Эрх чөлөөт монгол хүн

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөт монгол хүн

Өнөөдөр төрийн ордонд зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатарын тавьсан “Эрх чөлөөт монгол хүн” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм ноёд, хатагтай, журмын нөхөд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье

Эдийн засгийн хувьсгал гэдэг бол иргэн хүн нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байхыг хэлнэ гэж  би ойлгож байна. Тиймээс “Эрх чөлөөт монгол хүн” саналаа та бүхэнд толилуулъя. 

Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш 20 гаруй  жилийн нүүр үзлээ, Энэ хугацаанд  бид эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, өмчтөй болох, шашин шүтэх,үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх  эрх чөлөөг эдэлдэг, бас мэддэг болсон ч бүрэн утгаар нь  эдэлсэн гэж хэлэхэд учир дутагдалтай юм. 

Өнөөдөр бидний бүрэн гүйцэд мэдэрч,  мэдэж чадаагүй, хаягдаж орхисон тэр эрх чөлөө бол эдийн засгийн эрх чөлөө юм.

Санхүүгийн эрх чөлөөгүй иргэн улс төрийн болоод бусад эрх тэр битгий хэл заяагдмал эрх болох амьд явах эрхээ хүртэл эдэлж чадахгүйд хүрч байна.

Монголын нийт хүн амын 40 орчим хувь ядуу, орлогогүйд тооцогдож байхад улс оронд ардчилал, хүний эрх оршин тогтнох битгий хэл төр улсын тусгаар тогтнолд ч аюул занал учруулж байна.

Иймд улсын суурь өрх гэр бүл, иргэн, ирээдүй хойчоо санхүүгийн эрх чөлөөнд хүргэх нь бидний туйлын бөгөөд эн тэргүүний зорилго байх ёстой. Тиймээс  иргэдээ санхүүгийн  хувьд бусдаас хараат бус,  биеэ даасан болгохын тулд яах ёстой вэ?

Баялаг,  өмч хувьчлал, хуваарилалт юу болов

Социалист систем нуран унасны дараа бид тэжээвэр амьтны амьдралаасаа салсан гэж хэлж болох юм. Тэр дадлаасаа салахад тийм амар байгаагүй ээ. Гэсэн ч бид бусдаар тэжээлгэх биш, өөрсдийгөө тэжээх тогтолцоо руу шилжиж чадсан нь ололт юм. Бид өөрсдөө  бодлогоо  боловсруулдаг эрх чөлөөгөө олсон.
Энэ  зам  амар хялбар байгаагүй ээ. Тийм ч учраас хөгжлийн олон хандлагыг зөв тавьсан ч алдаа байгаагүй гэж хэлэхгүй.

Өмч хувьчлалыг хийхдээ иргэддээ мэдлэг мэдээлэл олгоогүйгээс цөөхөн нь баяжиж олонхи нь хоосон үлдэх нөхцөлийг бий болгосон.

Ардчилал малчдыг нь малтай, Оршин суугчдыг нь байртай, тариаланчдыг нь трактортой  болгож чадсан.

Гэсэн хэдий ч өнөөдрийн ядуурлын статистик тоо баримтаас харахад төрийн бодлого тууштай зөв явж чадаагүй нь тодорхой харагдаж байна.

Харин ч сүүлийн үед төр барьж буй нам нь сонгуулийн мөрийн хөтөлбөр амлалтаараа дамжуулан иргэд өөрсдөө ажилтай, орлоготой, бүтээлч байхынх нь эсрэг зориуд гэмээр үйлдлүүд хийж байна.

Амь тариа хийх маягаар албан тушаал эрх мэдлээ хадгалан үлдэх гэсэн улс төрийн бодлого явуулдаг боллоо.

Тийм ээ, хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь хөрөнгө мөнгөгүй, санхүүгийн эрх чөлөөгүй, мэдээллийн эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадахгүй байгаа иргэдээ худалдан авах шиг амар зүйл байхгүй ээ.

Иргэд ямар үед худалдагддаггүй вэ. Иргэд мэдээлэлтэй, санхүүгийн эрх чөлөөтэй  болсон үедээ л худалдагддаггүй юм.

Үүний төлөө  эдийн засгийн хувьсгалыг хийх хэрэгтэй байна.

Тэгвэл Эдийн засгийн хувьсгал хийх ямар боломж байна вэ

Хөгжсөн улс орны жишээнээс харахад сул талаа давуу тал болгосон улс орон хөгждөг.

Монголчууд бидний сул тал юу вэ? Цөөн хүн ам, хангалттай бус зах зээлийн  хэрэглээ гэж би харж байна. Тэгвэл үүнийг давуу тал  болгох боломж бий. Өргөн уудам газар нутаг цөөн хүн амын огтлолцлын цэг юу байж болох вэ?

Энэ бол газар юм.  

Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд батлагдсан МУ-ын Үндсэн хуулинд МУ-ын иргэн газар өмчлөх эрхтэй гэж анх заасан билээ.

2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар өрх бүрт 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр зааж баталсан байна.

2008 онд газрын тухай хуулинд Э.Бат-үүл болон бидний хэдэн гишүүдийн санаачилгаар МУ-ын иргэнд газар өмчлүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Гэвч газар ашиглалт одоо ямар байна вэ. Өнөөдрийн бодит амьдралаас харахад газрыг гэрээ барих төдийд л ашиглаж байна даа.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь газраа өмчилж авсан байна. Яагаад өмчийн суурь газрын өмчлөл  ингэж яст мэлхийн хурдаар явж байна вэ.

Энэ бол газар үнэгүй байгаагийн шууд үр дагавар юм. Хотод газар өмчлөлийн эрхтэй хашаа байшинтай хүн аль ч банк, санхүүгийн байгууллагаас 20.0 сая төгрөгийн зээл авч чадаж байгаа билүү, тэр битгий хэл бодит байдал дээр 2.0 сая төгрөгийн барьцаатайгаар ч эх үүсвэр олох найдваргүй байна.

Харин олон жилийн турш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе, үеийн хот, дүүргийн Засаг дарга нарын үзэгний үзүүрээр өөрийнх нь халаасанд орох авлигын замаар газар зарагдсаар ирсэн. Тэр битгий хэл газрын наймаагаар дагнасан мафи бий болсон хэмээн ярьж, бичдэгийг шударга шүүхээр орж одоо хүртэл няцааж чадахгүйг бүгд харсаар л байна.

Газрыг үнэтэй болгоё

Үнийг нь төр баталгаажуулах ёстой юм. Иргэн бүрийнхээ өмчлөх газар, өмчилсөн газрыг үнэтэй болгож, суурь үнэлгээг тогтоож өгье.  Үнэлэмжгүй газартай иргэн баян байж чадах уу. Ядуу иргэнтэй улс орон баян байж чадах уу.  

Миний саналаар 1 м2 газрыг 100000 төгрөг 0.07 га газрыг 70 сая төгрөгийн үнэтэй болгож үнийг нь төрөөс баталгаажуулъя.

Төрөөс баталгаажсан газрыг иргэн бүрт нэг удаа үнэгүй олгоё.

Олгосон газраа баталсан үнээрээ эргүүлэн худалдан авах баталгааг гаргая. Дахин үнэгүй олгохгүй гэдгийг хуульчлан баталгаажуулъя.

Энэ тохиолдолд Банк санхүүгийн байгууллагууд иргэдийн газрыг баталгаажуулан санхүүжилт хийх шууд боломжтой болно. Банк санхүүгийнхний хувьд энэ газар Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаас, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын биржийн үнэт цаастай эн зэрэгцэхүйц зүйл болохоосоо гадна олон улсын зах зээлээс хөрөнгө татах шинэ боломж нээгдэнэ.

Хамгийн гол нь Монгол хүнээ дэмжсэн зөв хөрөнгө оруулалт болно оо.

Зарим хүн, эс бөгөөс бүлэглэл МУ-ыг зарах нь ээ гэж мушгин гуйвуулж болох юм. Тэгвэл нэг тоо бодож үзье.

 МУ-ын 2.7 сая иргэнд 0.07 га газар гэдэг нь МУ-ын нийт газар нутгийн 0.12 хувь л болох бөгөөд энэ нь дээр өгүүлсэн цөөн хүн ам, өргөн уудам нутгийн огтлолцол нь газар гэдгийн нотолгоо болж байгаа юм. Монгол Улсын хүн ам 27 саяд хүрлээ гэж тооцоход үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ нийт газар нутгийг 100 хуваасны нэгтэй л тэнцэнэ. 2.7 саяыг үржих нь 0.07 га үржих нь 70 сая төгрөг гэж тооцоход 135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Тавантолгойн коксжих нүүрсний албан ёсны батлагдсан нөөц 6.4 тэрбум тонн. Үүнийг одоо гаргаж байгаа 70 ам.долларын ханшаар тооцоход 448 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Тэгэхээр иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх газрын нийт үнийн дүн Тавантолгойн нүүрсийг борлуулсны орлогын 28 хувьтай л тэнцэж байгаа юм.

Ач холбогдол

Газар бол

Иргэнд—Бодит өмч-Санхүү эрх чөлөө-Зээл-Боловсрол-Эрүүл мэнд-ЖДҮ

Газар бол үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа бодит өмч. Хувьдаа бодитой өмчтэй болсон Монгол Улсын иргэн тэрхүү хөрөнгөө эргэлтэд оруулах санхүүгийн эрх чөлөөгөө бүрэн утгаар нь эдэлж чадна. Санхүүгийн эрх чөлөөтэй болсон хүн боловсрол, эрүүл мэнддээ жинхэнэ утгаар нь анхаарал тавьж, цаашлаад хувийн бизнес эрхлэх үүд хаалга нээлттэй. Бодитой үнэлэгдсэн газраас иргэнд наалдах ашиг тус нь энэ бүхэн байх болно. 

Нийгэмд—Газрын авлига хаагдах-Улаанбаатарыг чиглэсэн Их нүүдэл зогсох-Орон сууцжилт-Хотын соёл – Далд эдийн засгийг ил болгох

Газрын зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийн нарийн зохион байгуулалтад орсон авлигын сүлжээ хумигдана. Газар жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орно. Дэлхийн бүх улс оронд газар хамгийн үнэ цэнтэй капитал байдаг. Монголд ч газрын энэ үнэ цэнэ ирнэ. Иргэн хүний өмчилсөн газар бодитой үнэлгээтэй болсноор Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдлийг сааруулах боломжтой. Нутаг орон эзгүйрэх аюулаас сэргийлэх давхар ач холбогдолтой. Орон сууцны хорооллууд шинээр баригдаж, одоогийн эсгий хот биш орчин үеийн хот жинхэнэ утгаараа бий болно. Газартай холбоотой эдийн засгийн, мөнгөний хулгайн урсгал, хөшигний цаана болдог нууц яриа хэлэлцээ, арилжаа наймаа олон нийтэд ил тод болж газрын жинхэнэ эзэд нь Монгол Улсын иргэд өөрсдөө болно. 

Улс төр-Санхүүгийн эрх чөлөөтөй заяагдмал болон иргэний эрх нь бүрнээ баталгаажсан Монгол  хүн ирээдүйн Монголын эзэн байх болно.

Дэлхий нийтээрээ зэрэгцэн алхаж амьдран оршиж буй Ардчилал Монголд баталгаажих болно.

Үүнийг яаж хийх вэ

АН-ын дэвшүүлэн тавьж буй “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц хөтөлбөрт суулган Монгол төрийн бодлого болгох замаар иргэн бүрээ эдийн засгийн эрх чөлөөтэй болгосноор Монгол хүн Монголдоо эзэн байх боломжоор хангагдана.

Иргэн нь санхүүгийн эрх чөлөөтөй болсноор эдийн засгийн хувьсгал ялна аа.

Мөнх тэнгэрийн дор

Монгол Улс мөнхжин бадартугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж