

  • Тухайн орон нутагт Зам хэрэгтэй юу? Эмнэлэг хэрэгтэй юу? Сургууль уу, цэцэрлэг үү? Станц хэрэгтэй юу? яг ямар бүтээн байгуулалт хэрэгтэйг хүмүүсээсээ асууж тодорхойлдог болъё. Шалгаруулалтад төлөөллийг нь оруулъя. Энэ нөхцлүүдийг  Тендэрийн хууль, журмууддаа оруулъя.
  • Ямар шаардлагатай барилга байгууламж байх уу гэдгээ иргэд өөрөө тодорхойлдог байх хэрэгтэй байна. (50 ортой эмнэлэг үү? Халаалттай юу, халаалтгүй юу, хэдэн цонхтой, хаалга нь ямар байх)

Тэгвэл тендэр тойрсон маргаан, хардлага багасна.  

Зээлийн хүртээмж, зээлийн хүү өндөр: Аж ахуйн нэгж, иргэдэд хэрэгцээтэй хөрөнгийн эх үүсвэрийг зөвхөн Банкны салбараас бус хөрөнгийн зах зээлээс босгодог нөхцөл удахгүй бүрэлдэх байх. Банкны салбар томорч, томоохон зээлүүдийг олгодог болж байгаа.

Банкны салбарыг эрх зүйн орчины хувьд их сайжруулсан. Жишээлбэл:

  • Зээлийг эрсдлээс хамгаалах санг нь татвараас чөлөөлдөг хууль гаргасан.
  • Муудсан зээлүүдийг нь төлүүлэхийн тулд барьцаа хөрөнгүүдийг нь шүүхээс өмнө худалдан борлуулдаг журмын тухай хууль баталж өгсөн.
  • Хадгаламжуудыг нь төр даатгасан, баталгаа гаргасан.
  • Үл хөдлөх эд хөрөнгөөр баталгаажсан зээлүүдийг нь худалдаж, эх үүсвэрийг нь чөлөөлж өгдөг Ипотщкийн хуулийдыг баталсан.

Эдгээр бодлогын үр дүн гарсан.

Гэвч хүү өндөр байгаа. Ялангуяа урт хугацаанд хэрэгжих төсөл хэрэгжүүлэхэд.

Сангийн яамны төсөв хуваарилалтын бодлогын сөрөг нөлөөг арилгах гэж  Төв банк бодлогын хүүгээ  нэмдэг нь зээлийн хүүг бууруулахад саад болж байгаа.

Нэг хууль нөгөө хуультайгаа зөрчилддөгийн жишээг үүнээс харж болно. Ийм учраас Төв банк хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй “чөтгөрийн гурвалжингаас” гарч чадахгүй байгаа. Импортын бараанд инфляци тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг ч Төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлэх аргаа олох л хэрэгтэй.

Иргэд зөвхөн банк руу биш, хөрөнгө оруулалт хийж болох өөр олон боломж бүрдүүлж, тухайлбал Хөрөнгө оруулалтын сангийн хууль гаргаж, хөрөнгө оруулалтын сангууд ажиллах орчин бий болгох хэрэгтэй.

Монголууд мөнгөө бэлнээр нь гартаа барих дуртай ч мөнгөө бас өсгөх ухаан байгаа. Эдгээр сангууд найдвартай, ашигтай бол хүмүүс гэртээ мөнгөө хадгалаад байхгүй болно.

Хуулиуд үүссэн харилцааг нөхөж зохицуулдаг биш, урьдчилж бүрдүүлдэг байвал эдийн засгийн хөгжлөө дэмжиж чадна. Цаг хугацааны үнэ цэнээс бүх зүйл хамаардаг гадаад ертөнцтэй бизнесийн харилцаанд орж ашиг хүртээд хурд, мэдрэмж төрийн байгууллагуудад хэрэгтэй.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг, жишээ нь хувьцааны талаар, хөрөнгийн биржийн ажиллагааны талаар, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаар сургаж, одооноос бэлтгэж байх хэрэгтэй байна. Чадварварлаг  болгоё.

Тусгай зөвшөөрөл: Хуулиар 89 тусгай зөвшөөрөл авах заалттай. Гэхдээ 300 гаруйг олгож байгаа. Дунджаар нэг зөвшөөрөл авахад 21-30 хоног, 8 баримт бичиг бүрдүүлж байгаа. Энэ тоог цөөрүүлж бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэмээр байна.

Дүгнэлт:
        Бодлогын алдаа гаргадаггүй
        Хэрэгтэй бодлогыг хэрэгтэй цагт нь  хэрэгжүүлдэг
        Сайн бодлогоо үр дүнд хүргэдэг
        Гаргасан хууль журмаа хэрэгжүүлдэг
        Хариуцлага хүлээдэг

орчин бий болгохын тулд эдийн засгийн салбарын эрх зүйн орчинд шинэтгэл хийе.

Шинэтгэлийг үг үсгийн давхардал гэхээс илүү утга агуулгын хувьд хийе. Эхний ээлжинд эдийн засгийн харилцааг зохицуулж байгаа гол хуулиудаа зүйл заалт, бүрээр харьцуулж, бодлогын зөрчилдөөн байгааг эсэхийг тогтооё. /180 орчим байгаа/ Хэрэгжилтүүд бодит байдалд ямар байгаад нэг бүрчлэн шинжилгээ хийж СААД болж буй зүйлүүдийг судлах хэрэгтэй байна.  

Саад болж буй эдгээр зүйлүүдийг арилгаж чадвал  эдийн засгийн хөгжлөө дэмжинэ. Үр дүнг Монгол иргэд Та бид хүртэнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж