-Сар шинийн баярын өдрүүдэд халдварт өвчний гаралт ямар хэмжээнд байв?
-Баяраар халдварт өвчний гаралт хэвийн хэмжээнд байсан. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 455 өвчтөн хэвтэж байна. Манай эмнэлэг 530 ортой. Орны ачаалал ихсээгүй. Хоолны хордлого, нийтийг хамарсан анхаарал татсан асуудал гараагүй ээ. Өдөрт ойролцоогоор арав орчим өвчтөн хэвтэж, эмчлүүлж байгаа. Энэ нь бол олон жилийн дундаж, өмнөх онуудынхтай харьцуулахад адил, бага түвшинд байна.
-Цагаан сарын өмнө ерөнхий боловсролын зарим сургуулиудын сурагчдын дунд гахайн хавдар тархаж, түр хугацаагаар тухайн ангийн хичээлийг хаасан. Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ? Тархалт нь ямар түвшинд байна?
-Гахайн хавдрын өвчлөл он дамнаад гарсан. Голдуу 5-15 хүртэлх насны хүүхдүүд өвчилж байна. Мөн том хүн ч өвдсөн тохиолдол бүртгэгдсэн. Манай улс 2009 оноос эхлэн гахайн хавдрын эсрэг вакцин тарьж эхэлсэн. Есөн сартайд нь нэг, хоёр настайд нь нэг удаа энэхүү вакциныг тарьж байгаа. Хоёр удаа тариад гахайн хавдраас бүрэн хамгаалагдана гэж үздэг. Энэхүү товлолд ороогүй хоёроос дээш настай хүүхэд болон том хүмүүс гахайн хавдраас урьдчилан сэргийлэх вакцин тариулъя гэвэл сайн дурын дархлаажуултаар вакцин тариулж болно. Нэг хүний доз нь 10 мянган төгрөгөөр манай дархлаажуулалтын кабинетаар тарьж байгаа.
-Сая баяраар өндөр хэмээр халуурдаг шинэ төрлийн вирусны ханиад гарсан гэсэн мэдээлэл байна?
-Одоо томуугийн өвчлөлийн байдал олон жилийн дундаж хэмжээнд байна. Нийт улсын хэмжээнд, нийслэл болон аймгуудад амбульторт хандаж үйлчлүүлж байгаа иргэдийн 70 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдож байна. Шинжилгээгээр гол гол тандалтын цэгүүдээс буюу орон нутгаас сорьц авч байгаа. Өнгөрсөн долоо хоногт аймгуудаас 100 гаруй сорьц аван шинжилгээ хийсэн. Үүнээс 20-иод сорьцонд вирус илэрсэн. Гол илэрч буй вирус нь томуугын В вирус, тэгээд АН3, N2 гээд томуугийн илрэлт гардаг дэлхийд түгээмэл байдаг дээрх хоёр төрлийн томуу үүсгэдэг вирусууд илэрч байгаа. Мөн цөөн тохиолдолд амьсгалын дээд замын вирусууд илэрч байгаа. Шинжилгээний дүнгээр урьд нь байгаагүй, онцгой, шинэ төрлийн вирус илрээгүй ээ.
-Хүмүүс өөрөө ч юм уу, үр хүүхдээ томуугаар өвдөхөд шууд л эмийн сан орж, дур мэдэн антибиотек авч уудаг. Иргэдэд эмийн санчид өөр өөр зөвлөгөө эм санал болгон, түүнийг нь эмчийн зааваргүй дагаж мөрддөг. Томуу, томуу төст өвчнийг хэрхэн хурдан хугацаанд үр дүнтэй эмчилдэг вэ?
-Томууг антибиотекоор эмчлэхгүй. Хамгийн энгийн зүйлээр эмчилнэ. Учир нь томуугийн вируст үйлчилдэг антибиотек хаа ч байхгүй. Манайхан томуугийн хүндрэл хатгаа болчихсон хойно л антибиотек хэрэглэнэ үү гэхээс биш яг томуугийн эсрэг огт хэрэглэдэггүй. Томуу үүсгэж байгаа вирус нь өөрөөсөө хор гаргаж байгаа. Тэр хор нь хүний цусан дотор эргэлдээд явж байгаа. Эргэлдэж байгаа хорыг хурдан саармагжуулж биеэс гаргах ёстой. Ингэхийн тулд шингэн зүйл ахиухан ууж, хөлрөх хэрэгтэй. Хөлөрсөн тохиолдолд цусан дотор явж байгаа хор гадагшилна. Шингэнээр бас хорыг саармагжуулж гадагшлуулдаг. Манайхан томуу тусчихаад ханиагаад гадуур болон ажил, хичээлдээ явж, хүмүүст халдвараа тараагаад байдаг. Томуу туссан л бол гэртээ хэвтрийн дэглэм барин шингэн зүйл сайн уун амны хаалт зүүн, гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг сайн хийн 2-3 хоног эмчлэхэд үндсэндээ хүндрэлгүйгээр бүрэн эдгэрнэ. Шаардлагатай гэж үзвэл эмчээс зөвлөгөө аван зохих эмчилгээг хийнэ.
-Томуугийн вакцин хийж байгаа юу?
-Манай төвд оны өмнө БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн 500 вакцин ирсэн. Үүнийг иргэдэд үнэ төлбөргүй тарьж байгаа. Өнөөдрийн байдлаар 20 тун вакцин үлдсэн. Нэг өдрийн л нөөц байна. Өөр энэ төрлийн вакциныг дархлаажуулалтын кабинетаар 10 мянган төгрөгөөр хийж байгаа.
-Нийслэлд энэ жил агаарын бохирдол өндөр, зарим газар бүр аюултай хэмжээнд байна гэсэн судалгаанууд гарсан. Энэ нь амьсгалын замын халдварт өвчний тархалтад нөлөөлж байгаа юу?
-Нөлөөлөх боломжтой. Ер нь халдварт өвчний гаралтын дотор амьсгалын замын халдварын гаралтад агаарын бохирдол нөлөөлнө. Агаарын бохирдол их байна гэдэг нь голдуу амьсгалын дээд замын өрөвсөлтэй буюу астамтай хүмүүсийн архаг хууч өвчнийг сэдрээгээд томуугийн вирус хурдан нэвтэрч орох боломжийг бүрдүүлж өгч байгаа. Иймээс цэвэр агаар гэдэг бол маш чухал зүйл.
-Орон нутагт халдварт өвчний тархалт хэр байна?
-Хөдөө, орон нутаг, аймгуудад халдварт өвчний гаралт харьцангүй бага байна. Гарч буй нийт халдваруудын 60 орчим хувь нь Улаанбаатарт гардаг. Орон нутагт анхаарал татаад байхаар халдварууд бага байгаа. Шаардалгатай гэвэл зөвлөгөө аван тухайн бүс нутагтаа эмчилж байгаа.