“ТЭЦ-5 хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

“ТЭЦ-5 хэрэгтэй байна”

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд  2010-2016 оны хооронд нийслэлд баригдах орон сууц барих болон дэд бүтцийг шийдэх ажлуудыг хийж байна. Энэ нь хоёр үе шаттай явагдах хөтөлбөр ажээ. Эхний үе шат өнгөрсөн онд хийж дууссан ба, дараагийн шат  2012-2016 онд хэрэгжих тухай НБХБТГ-ын албаныхан мэдээлж байна. Энэ хүрээнд 100 мянган айлын орон сууц баригдахаар болсон ба 75 мянга нь нийслэлд, 2500 орон сууцыг  хөдөө орон нутагт барьж, байгуулах гэнэ. Нийслэл хотод барих орон сууцнуудын тухайд эхний ээлжинд хоёр үндсэн чиглэлээр буюу Шинэ хотхон, хороолол барих болон гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажил хийгдэж байна.

Шинэ хотхон, хорооллыг барих ажлын хүрээнд 2010-2016 оны хооронд Буянт-Ухаа хороололд амьдран суух хүн амын тоог 15975 гэж тооцоод, 3550 өрхийн орон сууцыг барих гэнэ.  Баянголын аманд барих орон сууцны хорооллын тухайд, 4 мянган өрхийн орон сууцыг барих, Яармагын орчим дахь хүн амыг 15750 гэж тооцон, 3500 өрхийн орон сууцыг тус тус барих ерөнхий төлөвлөгөөтэй байна.  Ийнхүү эхний ээлжинд эдгээр гурван байршилд Шинэ хотхон, хорооллыг барих ажээ.

Харин гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлын дагуу 2010-2016 оны хугацаанд 14 дүгээр хороололд 5000, Зүүн сэлбэд 3140, долдугаар хороололд 7000, МҮОНРТ-ийн орчмын хороололд 2000 өрхийн барилгыг тус тус барих гэнэ.

Нийслэлийн барилга хот байгуулалтын төлөвлөлтийн газрын дулааны инженер Б.Цэрэнбалжиртай ярилцлаа.

-Эдгээр хорооллын дэд бүтцийн талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Шинэ хороолол хотхоныг барьж байгуулахтай холбоотойгоор Буянт-Ухаа болон Баянголын аманд барих орон сууцны хорооллын хүрээнд “Тэц 4”-ийг түшиглээд уур усны бойлерын станц байгуулаад, эхний ээлжинд 5,5 км дулааны шугам хийгдэхээс 4,5 км шугам хийгдээд байна. Баянголын аманд 5,5 км шугам тавихаас 4,5-ыг нь тавьсан юм. “Тэц 4” –ийг түшиглээд уур усны бойлер ашиглалтанд оруулах ажил эхлээгүй байна. Буянт-Ухаа дээр 13 дугаар магистралын шугамыг өргөтгөсөн ажил хийсэн.

Харин гэр хорооллыг орон сууцны хороолол болгох ажлын хүрээнд 7 дугаар хороолол, Радио телевиз орчимд барих хорооллыг дулаанаар хангах, төвийн шугамд холбох ажил хийгдэж байна. Бас Зүүн сэлбийн болон, 14 дүгээр хорооллыг дулаанаар хангахын тулд 12, 5 дугаар магистрал шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийлээ.

-Бүтээн байгуулалтыг хийхийн тулд хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байгаа вэ. Түүнчлэн барилга байгууламжид хэрэгцээт эрчим хүчний нөөц бололцоо, хүчин чадал хангалтгүй байгаа гэдэг?

-Тэр бол маш чухал асуудал болоод байна. Шугам шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаа ч эх үүсвэр болсон цахилгаан, дулааны хангамж хамгийн чухал. Уур усны бойлер 216 гигакалор цагийн хүчин чадалтай станцыг барих ажлыг түргэвчлүүлмээр байна. Засгийн газрын 149 тоот тушаалаар хорооллуудын шугам сүлжээ, зураг төслийг хийх хөрөнгө батглагдсан байгаа.  Ер нь төвийн шугамын эх үүсвэрийг төр засаг өөрөө барьж байгуулах юм. Харин дэд бүтцийн хангамжийн асуудлыг шийдсэн байхад эдгээр бүтээн байгуулалтыг ямар ч хувийн компаниуд гүйцэтгэх боломжтой.

 Хамгийн гол нь Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр төслийн хүрээнд анхаарах зүйл бол эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах ажил юм. Дулааны цахилгаан станц 3-ыг түшиглээд эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барих тухай. Энэ станц эхний ээлжинд 2015 онд, хоёрдугаар ээлж 2020 онд ашиглалтанд оруулах зорилттой байна. Хэрэв энэ баригдахгүй бол бүтээн байгуулалтын ажил хэрэгжихэд бэрхшээлтэй.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж