Сэлбийн сав газрын зүүнтээ хэсэг хог үзэгдэнэ. Гэхдээ аль хэдийнэ эздээ олжээ. Хэдэн хүн хоорондоо олзоо булаацалдан хэрэлдэж, бие, биедээ ууттай зүйл дамжуулна. Гартаа барьсан жижиг шилэнд хийсэн ундааг ихэд ярвайн ууж байгаа харагдав. Бодвол сархад хүртэж байгаа бололтой. Харин дэргэд нь золбин ноход хэвтэн, хөсрийн яс мэрнэ. Жалганы дээхнэ орших нэгэн гэрээс өсвөр насны жаал гарч ирэв. Хувинд хийсэн угаадсаа асгаж байгаа нь энэ. Хогоо булаацалдаж байсан хүмүүсийн хажууханд шүү дээ. Гэтэл тэд тоосон шинжгүй сархдаа хүртэсээр байлаа. Хажуугаар нь хог ачсан жижиг Портер машин явж өнгөрөв. Үүнийг харсан тэд ууж байснаа орхин Портерын араас гүйнэ. Тэдний ингэж гүйж байгаа нь учиртай. Сэлбийн сав газрын дээхнэ хэсэгт хүмүүс тэртээ, тэргүй тухалсан учраас олзоо хэн нэгэнд булаалгачихгүй гэсэндээ тэр. Жинхэнэ адал явдал энэ үед л эхлэнэ дээ. Тэнд хүлээж байсан хэсэг хүмүүс өнөөх хэдэн хүнийг хараад чоно үзсэн нохой мэт бухимдана. Гартаа барьсан ёрдгор төмрөө дээш, доошгүй савалж хогоо булаалгахгүйн тулд “тэмцэлдэнэ”. Зарим хүмүүс нь энэ байдлыг хараад зориг нь мохно гэвэл үгүй. Ялгаа байхгүй тэд ч хогоор амьдралаа залгуулдаг учир ганц, хоёрхон шалбархай юу ч биш.
Сэлбийн яг төв өөрөөр хэлбэл хуучин гол байсан сайр дээр нэгэн бор гэр байх. Буух газаргүй учраас яг төвд нь ийнхүү буужээ. Гэрт хүн байгаа нь холоос харахад мэдэгдэхгүй. Гэтэл удалгүй хаалга онгойж дунд эргэм насны нэгэн эр гарч ирлээ. Нуруундаа шуудай үүрсэн байгааг нь харвал хог түүдэг хүмүүсийн нэг бололтой. Хажууханд нөгөөх портер зогсч хогоо асгасан учраас “олз” хайн хол явах шаардлагагүй болов. Гэрээс гарч ирсэн өсвөр насны хоёр жаал түүний хог түүх ажилд туслахаар зэхэж байгаа харагдав. Хоорондоо зодолдож байсан хүмүүс энэ хүнийг үзэн ядсангүй. Гэрээс гарч ирсэн хүн тэдний чихэнд нэг үг шивнээд номхруулж байв. Чухам энэ хүн яах гэж Сэлбийн төвд ганцаараа гэр барин сууж байгаа нь ойлгомжгүй. Асуух гэтэл өөдөөс хэрэлдээд халгаагаагүй учраас эргэлзсэн хэвээр хоцорсон минь энэ. Сэлбийн зүүн бэлд хэсэг хүмүүс газар хэвтэх хогийг ч тоолгүй том, том дуугарна. Холоос харвал архи ууж байгаа бололтой. Ер нь энэхүү газрын аль нэг булан тохойд иймэрхүү дүр зургийг ажиглаж болно. Хог түүгчид нь архичдаа үзэхгүй, архичид нь хог түүгчдээ үзэхгүй. Тэгээд ч эдгээр хүмүүс бие, биеэ үгээр өдөөд хэрэлдээд байх нь ховор. Тэнд оршин суугчдын хэлснийг сонсвол арав гаруй жилийн өмнөөс архичдын орон гэр нь энэ болсон гэнэ. “Хогны эвгүй, архины эхүүн үнэр хаврын цагт нийлээд балиар шүү дээ. Энд чухам хэн хяналт тавьж, хэн хогийг нь ачиж цэгцлэх юм бэ, мэдэгдэхгүй” гэж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Жаргал ярьж байсан юм.
Саяхан ирээд буцсан Портероос асгасан хог аль хэдийнэ дуусчээ. Тэнд байсан хүмүүс бүгд алс тэртээ рүү хараагаа сунгаж байгаа харагдав. Зарим нь бүр уутаа бэлтгэж байгаа харагдлаа. Учир нь хог асгах өөр том машин ирж байгаа учраас тэр. Сайрын төвд байсан жижиг бор гэрийн эзэн харин том машиныг угтан явах аж.
Жижиг бор гэрийн хажууд нэгэн гүн жалга байх. Дотор нь хоёр жаал хотынхны хаясан тоглоомоор тоглож байгаа харагдав. Тоглоом ч гэж дээ гартаа нэг парик /хиймэл үс/ барин, заримдаа бүр толгойдоо углана. Харин үүнийг харсан тав орчим насны жаал инээнэ. Гэрээс том дуу гармагц инээлдэхээ больж, амандаа бувтнаж байгааг харвал энэхүү гэрт амьдардаг бололтой байв. Дээр байх хашаа байшинд амьдардаг хүмүүс хог түүгчдэд дээрэлхэнгүй хандана. Бүр угаадсаа толгой дээр нь асгаж байгаа ч харагдав.
Хэдэн бээрийн цаана байрлах Улаанчулуутын “амьдрал”-аас ялгарах юм үгүй. Хорооныхны хэлж байгаагаар хөдөөнөөс ирсэн хүмүүсийн ихэнх нь энд ирдэг гэх. Ажил, мэргэжилгүй учраас тэдэнд үлдсэн эхний сонголт нь ч энэ байж болох юм. Арван жилийн өмнөхөөс хүмүүс нэмэгдсэнүү гэхээс хасагдсан нь үгүй. Бүр ирээдүй гэж нэрлэгдэх жаалууд хүртэл энд хогоор тоглон амьдарч байна. Одоогоос яг долоо хоногийн өмнө хариуцсан хороо, Хот тохижилтын газраас хог түүх ажил “зохиож” 200 гаруй машин хог цэвэрлэсэн. Цэвэрлэсэн ч гэж дээ Улаанчулуутынхны олз болгосон. Яг долоо хоногийн дараа нэмэгдсэн хогууд аль хэдийнэ энэ ажлыг үгүйсгэж орхижээ. Хэдийгээр өмнөхөөсөө хогон овоо нь бага ч, аль хэдийнэ хог түүгчдийг “тэжээх” хэмжээний болчихож.
“Энд хавар хэцүү л дээ. Эвгүй үнэр үнэртэнэ. Гэхдээ л бид энд л амьдрахаас өөр аргагүй учраас эвлэрэхээс өөр аргагүй. Ямар нэгэн халдварт өвчин гарах нь энүүхэнд” гэж 13 дугаар хорооны иргэн н.Бат ярьж байсан юм. Одоохондоо үнэртээд байх юм алга. Гэхдээ удахгүй дулаан орж, газар гэснэ. Чухам энэ үед ямар гээчийн эхүүн үнэр эндхийг эзэмдэхийг мэдэхгүй. Тэр болтол хэсэгтээ л эвгүй үнэрээс хол байж болох нь.
Ийнхүү хэрээнүүд нисэлдэн, хүмүүс нь хог хайсаар нэгэн өдөр өнгөрнө. Сэлбийн сав газрын хавиар буусан айлууд ч хогийн цэгтэй хаяа залган амьдарсаар. Хоол хайн нисэх шувуудтай ижил хувь заяаг хүмүүсээс хэзээнээс “сонгож”, Сэлбийн сав газар хэзээнээс хогийн цэг болон хувирсныг мэдэхгүй. Ямар ч байсан ийм дүр зургийг та харж болно. Гэхдээ хэзээ энэ байдал цэгцэрч, хогийн цэг цэвэрлэгдэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс өдөр, шөнийн алинд нь ч хэрээ, хүн хоёрыг тэжээсээр байх болов уу. Гэхдээ одоохондоо л гэж найдья.