Зургаан хувийн хүүтэй байр мөрөөдөл битгий болоосой

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн хүүтэй байр мөрөөдөл битгий болоосой

Сар шинийн өмнө Засгийн газар бага, дунд орлоготой иргэддээ “баярын багц” задаллаа. Орон сууцны мөрөөдөл болсон гэр хорооллынхон, хөдөөний иргэдийн сэтгэлд бага боловч гэрэл гийлгэв. Хүн болсоор анх удаа орон сууцны зээл хүссэн иргэд Засгийн газраас санал болгосон зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлд хамрагдаад байртай болж болох нь. Төрийн, хувийн хэвшилд ажилладаг гэх ялгавар энд байхгүй.  Орон сууц барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Хөгжлийн банк 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон.

Гэхдээ энд хатуу болзол бас бий. Сууцны талбайн хэмжээ 55 м/кв-аас хэтрэхгүй, үнэ нь 50 сая төгрөгт багтах, эхний ээлжинд үнийн дүнгийн 10 хувь болох таван сая төгрөгийг урьдчилгаа болгон бэлэн тушаах, гэр бүлийн сарын орлого 600 орчим мянган төгрөг байх, 0-16 насны дөрвөн хүүхэдтэй гээд энэ болзол үргэлжилнэ. Тэгээд дээр нь 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан байр байх ёстой. “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг зовлон энд бас гарна. Орон сууцны үнэ тэнгэрт хадаж буй энэ цагт 50 сая төгрөгийн үнэтэй 55м/кв байр олдоно гэдэг ховор. Мөнгөндөө тааруулж бага талбайтай байр авъя гэтэл тийм сууц тун ховор. Нэг, хоёр өрөө сууц ерөнхийдөө “нүдний гэм” болоод буй. Дөчөөс доош м/кв талбайтай сууц олно гэдэг бараг худлаа. Тэр нь олдлоо гэхэд дөрвөн хүүхэдтэй зургаан ам бүлд “бөгс эргэх зайгүй” гэгч болж таарна. Эхний бэрхшээл бол энэ. 2010 онд төрийн албан хаагчдад 40 сая төгрөгийн зээл олгож, 4000 айлын орон сууцанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд тэр мөнгөнд багтах бага талбайтай сууц бараг олдохгүй, иргэд өөрсдөө мөнгөө нэмж төлөхөөр болж байсан юм даг. Гэр хорооллын болоод хөтөлбөрт нэр заагаад буй хөдөө аймгийн олон ам бүлтэй айлд зээл дээрээ нэмж зөрүү мөнгийг нь бэлэн төлөөд байр авах “чөмөг” бараг байхгүй. Бас 600 мянган төгрөгийн сарын орлого гэдэг ч хатуухан даваа.

За яахав, хүүхдийн тоо бол зүгээр л нэг болзол, тэгээд ч 16 хүртэл насны дөрвөн хүүхэдтэй айл олонгүй тул арай цөөн хүүхэдтэй, эсвэл шинэхэн гэрлэсэн хүүхэдгүй хосууд зургаан хувийн хүүтэй сууцанд зүтгээд үзэж болох юм. Гэтэл тэр байруудыг барих гэр хорооллын газар бараг чөлөөлөгдөөгүй байдаг. Зурагтын хавьд л лав гэр хороолол ойрын мөддөө нүүх янзгүй налайж буй. Эх нялхсын төвийн өмнө ганц байр босох гэж дөрөв дэх жилдээ тэлчилж байна. Хотын төвөөс алсхан газар шинээр баригдах сууц байгаа ч мөнөөх “Ургах наран” хорооллынхон зутрав” гэдэг шиг ус, цахилгаан, дулааны гачаалд орж гэрт сууснаас долоо дордвол яана.

Одоо байгаа дээрээ нэмж орон сууц баривал нийслэлийн дулааны хангамж даахгүй гэдгийг дээрээс анхааруулаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Гэтэл тавдугаар цахилгаан станц барих ажлын сураг тасарчихсан. Бараг энэ шалтгаанаар Налайх дүүрэгт барих оюутны хотхоноо хүртэл Багануурт шилжүүлж байгуулах шийдвэр гарч байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр цахилгаан, дулааны шинэ эх үүсвэрээ шийдээгүй байж баахан байр босгох тухай яриад эхэлсэн байдаг. Гэр хорооллынхон биеийнхээ илчийг алдчихаагүй тул бага зэргийн хүйтэн нойтныг даана гэж үзсэн болов уу, эсвэл юу ч бодолгүй төлөвлөчихсөн ч юм болов уу.

Зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл уг нь гэр хорооллынхонд бага боловч итгэлийн од цацраагаад байгаа нь үнэн ч инфляц улам өсч буй цагт түүнийг даган өөдлөх байрны үнэ 20 жилийн дараа байтугай хоёр жилийн дараа энэ чигээрээ байх уу, үгүй юү.

2000-аад оны эхээр УИХ бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бас нэг сайхан хөтөлбөрийг гадаадын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тогтоол гаргаж байсныг санаж байна. Харамсалтай нь тэр тогтоол биелээгүй. Биелээгүй гэдэг нь мөнөөх байранд орлого багатай иргэд бус хөрөнгө чинээтэй нь хамрагдсан. УИХ-аас гаргасан тайлбар нь маш энгийн. “Тэр орлого тааруутай нөхөд зээлийн хүү, байрны мөнгөө төлж дийлэхгүй байсан. Тэгээд хөрөнгөтэйд нь сууцуудыг худалдаад, орсон орлогоор нь сан байгуулж  бага, дунд орлоготой иргэдэд дамжуулан зээлдүүлэх гэж байгаа юм” гээд л өнгөрсөн. Тэр дамжуулан зээлдүүлэх ажил дараагийн засаг гарч ирснээр үлгэр болоод дууссан байх шүү.

Сонгуулийн РR-ын үнэр орсон өнөөдрийн зургаан хувийн хүүтэй зээлийн тухай сайхан мөрөөдөл бяцхан гөлгийг хоолоор хуурч, хамрынх нь өмнө мах үнэртүүлээд зүтгээд очихоор нь бага багаар холдуулж хорхойг нь хөдөлгөж, цоройлгож элдэвлэж зовоож зовоож хаяж өгдөг шиг иргэдээ битгий зовоогоосой. Өмч хувьчлалаас алга дарамхан газартай л хоцорсон, заримд нь гэрийн буурины газар ч үгүй гэр хорооллын иргэдэд зургаан хувийн хүүтэй байрны зээл мөрөөдөл битгий болоосой. Бас сонгуулийн дараа удаах Засгийн газар гарч ирэхэд зүүд болоод замхарчихгүй байгаасай. Юу юунаас өмнө тавдугаар станцаа бариасай.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж