”Эдийн засгийн хувьсгал эхэллээ”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

”Эдийн засгийн хувьсгал эхэллээ”

Энэ сарын эхээр хуралдсан МАН-ын бага  хурлаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сарын цалинг 2,5-3,5 сая төгрөг болгож, 2031 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 60 мянган ам.долларт хүргэх гэх мэтчилэнгийн толгой эргүүлсэн том том зорилтуудыг тунхагласан билээ. Харамсалтай нь яаж үүнд хүрэхээ томьёолж чадаагүй, “уул уурхайгаас асар их мөнгө орж ирэх учраас” хэмээн тайлбарласан билээ. Тэгвэл эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр авсан энэ мэт амлалтыг ажил хэрэг болгох арга замыг эрэлхийлсэн хэлэлцүүлгийг өчигдөр Ардчилсан намынхан Төрийн ордны их танхимд хийлээ. Хоёр намын бодлогын гол ялгаа энэ.

Ардчилсан намаас зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэлэлцүүлгийн гол илтгэгч нь УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, АЭХ-ны дэд тэргүүн З.Нарантуяа нар байсан юм.

Орон сууц, дахиад орон сууц…

1990 оныг хүртэл монголчуудын орон сууцны хэрэгцээг Зөвлөлтийн барилгын “СОТ-1”, “СОТ-2”, “СОТ-3” нэгдлүүд хангаж иржээ. Ингэхдээ нийслэл болон, аймаг, сумдын төвүүдэд барих барилга, орон сууцны стандартууд өөр өөр бөйлаа. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараа эдгээр орон сууцуудыг тухайн үед ээмшиж байсан оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилсан юм. Тухайн үеийн төр засагт улсын өмчид байсан орон сууцуудын засвар, арчлалтыг санхүүжүүлэх мөнгө ч байсангүй. Ингэж монголчуудад үл хөдлөх хөрөнгийн тухай анхны ойлголт бий болжээ. Харин 2000-аад оноос хойш банкууд орон сууцны зээлийг олгож, санхүүжүүлж эхэлсэн боловч дэлхийд байхгүй өндөр хүүтэй байлаа. Жилийн 14 хувийн хүүтэй олгогдож эхэлсэн зээлийн хүү одоо 16 хувьд хүртлээ өсөөд байгаа. Учир нь манай дотоодын банкуудад жинхэнэ ипотекийн зээл олгох хөрөнгийн эх үүсвэр байгаагүй тул хадгаламжийн өндөр хүүнээс давсан хүүтэй зээлийг л олгож чадаж байв.

Харин 2004-2008 оны УИХ-ын үед орон сууцны ипотекийн зээл буюу урт хугацааны бага хүүтэй зээлийн талаарх хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн боловч тухайн үед АНУ-д болсон моргейжийн хямралын улмаас хуулийн хэлэлцүүлгийг дараагийн УИХ руу оруулж, 2009 онд уг хуулийг баталсан байна. Ипотекийн тухай хуулийг өмнө нь АНУ-д мөрдөж ирсэн Моргейжийн зээлийн журамд тулгуурлаж, түүнийг яг баримталж хийсэн тул тус улсад бий болсон хямралыг хэрхэн давах талаарх зохицуулалтыг ч бас шинээр гарах хуульд суулгаж өгөх ёстой гэж үзсэн аж. Тиймээс хоёр удаагийн УИХ дамжин хэлэлцэгдсэн энэ хууль дээр ажилласан УИХ-ын гишүүн З.Энхболд “Үл хөдөлөх хөрөнгийн зах зээл ба санхүүгийн механизм: Орон сууцны ипотекийн зээлийг хөгжүүлэх тухай” сэдвээр бэлтгэсэн илтгэлээ танилцуулсан юм.

Анх 2004 оны сонгуулиар Ардчилсан нам “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэвшүүлсэн бөгөөд тухайн үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан сайд Н.Батбаярын үед хөтөлбөрийг эхлүүлж, 2008 он гэхэд 40 мянган айлын орон сууц үндсэндээ баригдаж дууссан аж. Үүнээс хойш Монгол Улс “100 мянган айлын орон сууц”, “төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” гэх мэтчилэн барилга барих тухай маш олон хөтөлбөрийг баталсан авч санхүүгийн эх үүсвэрүүд нь шийдэгдээгүй хэвээр байсан юм. Одоо хэр нь нийслэлийн хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм. Энэ 70 хувийг яаж орон сууцжуулах вэ гэдэг Ардчилсан намын бодлогын төвд байж, толгой гашилгах асуудал болоод байгаа. Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг багасгаж, хугацааг сунгасан авч энэ нь нэг талаар орон сууцны үнийг хөөрөгдөх бас нэг шалтаг болсон гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 2007 онд банкууд 164 тэрбум төгрөгийг орон сууцны зээлд зарцуулж байсан бол 2011 онд энэ тоо 456 тэрбум төгрөг болж өсчээ. Харин зээлийн хүү 14-16 хувьтай байгаа гэдгийг өмнө хэлсэн. Одоогийн байдлаар 21 мянга орчим өрх айл л орон сууцны зээлтэй байгаа аж. Тиймээс ипотекийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд урт хугацаатай, хүү багатай зээлийн эх үүсвэрийг бий болгох нь Ардчилсан намын бодох ёстой бодлого болоод байгааг гишүүн З.Энхболд онцоллоо.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар улсын төсөв Тэтгэврийн санд хоёр их наяд төгрөгийн өртэй байгаа. Энэ мөнгийг Тэтгэврийн санд буцаан суулгасан тохиолдолд ипотекийн зах зээлийг санхүүжүүлэх нэг гол эх үүсвэр болох юм. Мөн Засгийн газрын баталгаажуулсан үнэт цаасны бонд гаргах замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох арга зам байгааг ч тэр санууллаа. Банкууд орон сууцны зээлийг санхүүжүүлж эхэлснээс хойш 11 жилийн дотор зээлийн санхүүжилт ДНБ-ий 0,49 хувиас 10,9 хувьд хүртэл өссөн байна. Гэхдээ энэ нь хангалтгүй. Тухайлбал, АНУ-д моргейжийн зээлийн оргил үед зээлийн санхүүжилт ДНБ-ий /GDP/ 103 хувьд хүрч байгаад одоо 90 хувь дээр тогтоод байгаа гэнэ. Харин урьдчилгаа төлбөрийг 30 хувиас буулгахгүй байх ёстой гэдгийг илтгэгч анхааруулсан. Мэдээж хэрэг иргэдийн  зүгээс урьдчилгаа төлбөрийг тэглэе, урьдчилгаагүйгээр зээл авья гэсэн шаардлагыг тавьж болно, ийм улс төрийн шийдлийг ч гаргаж болно. Гэвч тэгвэл АНУ-д 2008 онд болсон моргейжийн хямрал манайд давтагдана гэдгийг илтгэгч санууллаа. Учир нь тухайн үед АНУ-ын ажил эрхэлдэг бүх иргэн урьдчилгаа 30 хувиа төлөөд моргейжид хамрагдсаны дараа ажил эрхэлдэггүй иргэддээ урьдчилгаа төлбөргүйгээр моргейжийн зээл олгосны улмаас моргейжийн хямрал нүүрлэсэн байна.

Зах зээлийн хуулиар хүн амын орлого 10 хувиар өсөхөд үл хөдлөх хөрөнгийн үнэ дагаад есөн хувиар өсдөг байна. Дээр нь импортын барилгын материалын үнийн өсөлт, иргэд бэлэн мөнгөө имфляциас хамгаалахын тулд үл хөдлөх хөрөнгө ихээр худалдан авч байгаа зэрэг нь ч орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж. Тиймээс төрөөс ипотекийн зах зээлийг дэмжихдээ эрэлт, нийлүүлэлтийг зөв тооцоолох ёстой болж байна. Одоогийн “ченж” гэж нэрлэгдсэн лицензгүй хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг барьж байгаа гэдгийг ч илтгэгч хүлээн зөвшөөрлөө. Харин гадаад орнуудад тодорхой хэмжээний сургалтад хамрагдаж мэргэшсэн, лиценз бүхий хүмүүс энэ ажлыг эрхэлдэг байна. Тиймээс энэ талын зохицуулалт ч бас манайд хэрэгтэй байгаа юм байна. Инфляциас хамгаалах үүднээс нэг хүн олон байр худалдан авч байгаа нь үнэ хөөрөгдөх бас нэг шалтгаан болж байгаа тул одоо шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрт 50 метр квадратаас ихгүй, ам.метр нь нэг сая төгрөгөөс давахгүй үнэтэй байрыг анх удаа худалдан авч байгаа иргэддээ 30 хувийн урьдчилгаатайгаар ипотекийн зээлд хамруулах нь Ардчилсан намын ойрын бодлого гэдгийг илтгэгч онцолсон.

Өнөөдрийн нөхцөлд 40 метр квадрат бүхий нэг өрөө байрыг зээлээр худалдан авахын тулд сарын 489 мянган төгрөгийг банкинд төлбөр төлж байгаа. Энэ хэмжээний төлбөр төлөхийн тулд өрхийн сарын орлого нэг сая 469 мянган төгрөгт хүрч байхыг банкууд шаарддаг. Харин ипотекийн зээлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, урт хугацаатай бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр бий болгож чадвал өрхийн орлого 503 мянган төгрөг байхад л хангалттай аж. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж олонхи болох ёстой гэдгийг эцэст нь тэрбээр хэлэлцүүлэгт ирсэн намынхаа гишүүдэд сануулсан.

Авлига, бас газар…

Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн З.Нарантуяа “Эдийн засгийг дархлаажуулах эрх зүйн механизм” сэдвээр илтгэсэн юм.

Өнөөдөр Улаанбаатарын төв хэсэгт “Louis Vuitton” зэрэг дэлхийн брэндүүд үүд хаалгаа нээгээд байгаа. Гэтэл яг хажууханд нь уут үүрсэн гуйлгачид, хог түүж амьдардаг хүмүүс ч хаяа дэрлэн суудаг. Чинээлэг амьдралтай хэсгийн гартаа барьж байгаа гар цүнхний үнэ ядуу хэсгийн хашаа, байшингийн үнээс давж байгааг юу гэх вэ. Бас нэг жишээ монголчууд хүн амд ноогдох “Rolls Royce” машины худалдан авалтаар дэлхийд тэргүүлж байгаа аж. Баялгийн хуваарилалт яагаад ийм тэгш бус байна вэ, эдийн засгийн өсөлт жирийн иргэдийн амьдралд яагаад буухгүй байна гэдэг асуултын хариуг тэр хайсан юм. Эхнийх нь магадгүй 1990 онд анх явуулсан өмч хувьчлал, том аж ахуйнуудын хувьчлал дээр мэдээлэлд ойр байсан хэсэг нь илүү их эрх дарх эдэлсэнтэй холбоотой байх. Ашигт малтмалын лицензийг ч бас л мэдээлэлд ойр хэсэг нь хямд үнээр ихээр нь авч дараад худалдан борлуулж ашиг олсон шүү дээ. Харин сүүлийнх нь албан тушаал дагасан авлига, хээл хахууль гэдгийг тэр хэллээ.

Онигоо ч юм шиг үнэн яриа байдаг шүү дээ. Манайхан “McDonald’s”-ын сүлжээг Монголд байгуулахаар зөвшөөрөл авах гэтэл америкчууд “Танайх ядуу шүү дээ, худалдан авалт нь гүйцэхгүй тул ашиггүй” гээд өгөөгүй юм гэнэ лээ. “Яагаад, манайд LV-ийн дэлгүүрүүд бий шүү дээ” гэхэд “Тэр бол авлига хамгийн их цэцэглэсэн оронд л байдаг юм. Харин танай нийт хүн амын чинь орлого чинь “Mc Donald’s”-ыг худалдан авах хэмжээнд хүрээгүй” гэсэн гэдэг.

Тиймээс эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, хээл хахуулийг цэгцлэхийн тулд Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига өгснийг нь бус, авсныг нь шийтгэдэг болох хэрэгтэй, эх үүсвэр нь тодорхойгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг саналыг тэр гаргасан юм. Сануулахад өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан Сонирхлын зөрчлийн тухай хууль болон Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үндэслэлгүй хөрөнгөжихийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл ногдуулахаар болсон ч хуулийн зүйлчлэлийг ирэх долдугаар сарын 15 буюу сонгуулийн дараачаас эхлүүлэхээр хууль тогтоогчид шийдсэн билээ. Харин хуулийн энэ хэсэгт Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж, хуулийн үйлчлэлийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр саналаа УИХ-д илэрхийлээд байгаа.

“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэлэлцүүлэгт танилцуулж, сонирхол татсан бас нэг сэдэв нь УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарын “Эрх чөлөөт монгол хүн” илтгэл. Тэр 2008 онд УИХ-аар баталсан иргэн бүрт 0,07 га газрыг үнэгүй олгож өмчлүүлэх тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэх, ингэхдээ 0,07 га газрын үнэлгээг төрөөс тогтоож, 70 сая төгрөгөөс буулгахгүй байх саналыг гаргасан юм. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 10 орчим хувь нь газраа өмчлөөд байгаа боловч энэ газрын үнийг тогтоогоогүйгээс эзэндээ жинхэнэ өмч болж чадахгүй байгаа билээ. Хэрвээ дээр хэлсэнчлэн төрөөс үнэ тогтоогоод өгчихвөл иргэд газраа барьцаалаад зээл авах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Хотын төвийн нэг га газар сая доллараар үнэлэгдэн зарагдаж байгаа боловч энэ нь зөвхөн хотын даргын захирамж, гарын үсгээр газар авсан нөхдөд л ашгаа өгч, мөнгө нь харин эрх мэдэлтнүүдийн халаас руу орж байгаа билээ. Харин жирийн иргэд хашааныхаа газрыг барьцаалаад банкнаас зээл авья гэхэд аль ч банк тоож авахгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн хэрэгцээнд буцааж авах газрын үнийг тогтоохдаа метр квадратад нь 13 мянган төгрөгийн нөхөн олговор өгөхөөр заасан байдаг байна.

Мөн одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа бас нэг асуудал бол “Барьцаа хөрөнгөгүй иргэдийг банкнаас зээл авахад нь төрөөс баталгаа гаргаж өгөх” тухай. Өмчгүй хүнд төрөөс хичнээн баталгаа гаргаж өгөөд яах юм, түүний оронд өмчтэй болгож өгөх нь төрийн үүрэг биш үү гэсэн санааг гишүүн асан Б.Батбаатар сөргүүлэн тавьж байна. Дэлхийн улс үндэстэн, хүн амын хөгжил өмчөө дагаж явдаг аж. Монголчуудын хувьд өмч нь мал байсан учраас малаа даган нүүдэллэж амьдарсан хэрэг. Харин одоо газрыг нь өмчлүүлээд, үнэлгээ тогтоогоод өгчихвөл өмчөө хаяад хот руу нүүдэллэх үү? Тиймээс энэ нь нэг талаас хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулах, орон нутгийг эзэнтэй болгох, хөгжүүлэх бас нэг үндэс болно гэдгийг илтгэгч давхар сануулсан юм.

Эдийн засгийг хариуцлагажуулах нь

Энэ удаагийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тавьсан илтгэл “Эдийн засгийн хувьсгал, хариуцлага, шударга ёс” сэдэвтэй. Тэр Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Н.Туяагийн “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлэг дээр анх хөндөж байсан “Эдийн засгийн өсөлт 20 хувь, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2500 ам.долларт хүрээд байгаа нь хэрэв үнэн юм бол эдийн засгийн энэ их өсөлт яагаад жирийн айл өрхийн хаалгаар давахгүй, хүн амын 40 хувь нь ядууралд нэрвэгдээд байна вэ” гэдэг асуултаас ишлэж илтгэлээ эхэлсэн. Тухайлбал, АНУ-д нэг хүнд ноогдох ДНБ/GDP/-ийхээ өсөлтөөс дээш, доош 30 хувиар бодож дундаж иргэдийнхээ орлогыг тооцоолдог байна. Харин Монгол Улсын хувьд улс төр, бизнес хоёр хэт хутгалдсанаас болж төр нь шударга байж, иргэнийхээ төлөө ажиллаж чадахаа байсан гэдгийг тэр санууллаа. Ингэхдээ Монгол Улс жилээс жилд авлигын хяналтаа алдаж байгаа тухай Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагын явуулсан судалгаан дээр түшиглэсэн. Үүнийг өөрчлөхийн тулд өнгөрөгч нэгдүгээр сард УИХ Сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталж, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч хуулийн хэрэгжилт ирэх сонгуулийн дараачаас эхлэх болсон гэдгийг дээр хэлсэн. Харин Ерөнхийлөгчийн уг хуульд хэсэгчлэн хориг тавьсан хоригийг УИХ ирэх гуравдугаар сард хуралдах товтой ээлжит бус чуулганаар хэлэлцэх биз.

Х.Тэмүүжин гишүүн энэ талаар “Авлигатай тэмцэх механизмын 50 хувь нь хийгдсэн. Одоо нэг зүйл үлдсэн нь төрийн албан тушаалтан  албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө авлига авсан бол авлига өгсөн талыг хохирогч гэж үзэж, авлига авсанд нь хариуцлага тооцдог болох ёстой. Хуулийн энэ өөрчлөлтийг бид заавал хийх ёстой, ингэвэл авлигын мэдээлэл ил болно” гэсэн юм. Учир нь одоо үйлчилж байгаа хуулиар авлига өгсөн, авсан хоёуланг нь шийтгэх заалттай байгаа учир авлигын мэдээлэл ил гардаггүй, үүнээс болж хариуцлага тооцох ажил ч хийгдэхгүй байгаа билээ.

УИХ-ын намрын чуулганаар баталсан Сонирхлын зөрчлийн хуулиар төрийн албан тушаалтан төрд биш, дарга даамалдаа, ажил олгосон намдаа биш, иргэд, нийтийн эрх ашигт үйлчилдэг байхаар хуульчилсан боловч уг хууль баталсан нь энэ ажлын дөнгөж таван хувь юм, үлдсэн 95 хувийг Ардчилсан нам дараагийн дөрвөн жилд хийж гүйцээх ёстой гэдгийг ч тэр мөн санууллаа. Ингэхийн тулд хуулийг яаж хийх, хуульчийг яаж бэлтгэх, хуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх гээд гол үндсэн асуудлууд ард үлдээд байгаа аж. Өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцүүлэгт орсон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн тухай хуулийг эцэслэн батлах ажил ч бас ч ээлжит бус чуулганыг хүлээж байгаа билээ. Хэрвээ дээр дурдсан гурван зохицуулалтыг хийж чадвал сая хариуцлага гэдэг зүйл ардчиллын салшгүй хэсэг болж, шударга ёс хууль ёсны тогтолцоо болж чадна гээд тэрээр “Хүч чадал шударга бус байх, шударга ёс хүч чадалгүй байх хоёрын аль аль нь аюултай” гэдэг ишлэлээр илтгэлээ өндөрлөсөн.

Үүнтэй төстэй бас нэг ишлэлийг сануулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн удаа “Эрх мэдэлтэй байхдаа шударга байцгаая” хэмээн уриалсан билээ. Эрх мэдэлтэй байхдаа шударга байж чадаагүй хүмүүс эрх мэдлээс буусан хойноо намтраа бичих гэхэд авлига, гэмт хэргээс өөр хийсэн зүйлгүй болсон учраас улс төр лүү эргэж тэмүүлж байна гэдэг сануулгыг ч бас давхар дайсан. Хэний тухай гэдэг нь төдийлөн чухал бус.

Ардчилсан намаас зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэлэлцүүлэг өндөрлөлөө, дараачийнх нь ч тун удахгүй биз. Төрийн ордны их танхимыг дүүргэн суусан хэлэлцүүлэгт оролцогчдыг хараад намын дарга Н.Алтанхуяг “Манайхан концерт үзэж алга ташихаар ингэж цуглардаг байснаас биш лекц сонсохоор ингэж олноороо цуглардаг үе байсан билүү. Эдийн засгийн хувьсгал үнэхээр иргэдийн хүсэн хүлээсэн хувьсгал болж байна. Үүнийг бид ирэх сонгуулиар хийнэ” хэмээн сануулсан билээ. 

Б.Сэмүүн



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж