УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах төлөвтэй ч тодорхой өдөр, цаг товлоогүй байгаа юм байна. Ямар ч байсан энэ долоо хоногт багтаан хуралдах чигтэй гэнэ. Хэлэлцэх гол асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх бололтой. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийе. Харин сум, дүүргийн орон нутгийн сонгуулийг намар нь тусад нь зохион байгуулъя гэсэн саналыг гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн юм. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг нь саналаа өгөх ёстой. Тодруулж хэлбэл, хоёрдугаар сарын 15-нд УИХ дах Ардчилсан намын бүлэг дээрх саналыг олонхийн бүлэгт хүргэсэн тул ямар хариу ирүүлэхийг нь хүлээж буй аж. Мөн УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 5-9-ний хооронд зарлан хуралдуулах шийдвэр гаргаад байгаа. Энэ хугацаанд зөвхөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй өөр олон асуудал байгаа тул цаг хожин УИХ дахь МАН-ын бүлэг нь хамгийн их хүлээлт үүсгээд байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хуралдаанаараа авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй учраас энэ долоо хоногт МАН-ын бүлэг хуралдахаас аргагүй гэнэ.
Г.Дарь