“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцэд нийт 26 илтгэл тавигдсан байна. Харин өнөөдрийнхийг УИХ-ын гишүүн З.Энхболд “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ба санхүүгийн механизм”, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн З.Нарантуяа “Эдийн засгийн дархлааны эрх зүйн вакцин”, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар “Эрх чөлөөт монгол хүн”, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эдийн засгийн хөгжил, хариуцлага, шударга ёс” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Лекцийн төгсгөлд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам 2004 оны сонгуульд оролцохдоо хүүхэд бүрт мөнгө олгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж чадсан. Харин 2008 оны сонгуульд оролцохдоо байгалийн баялгийн эзэн нь ард түмэн байна. Тиймээс иргэн бүрт эрдэнийн хувь хүртээхийг мөрийн хөтөлбөртөө тусган хамтарсан Засгийн газарт ажиллаж байх хугацаандаа дээрх амлалтаа ажил хэрэг болгож чадсан. Бид аливаа асуудлыг 30 жилийн дараах байдлаар харах биш ойрын 2-3 жилийн хугацаанд шийдэхийг зорилгоо болгон ажиллана. Ирэх сараас “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг аймаг, сум бүрт хүргэх болно” гэсэн юм.