Айвенхоу Майнз компани одоогийн байдлаар 5 тэрбум ам.долларын хөрөнгийг төслийн бүтээн байгуулалтад оруулаад буй ажээ. Энэхүү хөрөнгийг хувьцааны арилжаа болон богино хугацааны зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн бөгөөд цаашид уг төслийн бүтээн байгуулалтад зориулж 4 тэрбум ам.долларын зээл нэмж авахаар төлөвлөжээ. Уг томоохон хэмжээний зээлийг энэ оны хоёрдугаар хагаст багтаан Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын валютын сан, BNP Paribas, Standard Chartered, Канадын экспорт хөгжлийн газар зэрэг хэд хэдэн байгууллагаас авах ажээ. Гэхдээ эдгээр байгууллагын нэгдэл санхүүжилт гаргахын өмнө уг төслийн Байгаль орчин болоод нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг танилцуулахыг даалгажээ.
Одоогоор тус компани Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар төслийн менежментийг эрхлэн гүйцэтгэж буй Рио Тинто компани санал солилцон эрэлхийлж буйгаа онцолжээ.
Айвенхоу Майнз мөн Оюутолгой төсөлд оруулах нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн эзэмшлийн бусад компанийн хувьцааг арилжаалах байдлаар олох хувилбарыг боломжтой гэж үзэж байна. Учир нь тус компанийн эзэмшлийн зарим компанийн хувьцааг худалдаж авах сонирхлоо хэд хэдэн байгууллага илэрхийлээд байгаа ажээ.Тус компанийн мэдээлснээр, компанийн нийт бэлэн мөнгөний үлдэгдэл энэ сарын байдлаар 960 сая ам.доллар байжээ.
Оюутолгой төсөл ашиглалтад орсноор 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 650 мянган унц алт, 3 сая унц мөнгө үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна.
Б.Төгс