-Өнөөдөр “Эдийн засгийн хувьсгал” хэлэлцүүлэг дээр таны тавьсан илтгэлээс ярилцлагаа эхэлье. Иргэдэд өмчлүүлсэн газрын үнийг төрөөс тогтоох, 0,07 га газрыг 70 сая төгрөгөөр үнэлэх ёстой талаар та санал дэвшүүлсэн. Үүний өмнө УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гэр хорооллын газрыг үнэлэмжтэй болгох, орон сууцжуулах талаар хөтөлбөр дэвшүүлээд ярьж байгаа. Ойролцоо утгатай саналууд байна. Энэ бодлогууд маань хөтөлбөр болж гарах хүртлээ хэр хугацаа шаардах бол?
-Миний хувьд нэг л зүйлийг “Монгол хүн-2020” ажлын хэсэг, Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс батлагдсан ерөнхий хороонд санал болгож байгаа. Газрын бодлогыг Ардчилсан нам бүрэн хэмжээний бодлого болгож, бүрэн хэмжээний судалгааг гаргах цаг нь болсон гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн гаргасан санал бол гэр хороололд амьдарч байгаа иргэдэд дэд бүтцийг хүргэж өгөх, үүгээр дамжуулж газрыг үнэлэмжтэй болгох тухай юм. Гэр хороололд хэдийгээр дэд бүтцийг нь хүргэх нь зүйтэй ч үүний дараа иргэд газар дээрээ барилга, орон сууц, үйлдвэр үйлчилгээ явуулья гэхэд хүссэн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй бол цаашаа явахгүй. Дээр нь одоо УИХ дээр бас нэг буруу бодлого явж байгаа. Иргэд зээл авах барьцаа хөрөнгөгүй бол төр баталгаа гаргах тухай. Энэ нь эргээд төр, барьцаа баталгаагүй иргэн, банк гурвын хооронд гурвалсан өрийн сүлжээ үүсгэх аюултай. Миний дэвшүүлж байгаа санаа бол газраас салсан бүх зүйл үнэ цэнэгүй болно, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө л үнэ цэнэтэй. Газар өөрөө бүх өмчлөлийн суурь, дэвсгэр нь байж яагаад үнэ цэнэгүй байгаа юм бэ гэдгийг л хөндөж байгаа юм.
-Одоогийн үнэлгээгээр өрхийн эзэмшлийн 0,07 га газар есөн сая орчим төгрөг байгаа байх. Таны санал болгосон 70 сая төгрөг ямар тооцоогоор гарч ирсэн бэ?
-Улаанбаатар хотод хотын төвийн, эсвэл Зайсан, нэгдүгээр хорооллын чиглэлд барилга барихын тулд нэг га газрыг сая ам.доллараас дээш үнээр худалдаж авч байгаа. Нэг сая ам.доллараар худалдаж авсан тэр газартаа байшин бариад газрынхаа үнийг орон сууцныхаа үнэд шингээгээд иргэдэд худалдаалж байгаа. Тэр өндөр үнэтэй орон сууцыг нь жирийн иргэд худалдаж авч чадахгүй хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Зах зээлийн үнэ гэхэд хэцүү. Зүгээр л хотын Засаг даргын гарын үсэг зурсан захирамжаар авсан газраа компаниуд хоорондоо чөлөөтэй худалдаалж, авч байна. Газар авч өгнө гэж хэлээд өчнөөнөөр нь мөнгө авсан, аваагүй гээд л асуудал үүсгэж байсан нь одоо болтол шүүхээр шийдэгдээгүй л байна шүү дээ. Д.Дондог гишүүнтэй холбоотой. Бодит байдал ийм л байна. Иргэдийн нэр дээр, иргэдийн өмчид байгаа газрыг үнэ цэнэтэй болгож өгөхгүй байж яагаад эрх мэдэлтнүүдийн гарын үсгээр компани, аж ахуй нэгж, албан тушаалтнуудад өгч байгаа газар үнэ цэнэтэй байгаа юм бэ. Тэр бүү хэл, газрын дайн гэхээр юм өчнөөн болсон шүү дээ. Орцных нь үүдэн дээр чулуу тавьж байгаад харуул хамгаалалтын албаны хүмүүс, бөхчүүдээр хамгаалуулаад л хашаа хатгадаг, нүх ухдаг, барилга барьдаг. Тэгэхээр газар өөрөө цэнэтэй нь харагдаад байна юм. Үүнийг ил болгож, бодит үнэлгээнд нь оруулахгүйгээр эрх мэдэлтнүүдийн мөнгө олох арга, авлигын үүд хаалга болгоод орхиж болохгүй.
Жишээ нь, Японд 10, 20, 30 давхар байшинг 20-30 жилийн дараа нураагаад суурин дээр нь шинээр байшин барьдаг. Доор нь байгаа газар дээр нь байгаа барилгаас илүү үнэ цэнэтэй учраас тэр. Тэр байшинг нураагаад доорх газрынхаа эрхээр баталгаажуулаад дахиад байшин барьж болж байна. Үүнийг Монголд ч гэсэн хэрэгжүүлэх цаг нь болсон байна. Бодит зах зээл дээр иргэд хооронд газар ямар үнэтэй байгааг бодоод үзье л дээ. Гандангийн дэнж, Хайлаастад ч гэдэг юм уу банзаар барьсан хоосон хашаа, дотор нь таван сая төгрөгөөр барьсан байшин байлаа гэж бодоход ямар үнэтэй зарж байгаа билээ. Гандангийн дэнжийн нэг айлын хашаа гэхэд багадаа 100 сая, ихдээ гэвэл 200 сая, үүнээс ихээр үнэлэгдэж байх жишээтэй. Үүнийг метр квадратад шилжүүлээд үзэхээр 100 мянгаас давж байгаа биз дээ. Тиймээс 0,07 га газрыг 70 саяар үнэлье гэж байгаа юм
-Орон нутагт яг энэ хэмжээгээр үнэлж болох уу?
-Монголчуудын 40 хувь нь ядуу амьдарч байна. Энэ хүмүүсийг өнөөдөр үмх талх, ганц удаагийн хоолны үнээр хуурч байна. Тухайлбал, иргэн бүрийн 21 мянга. Зүгээр л амь тариа хийгээд, арай ч үхүүлэхгүй, сэхээчихгүй шиг хуураад яваад байгаа юм. Ийм зүйлийг бид өнөөдөр өөрчлөх хэрэгтэй. Моргейжийн зээл, орон сууцжуулах тухай яриад байгаа ч энэ бүхний гол суурь маань газар юм. Газар байхгүй бол аль нь ч байхгүй л гэсэн санаа. Яг орон нутаг дээр тулах юм бол үнийг ялгавартай тогтоож болно шүү дээ. Улаанбаатарын нэг иргэн хотын газраа орон нутагт газраар солиад зөрүү үнээр нь хэр таарсан аж ахуй эрхлээд амьдарч яагаад болохгүй гэж.
-Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ч бас газрын үнийг өсгөж, банкинд барьцаа болох нөхцөлийг бүрдүүлье гэсэн үг үү?
-Ерөөсөө газрын доод үнийг төрөөс баталгаажуулаад өгөх хэрэгтэй. Иргэн Батбаатарын нэр дээр байгаа газрыг төрөөс баталгаажуулаад өгчихөөр газраа барьцаалаад зээл аваад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх ч юм уу, хувийн орон сууц барих ч гэдэг юм уу сонголтоо өөрөө хийгээд, газар нь банкны барьцаа болно. Банкинд очсон газар өөрөө төрийн баталгаатай учраас банк өөрөө Засгийн газрын бондыг, иргэдийн өндөр хүүтэй хадгаламжийг авдаг, Монголбанкны үнэт цаасыг авдаг шаардлага нь багасаад эдийн засаг дээр боогдоод байгаа мөнгөний урсгалыг задалж, нээж өгөх боломжтой юм, эдийн засаг агуулгаараа.
Италид тансаг хэрэглээний нэг га газар 22 сая 900 мянган доллар байдаг. АНУ, ОХУ-д 900 мянган ам.доллар, 70 мянган ам.доллар ч байна. Ямар ч дэд бүтэц хөгжөөгүй газар нь гэхэд л 70, 80 мянган доллараас буухгүй байгаа юм. Метр квадратаар нь үнэлээд үзэхэд Монголд 100 мянган төгрөгийн үнэтэй газар бол хэвийн л үнэ. Улаанбаатар хотод байгаа ажлын байрны талбай нэг метр квадратыг 20 доллар, зарим нь 40-50 доллар байдаг. Гурван давхар байшинг түрээслүүллээ гэхэд нэг сарынхаа орлогоор метр квадратынхаа үнийг олчихож байгаа юм.
-Манай газрын тухай хуульд үнэлгээтэй холбоотой ямар заалтууд байдаг юм бэ. Иргэнд өмчлүүлсэн газар дээр…?
-Хуулиндаа бол үнэлгээтэй холбоотой заалт байхгүй. Үүнийг Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, журмаар зохицуулж байгаа. Тухайлбал, 100 айлд татсан шугам сүлжээний ажлыг хийхийн тулд газрыг нь чөлөөлөхдөө хотын төсвөөс 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Шугам татсан газрын хэмжээг зарцуулсан зардалтай нь харьцуулаад үзэхэд ойролцоогоор метр квадрат нь 100 мянга хол давж байгаа юм. Өнөөдөр зам хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай тавихаар газар чөлөөлөхдөө иргэдэд 13 мянга 200 төгрөгний нөхөн олговор олгоно гэсэн нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол байдаг. Ийм байхад яаж газар эргэлтэнд орох юм бэ, иргэд нь өгөхгүй гэдэг. Жишээ дурьдахад, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд цэцэрлэг барихаар болоход нэг цэцэрлэг барихад гурван айлын газар орж байгаа юм. Нөгөө айлууд газрыг нь авья гэхэд метр квадратынх нь үнэ 100 мянга давчихаж байгаа юм. Тэгээд цэцэрлэгээ барьж чадаагүй тохиолдол байна.
-Газрын үнэлгээтэй болгосноор хот төлөвлөлтөд, барилгажилтад эерэгээр нөлөөлнө гэж ойлгож болох уу?
-Хэн ч гэсэн сайхан амьдрахыг хүсч байгаа. Хүн бүр цэвэр цэмцгэр, тухтай орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Гал тогоо, угаалгын өрөө тусдаа, тухтай байшин барихын тулд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Гэр хорооллыг дулаан, эрчим хүч, цэвэр бохир устай болгоё гэвч санхүүгийн эх үүсвэр дутна. Тэгэхээр газар нь өөрөө үнэтэй болчихоор тэр хүн газрынхаа үнийн тодорхой хувиар тохитой байр барих боломж бүрдэх юм. Одоо зах зээл дээр захиалга авч байгаа орон сууцны метр квадрат нь хамгийн багадаа нэг сая 500 мянган төгрөг байгаа. Таун хаус гэвэл хоёр, гурван мянган доллар болчихно. Тиймээс орон сууц нь үнэтэй болсон байхад иргэн хүн өөрийнхөө газрыг 70 саяар, метр квадратыг нь 100 мянга гэж тооцох нь бодит зах зээл дээр байгаа үнэ. Энэ бол миний эхний ээлжинд гаргаж ирж байгаа санал. Тэгэхээр иргэн өөрийнхөө газрыг барьцаалаад эх үүсвэр авч чадаж байгаа тохиолдолд метр квадратыг нь 1,5 саяар биш 400 мянган төгрөгөөр ч юм уу өөрийнхөө хүссэн орон сууцыг барих боломжтой болж байгаа юм. Дээрээс нь утаа, хөрсний бохирдол, орчны бохирдол алга болно. Далд эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн, татварын орчинд бүртгэгддэггүй орлого ил тод нээлттэй болоод ирэхээр бүх хүн хуулийн дор амьдрах боломжтой. Хуулийн дор амьдарч байгаа хүн шүүх, татвар, дарга даамлаас айх шаардлагагүй болно. Тэгэхээр айдас гэдэг зүйлээс ч гэсэн чөлөөлөгдөж байгаа гэдгээрээ бас нэг эрх чөлөө бий болж байгаа.
-Та өөрөө бизнес эрхэлж байсан хүн. Газар худалдаж авч байгаа бизнесүүдэд хэр зэрэг эергээр тусах бол. Одоо худалдаж авч байгаа үнээс нь буурах боломж бий юу?
-Бизнесмэнүүд дан ганц газар худалдаж авах биш, авлигын төлбөр, цаг хугацааны алданги, хүнд суртал гэх мэт энэ бүх алдагдсан боломжуудыг барилгынхаа үнэд шингээж худалдаалдаг. Талхан дээр ч, хувцас, шатахуун, байшин барилга дээр ч бүх зүйлийг борлуулахдаа энэ үнээ шингээж өгдөг. Тийм учраас үйлдвэрээс шууд хэрэглэгчид гэдэг нь газрын тухай асуудал дээр гарч ирж байгаа юм. Дарга даамлууд үүнийг бүгд мэддэг. Мэддэг мөртлөө яагаад газрыг үнэд хүргэхгүй байна вэ гэвэл газартай, өмчтэй болговол иргэд өөрийнхөө үзэл бодлоо хамгаалдаг, хэний ч өмнө нүүр бардам, нуруу цэх бардам алхдаг болно. Эрх чөлөөний суурь мэдрэмжтэй болно. Ийм хүмүүсээс айдаг учраас дарга даамлууд хойш нь татаад байгаа юм.
-Одоогоос дөрвөн жилийн өмнө та УИХ-ын гишүүн байсан. Тухайн үед та яагаад хийгээгүй гэж асуух хүн байгаа байх?
-Хийх боломж байсан. Гэхдээ тэр үед бид цөөнх байсан. Гэсэн хэдий ч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэдгийг ардчилсан хувьсгалын үр дүнд анх удаа суулгаж өгсөн. 2002 онд Газар өмчлөлийн тухай хууль батлагдан иргэн бус өрх газар өмчилдөг болсон. 10 ам бүлтэй гэр бүлийн нэг иргэн өрхийнхөө газраа барьцаанд тавиад алдчих юм бол тэр 10 хүний амьдрал тэр чигээрээ шороо хатгаж байгаа юм. Тийм учраас бид хөөцөлдөж байж 2008 оны тавдугаар сарын 22-нд газрыг иргэн бүрт өмчлүүлэхээр хуульд өөрчлөлт оруулсан. Түүний дараа 2008 оны сонгууль болоод цаашаа хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ нэгэн тугийн дор нэг санаагаар явж байгаа намын журмын нөхөд маань энэ намаас гарах мөрийн хөтөлбөрт газрын тухай бодлогыг цэгцэлж нэг мөр суулгах ёстой. Ардчилсан нам засгийн эрх барьсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь төрийн бодлого тодорхойлно. Төрийн бодлого болно гэдэг маань иргэдэд тусч, наалдана гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хамгийн баян орны иргэд яагаад ядуу амьдарч байна вэ” гэж асууж байсан даа. Иргэнд наалддаг эдийн засгийн өсөлтийг суурин дээр, газар дээр нь бий болгох ёстой юм.
-Иргэн бүрт газар өмчлүүлэх хууль 2008 онд гарсан, 2013 оноор дуусгавар болно. Гэтэл одоо болтол иргэд газраа өмчилж аваагүй байдаг..?
-2008 оны хуулинд 2013 он хүртэл Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ гэсэн байгаа. Статистик мэдээгээр өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн 10 хувь нь л газраа өмчилсөн байгаа юм. Орон нутагт 12 хувь, нийслэлд найман хувь орчим. Иргэд яагаад газар чухал гэдгийг мэдрэхгүй байна гэхээр үнэгүй байгаад гол шалтгаан нь байна.
-Энэ хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам олонхи байх хэрэгтэй. Таныг УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа. Хаанаас дэвших вэ?
-Ер нь бол бид хууль дүрмийн хүрээнд амьдрах ёстой. УИХ-ын сонгуулийн тухай батлагдсан байгаа. Тэгэхээр нэр дэвших, дэвшихгүйн тухай одоо ярихад эрт байна. Ер нь бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр намын зүгээс тогтоосон 50 сая төгрөгийн татварыг төлсөн 99 хүн нэг нь би.
-Мэдээж гэр хороолол ихтэй дүүргээс дэвших үү?
-Улаанбаатарын 70 хувь нь гэр хороолол шүү дээ. Тэгэхээр бүх дүүрэгт гэр хороолол байгаа. Ер нь бол газрын асуудал зөвхөн гэр хорооллынхонд хамаатай биш. Орон сууцанд байгаа иргэн ч гэсэн газар эзэмших хэрэгтэй. Бүр хөдөөний малчин иргэн ч гэсэн газар өмчлөх ёстой. Их олон хүмүүс ярьдаг юм. Хөдөөнөөс шилжин ирж байгаа хүмүүс хотын соёлыг гутааж байна, хотын иргэншлийг алга болгож байна, хотод шилжин ирэхэд нь мөнгө авдаг болъё гэх мэт янз бүрийн зүйл ярьж байгаа. Гэхдээ хүн хэзээ ч өмчөө хаяад явдаггүй шүү дээ. Суурьшмал хотуудын жишээ бол өмчөө дагаж амьдардаг. Газар тариалан эрхэлдэг хүмүүс тухайн газраа шүтэж, мал малладаг хүмүүс нь өвсний соргогийг дагаж нүүдэллэдэг. Иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Өнөөдөр хөдөө орон нутаг эзгүйрч байна, 200, 500 хүнтэй сум суурин байна гэлцдэг. Нийлүүлэх гээд болохгүй байгаа сумдуудыг нэгтгээд суурьшмал сумдуудын дунд нь нэг газар олголт хийх ч юм уу, асуудлыг шийдэх эдийн засгийн боломжууд олон бий. Ер нь бол газартай холбоотой ярих их олон боломжууд бий.
-Иргэдийн дунд энэ талаар судалгаа хийсэн үү. Хэр дэмжиж байна?
-2008 оны сонгуулийн сүүлийн таван хоногт би энэ талаар нэвтрүүлэг хийгээд сүүлийн таван өдөр л цацаж байсан. Тэр үед цаг хугацааны илүү боломж байгаагүй. Гэхдээ иргэдийн санаа бодолд нийцсэн, дэмжсэн. Энэ бол бэлэн мөнгө өгөх тухай ойлголт биш. Монгол Улс бүх иргэнээ зөв тоолж, хурууны хээг нь авсан, цахим үнэмлэхтэй болгох гэж байна. Тэгвэл одоо газраа өмчилж авах хэрэгтэй, тэр газар нь үнэ цэнэтэй байх ёстой. Өнөөдөр Монголын нийт хүн амын 40 хувь нь ядуу амьдарч байгаа. Дээр нь гадаадад ажиллаж байгаа 300-400 мянган иргэнээ оролцуулбал хүн амын 50 гаруй хувь нь ядуу болж хувирах болоод байна. Гадаад ажиллаж байгаа хүмүүсээ Монголдоо ирээд амьдраач ээ гээд байдаг, энд ирээд өөрийн гэсэн өмчгүй хүмүүс яаж амьдрах вэ. Хэрэв тэдэнд газар өмчлөөд өгчихвөл өөрийн гэсэн өмчтэй болоод хүний нутагт нэг, хоёр өрөө байрны мөнгө хийх гэж зовох шаардлагагүй болж байгаа юм.
-Одоо жаахан улс төрийн гэмээр сэдэв рүү орьё. Саяхан “Мөнх тэнгэр” фракиц байгуулсан. Яагаад гэнэт фракци байгуулахаар болчихов?
-Ер нь бол 1970 оныхон социализмын үеийг мэднэ. Энэ үеийнхнийг цэрэгт явж амжаагүй, сургуулиа дөнгөж төгсөөд байхад нь социализм нурж унаж, бүх зүйл шороон дээр унасан. Тэдэнд мэргэшсэн мэргэжил байгаагүй, гадаад дотоод явж илүү дутуу зүйлийг олж харсангүй. 1970-аад оны үеийнхнийг хараад байхад цөөнгүй нь архичин болсон, амьдрал нь тааруу байдал ажиглагддаг. Гэвч энэ үеийнхэн дотроос шороон дотроос босч ирсэн хүмүүс ч олон бий, тэдний зарим нь өнөөдөр улс төрд зүтгэж яваа. Энэ хүмүүс өөрсдийнхөө бодлогыг тодорхойлж, зангидах ёстой гэсэн үүднээс фракци байгуулсан. Дундаасаа ярьж байж шийдлээ гаргая гэж бодсон бидний үеийн залуус нэгдсэн юм.
-“Мөнх тэнгэр” нэрний хувьд?
-Мөнх тэнгэрийн дор бүх зүйл орсон байдаг. Бүх улс орон тэнгэр дор оршиж, мандан бадарч, мөхөж, шашин шүтлэг, олон хэл соёл гээд бүх зүйл мөнх тэнгэрийн дор оршдог. Цаашид ч орших байх. Дээрээс нь монголчууд мөнх тэнгэрийн шүтлэгтэй гээд тал талаас нь бодож үзэж байж сонгосон нэр.
-Ардчилсан нам дотор “Нэг ардчилал” клуб гэж бас нэг залуучуудын фракци бий шүү дээ. Ер нь аль фракцитай илүү ойр ажиллах вэ?
-Хийж байгаа зүйл нь зөв зүйтэй байвал хэнтэй ч хамтарна. Бас нөгөө талаар хүмүүст ч гэсэн сонголтын орон зай байх ёстой. Тэр фракциудын шийдвэр гаргадаг зарчмууд нь хаана байна. Айлаар бол гал тогоо, зочны өрөө, коридор ч гэж байдаг шүү дээ. Хэн шийдвэр гаргах гал тогоонд байна, хэн нь зочны өрөөнд, коридорт, эсвэл гадаа шатан дээр ээлжээ хүлээгээд зогсч байна вэ гэдгээр фракциудын үйл ажиллагаа хэмжигддэг. Манайд бол бүгдээрээ гал тогоондоо сууж байгаад асуудлаа шийднэ, үүгээрээ ялгаатай. . Бид нам дотроо хагарал үүсгэхгүй, харин бодлогынхоо төлөө зүтгэх ёстой.
-Фракцийн гишүүд хаана явна, аль төвшинд ажиллах вэ?
-ҮЗХ бол бодлого тодорхойлох хэмжээний байгууллага учраас энэ төвшинд ажиллана гэсэн санаа манай фракцийн бүх гишүүдэд байгаа. ҮЗХ-ны 30 гаруй гишүүн байгаа. Гэхдээ бид тооны араас хөөцөлдөхгүй. Дараагийн ҮЗХ-ны хурлаас өмнө “Мөнх тэнгэр” фракцийн гишүүдийнхээ нэрийг олон нийтэд зарлана гэж бодож байгаа.