Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Сэлбийг сэлгэсэн хог

Салхины аясаар хийсэх хог, дээгүүр нь хоол эрэн эргэлдэх хэрээ, хог хайн газар шагайх хүмүүс, гартаа ганц шил архи барин тойруулах хүмүүс. Энэ бүгд Сэлбийн сав газрын нэгэн өдрийн дүр зураг. Жалга болгон хогоор дүүрч, булан тохой болгонд нь ямар нэгэн хог ёрдойн байна. Өмнө байсан өнөөх л танил дүр зураг өнөөдөр ч хэвээр. Уг нь хэдэн хоногийн өмнө цэвэрлэх ажил сүр дуулайнтайхан өнгөрч, хоггүй болсон мэт сэтгэж байсан ч үгүй байж. Ёстой л нөгөө “Бид цэвэрлэх нь цэвэрлэнэ. Гэхдээ цэвэрлэсэн гэр шиг болгож чадахгүй” гэсэн нь батлагдаж байх шиг.

Сэлбийн сав газрын зүүнтээ хэсэг хог үзэгдэнэ. Гэхдээ аль хэдийнэ эздээ олжээ. Хэдэн хүн хоо­­рондоо олзоо булаацалдан хэ­рэл­­­­дэж, бие, биедээ ууттай зүйл дам­жуулна. Гартаа барьсан жижиг ши­лэнд хийсэн ундааг ихэд ярвайн ууж байгаа харагдав. Бодвол сархад хүртэж байгаа бололтой. Харин дэргэд нь золбин ноход хэвтэн, хөсрийн яс мэрнэ. Жалганы дээхнэ орших нэгэн гэрээс өсвөр насны жаал гарч ирэв. Хувинд хийсэн угаадсаа асгаж байгаа нь энэ. Хогоо булаацалдаж байсан хүмүүсийн хажууханд шүү дээ. Гэтэл тэд тоосон шинжгүй сархдаа хүртэсээр байлаа. Хажуугаар нь хог ачсан жижиг Портер машин явж өнгөрөв. Үүнийг харсан тэд ууж байснаа орхин Портерын араас гүйнэ. Тэдний ингэж гүйж байгаа нь учиртай. Сэлбийн сав газрын дээхнэ хэсэгт хүмүүс тэртээ, тэргүй тухалсан учраас олзоо хэн нэгэнд булаалгачихгүй гэсэндээ тэр. Жинхэнэ адал явдал энэ үед л эхлэнэ дээ. Тэнд хүлээж байсан хэсэг хүмүүс өнөөх хэдэн хүнийг хараад чоно үзсэн нохой мэт бухимдана. Гартаа барьсан ёрдгор төмрөө дээш, доошгүй савалж хогоо булаалгахгүйн тулд “тэмцэлдэнэ”. Зарим хүмүүс нь энэ байдлыг хараад зориг нь мохно гэвэл үгүй. Ялгаа байхгүй тэд ч хогоор амьдралаа залгуулдаг учир ганц, хоёрхон шалбархай юу ч биш.

Сэлбийн яг төв өөрөөр хэлбэл хуучин гол байсан сайр дээр нэгэн бор гэр байх. Буух газаргүй учраас яг төвд нь ийнхүү буужээ. Гэрт хүн байгаа нь холоос харахад мэдэгдэхгүй. Гэтэл удалгүй хаалга онгойж дунд эргэм насны нэгэн эр гарч ирлээ. Нуруундаа шуудай үүрсэн байгааг нь харвал хог түүдэг хүмүүсийн нэг бололтой. Ха­жуу­ханд нөгөөх портер зогсч хогоо асга­сан учраас “олз” хайн хол явах шаард­ла­гагүй болов. Гэрээс гарч ирсэн өсвөр насны хоёр жаал түүний хог түүх ажилд туслахаар зэхэж байгаа харагдав. Хоорон­доо зодолдож байсан хүмүүс энэ хүнийг үзэн я­дсан­гүй. Гэрээс гарч ирсэн хүн тэдний чихэнд нэг үг шивнээд номхруулж байв. Чухам энэ хүн яах гэж Сэлбийн төвд ганцаараа гэр барин сууж байгаа нь ойлгомжгүй. Асуух гэтэл өөдөөс хэрэлдээд хал­гаа­гаагүй учраас эргэлз­сэн хэвээр хоцорсон минь энэ. Сэлбийн зүүн бэлд хэсэг хүмүүс газар хэвтэх хогийг ч тоолгүй том, том дуугарна. Холоос харвал архи ууж байгаа бололтой. Ер нь энэхүү газрын аль нэг булан тохойд иймэрхүү дүр зургийг ажиглаж болно. Хог түүгчид нь архичдаа үзэхгүй, архи­чид нь хог түүгчдээ үзэхгүй. Тэгээд ч эдгээр хүмүүс бие, биеэ үгээр өдөөд хэрэлдээд байх нь ховор. Тэнд ор­шин суугчдын хэлснийг сонсвол арав га­руй жилийн өмнөөс архич­­дын орон гэр нь энэ бол­сон гэнэ. “Хогны эвгүй, архины эхүүн үнэр хаврын цагт нийлээд балиар шүү дээ. Энд чу­хам хэн хяналт тавьж, хэн хогийг нь ачиж цэгцлэх юм бэ, мэдэгдэхгүй” гэж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Жаргал ярьж байсан юм.

Саяхан ирээд буцсан Портероос асгасан хог аль хэдийнэ дуусчээ. Тэнд байсан хүмүүс бүгд алс тэртээ рүү хараагаа сунгаж байгаа харагдав. Зарим нь бүр уутаа бэлтгэж байгаа харагдлаа. Учир нь хог асгах өөр том машин ирж байгаа учраас тэр. Сайрын төвд байсан жижиг бор гэрийн эзэн харин том машиныг угтан явах аж.

Жижиг бор гэрийн хажууд нэгэн гүн жалга байх. Дотор нь хоёр жаал хотынхны хаясан тоглоомоор тоглож байгаа харагдав. Тоглоом ч гэж дээ гартаа нэг парик /хиймэл үс/ барин, заримдаа бүр толгойдоо углана. Харин үүнийг харсан тав орчим насны жаал инээнэ. Гэрээс том дуу гармагц инээлдэхээ больж, амандаа бувтнаж байгааг харвал энэхүү гэрт амьдардаг бололтой байв. Дээр байх хашаа байшинд амьдардаг хүмүүс хог түүгчдэд дээрэлхэнгүй хандана. Бүр угаадсаа толгой дээр нь асгаж байгаа ч харагдав.

Хэдэн бээрийн цаана байрлах Улаан­чулуутын “амьдрал”-аас ял­га­­рах юм үгүй. Хорооныхны хэлж байгаагаар хөдөөнөөс ирсэн хүмүү­сийн ихэнх нь энд ирдэг гэх. Ажил, мэргэжилгүй учраас тэдэнд үлдсэн эхний сонголт нь ч энэ байж болох юм. Арван жилийн өмнөхөөс хүмүүс нэмэгдсэнүү гэхээс хасагдсан нь үгүй. Бүр ирээдүй гэж нэрлэгдэх жаалууд хүртэл энд хогоор тоглон амь­дарч байна. Одоогоос яг долоо хоно­гийн өмнө хариуцсан хороо, Хот то­хижилтын газраас хог түүх ажил “зохиож” 200 гаруй машин хог цэвэрлэсэн. Цэвэрлэсэн ч гэж дээ Улаанчулуутынхны олз болго­сон. Яг долоо хоногийн дараа нэмэгд­сэн хогууд аль хэдийнэ энэ ажлыг үгүйсгэж орхижээ. Хэдийгээр өмнө­хөө­сөө хогон овоо нь бага ч, аль хэдий­нэ хог түүгчдийг “тэжээх” хэмжээний болчихож.

“Энд хавар хэцүү л дээ. Эвгүй үнэр үнэртэнэ. Гэхдээ л бид энд л амьдрахаас өөр аргагүй учраас эвлэрэхээс өөр аргагүй. Ямар нэгэн халд­­­­варт өвчин гарах нь энүүхэнд” гэж 13 дугаар хорооны иргэн н.Бат ярьж байсан юм. Одоохондоо үнэр­тээд байх юм алга. Гэхдээ удахгүй дулаан орж, газар гэснэ. Чухам энэ үед ­ямар гээчийн эхүүн үнэр эндхийг эзэм­­дэхийг мэдэхгүй. Тэр болтол хэ­сэг­­тээ л эвгүй үнэрээс хол байж бо­лох нь.

Ийнхүү хэрээнүүд нисэлдэн, хүмүүс нь хог хайсаар нэгэн өдөр өнгөрнө. Сэлбийн сав газрын хавиар буусан айлууд ч хогийн цэгтэй хаяа залган амьдарсаар. Хоол хайн нисэх шувуудтай ижил хувь заяаг хүмүү­сээс хэзээнээс “сонгож”, Сэлбийн сав газар хэзээнээс хогийн цэг болон хувирсныг мэдэхгүй. Ямар ч байсан ийм дүр зургийг та харж болно. Гэхдээ хэзээ энэ байдал цэгцэрч, хогийн цэг цэвэрлэгдэхийг хэлж мэдэх­гүй. Тиймээс өдөр, шөнийн алинд нь ч хэрээ, хүн хоёрыг тэжээ­сээр байх болов уу. Гэхдээ одоо­хондоо л гэж найдья.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж