Лаосын парламентын даргын айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Лаосын парламентын даргын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсад энэ сарын 25-наас албан ёсны айлчлал хийж, сар шинийн баярыг Төв аймгийн малчны хотонд тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзан албан яриа хэлэлцээ өрнүүлсэн БНАЛАУ-ын парламент болох Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Лаосын парламентын төлөөлөгчид Монголд байх хугацаандаа Бурхны шашинтай хүмүүсийн хувьд Гандантэгчинлэн хийдэд зочилж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдогоор орж Чингис хааны хөшөөт цогцолборыг үзэж танилцсан юм.

Бас ноолууран эдлэлээрээ алдартай “Говь” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн нэрийн дэлгүүрээр орон ар гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэг сэлтээ зэхсэнээс гадна өвөл, намрын шинэ загварын ноолууран хувцасны үзүүлбэрийг үзэж сонирхлоо.

Монголчуудад чин сэтгэлээсээ элэгтэй лаосчууд тэртээ 1970-аад онд зовж явах цагт нь монгол эмч нар нутагт нь ажиллаж, хонины аж ахуй байгуулж өгсөнд нь одоо ч талархаж явдаг. Тиймдээ ч УИХ-ын чуулганы танхимыг улаан сум модон тавилгаар тохижуулж өгсөн юм. Лаосчууд Монголын нутагт хонь, ямаа, адуу өсгөх хүсэлтээ илэрхийлсэн. Харин монголчууд Лаост цагаан будаа тариалж, эрт дээр үеэс ташуур хийж ирсэн хатуу улаан мод тарих тухайгаа сая ярьсан. Удахгүй лаосчууд Монголоос мах, сүүгээ зөөж, монголчуд Лаосаас цагаан будаагаа татаж, сум модон тавилга үйлдвэрлэх бололтой.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж