Харгиагийн лагийг цэвэрлэх ажлыг удахгүй дуусгана

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Харгиагийн лагийг цэвэрлэх ажлыг удахгүй дуусгана

Улаанбаатар хотод байгаль экологитой холбоотой хуримтлагдсан олон
асуудал бий. Үүний нэг болох Туул голын эргээс 100-гаадхан метрийн зай
дахь Харгиа цэвэрлэх байгууламжийн өмнөх талбайд хаяж байсан арьс ширний
үйлдвэрүүдийн хуримтлагдсан 30 мянган тонн лагийг цэвэрлэх ажлыг
өнгөрсөн оноос эхэлсэн. Олон жил ариутгал цэвэрлэгээ хийлгүйгээр
үйлдвэрийнхээ хажууд ил задгай хаяж хуримтлагдсан хог хаягдлыг зөөж
цэвэрлэх ажлыг гүйцэтгэх манай талын хүсэлтийг БНЧУ-ын тал хүлээн авч
Чехийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлж,
Морингийн даваанд тусгай тусгаарлагч бодисоор тусгаарлан булж эхэлсэн
боловч энэ ажлыг МХЕГ-аас түр зогсоогоод байгаа.

Чехийн талын төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч
Д.Ганболдтой уулзаж  холбогдох газруудтай нь ярьж энэ асуудлыг даруй
шийдвэрлэж өгөхийг хүслээ. БОАЖ-ын сайдад үүссэн нөхцөл байдлыг газар
дээр нь танилцуулан, БОАЖЯ-ны дэргэдэх Аюултай хог хаягдлыг зохицуулах
зөвлөлд асуудлыг оруулж, ойрын үед шийдвэрлүүлнэ гэдгийг хотын орлогч
хэлсэн.

Төсөл эхэлснээс хойш хуримтлагдсан лагны 50 хувийг зөөсөн бөгөөд Чехийн
тал энэ ажилд ашиглаж буй олон улсын жишигт нийцсэн технологидоо
100-150 жилийн баталгаа гаргаж буй юм. Нэг хэсэг хувьчлагдаад бараг
ашиглагдахаа болиод байсан Харгиа цэвэрлэх байгууламжийг хот эргүүлэн
авч, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон технологийн шинэчлэл
хийгээд байгаа. Холбогдох газрууд шийдвэрээ даруй гаргаж, ажил
үргэлжилбэл хотын төвийн ойролцоо, Туул голын дэргэд буй хортой хог
хаягдлыг зайлуулж, цэвэрлэх ажил тавдугаар сарын 01 гэхэд дуусна.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж