Бизнес эрхлэхэд саад болж буй хоёр дахь шалтгаан нь НӨАТ-ын хувь хэмжээ аж. Хэдийгээр Монгол орныг бусад орнуудтай харцуулахад НӨАТ-ын хэмжээгээрээ нэг их хатууд тооцогддоггүй боловч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр чадан ядаж зүтгэж яваа хэсэгт хамгийн том нэрмээсийг энэхүү татвар үүсгэдэг гэнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл дээрээ баттай зогстол нь тодорхой хугацаанд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлдэг болох нь татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Гурав дахь том проблем нь арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаатай холбов. Зээлийн хүү өндөр байгаагаас бизнес эрхлэгч нь зээл авч чаддаггүй. Зээл авлаа гэхэд эргүүлэн төлөхөд бэрхшээлтэй тулдаг. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын хадгаламжийн хүүгийн дундаж 10.5 хувь гэнэ.
Тиймээс банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлд төрийн бодлого чухал байгаа. Ер нь цаашдаа банк санхүүгийн салбар дахь орчин энэ хэвээр үргэлжилбэл инфляци улам хүндэрнэ. Шалтгаан нь Монгол Улсын экспортод гаргаж буй бүтээгдэхүүн нь гол төлөв түүхий. Тухайлбал, нүүрс, зэс гэх мэт байгалийн гаралтай баялагуудыг түүхийгээр нь экспортод гаргаж байгаагийн зэрэгцээ дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бүхнийг гадаадаас экспортолсоор байвал тэр хэмжээгээр инфляци дагаж орж ирж, тэр нь иргэдийн амьжиргааг доройтуулсаар байх дүр зураг харагдаж буйг мөн энэ үеэр тодотголоо. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргах нь эмзэг эдийн засгийн чадамжтай болгох хамгийн зөв гарц болно гэж үзэж байна.