-Та долдугаар сарын 1-ний хэргийг хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн үү?
-Ц.Энхбаяр гуай энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад өмгөөлөгчөөр ажиллах санал тавьж байсан ч тухайн үед өөр хэрэгт өмгөөлөл хийж байсан болохоор чадаагүй. Шүүх хурлын өмнөхөн дахин өмгөөлөгчөөр ажиллааач гэсэн хүсэлт тавьсан учраас хүлээж авлаа. Миний хувьд нийт 29 хавтас хэрэгтэй гуравздугаар сарын 14 хүртэлх хугацаанд танилцана. Өнөөдрийн байдлаар хоёр хавтаст хэргийг уншаад байна. Ерөнхийдөө хавтас хэрэгтэй танилцах хугацаа шахуу байна.
-Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл тухайн үед онц байдлын штабыг удирдаж байсан нэр бүхий хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Одоогоор энэ асуудалд дүгнэлт хийх боломж алга. Яагаад гэвэл би хавтас хэрэгтэй бүрэн танилцаагүй байна. Бүрэн танилцаад дуусахаар дээрх нэр бүхий хүмүүсийг гэрчээр байлцуулах шаардлагатай юу үгүй юу гэдэг нь харагдах болов уу. Гэхдээ гэрчээр дуудлаа гээд асуудал нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм буруутай эсэх талаар ярих нь зохимжгүй. Хэрэг материалтай танилцаж байгаагийн хувьд шалгавал зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хавтаст хэрэгт зайлшгүй авагдах ёстой материалууд авагдаагүй санагдсан. Тэгэхээр энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах болов уу.
-Шүүх хурлыг хаалттай явуулах шүүгчийн захирамж гарсан байна лээ. Гэтэл энэ хэрэг хаалттай болох ангилалд хамаарахгүй. Ийм шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байдаг уу?
-Сэтгүүлч та нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж болно шүү дээ. Энэ хэрэг хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн ноцтой асуудал. Хэрэв хавтаст хэргийн материалд нууцын зэрэгтэй зүйл байгаа бол уг хэрэгтэй танилцаж байгаа хүмүүс нууцыг задруулахгүй байх амлалт өгч, гарын үсэг зурдаг. Гарын үсэг зуруулаагүй учраас энэ хэрэг нууцын зэрэглэлтэй зүйл байхгүй гэж бодож байна. Цагдаагийн удирдлагууд гэм буруутай юу, гэм буруугүй юу гэдгийг мэдэх эрх хүн бүрт бий. Тиймээс шүүх хурлыг хааллтай хийх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг манай улсын дотоодын асуудал. Ийм байхад хэнээс юуг нуугаад хаалттай хуралдуулах гээд байгааг ойлгохгүй байна.