УИХ-ын сонгуулийг автомат системээр хийх болсонтой холбоотойгоор тус бүлэг иргэний цахим үнэмлэх олгох ажлын явц байдал, хурууны хээ таних төхөөрөмжийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Иргэний бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Амарсанаа нарын мэдээллийг сонсчээ.
Холбогдох албан тушаалтнуудын хийсэн мэдээллээр бол иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Хэдийгээр энэ нь төлөвлөсөн цаг хугацаанаас хожимдож эхэлж байгаа ч сонгууль болохын өмнө нийт сонгогчдын цахим үнэмлэхийг хэвлэж дуусах боломжтой гэж тайлбарлажээ. Ингэснээр цахим үнэмлэх хэвлэх ажил, тараах ажил хоёр нэгэн зэрэг хийгдэх болж буй юм байна. Хоёр дахь санаа зовоосон асуудал нь хаягийн зөрчилтэй иргэдийн тоо нарийн гараагүйтэй холбогджээ. Уг нь иргэний бүртгэлийг сайжруулах зорилгоор 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж дүнгээ нэгтгэсэн боловч, Улаанбаатар хотод амьдрах хаягийн зөрчилтэй иргэдийн тоо 40 мянга ч юм уу эс бөгөөс 50 мянга ч болж өсөх магадлалтай аж. Албан тушаалтнууд нарийн тоо хэлэх боломжгүй гэж үзэн дээрх бүдүүн хадуун тоог хэлсэн байна. Тиймээс бүлгээс хэд, хэдэн чиглэлээр Засгийн газар болоод УИХ-ын Иргэний бүртгэлийн дэд хороонд үүрэг өгчээ.
Нэгдүгээрт, цахим үнэмлэхийг иргэдэд олгох чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах. УИХ-ын Иргэний бүртгэлийн дэд хороо ажилдаа шуурхайлан орж, Иргэний бүртгэлийн ерөнхий газарт ажиллах. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яаманд асуудлаа тавих. Алдаа гаргасан албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдгийг тодорхой болгох ёстой гэдэг шаардлага тавьжээ. Энэ асуудлын хүрээнд хөндөгдсөн бас нэг асуудал нь шинэ оны өмнөхөн Иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга байсан Б.Мөнхбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Харин түүний оронд буюу Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга н.Амарсанааг томилсон явдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгчээ. Ингэхдээ “Улстөржсөн томилгоогоо зогсоож, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчийг Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилохыг хүссэн байна. Хуулиараа бол агентлагийн даргыг Төрийн албаны зөвлөлөөс томилох ёстой. Нөгөө талдаа Иргэний бүртгэлийн ерөнхий газарт дэд дарга гэж хүн бас бий. Түүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох бололцоо байгааг ч энэ удаагийн хуралдаанаас гаргасан юм байна. Тиймээс ойрын хугацаанд Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчтэй холбогдох асуудлаар тодорхой шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа бүлгийн дэд дарга Л.Гантөмөр онцоллоо.
Сонгууль болохоос урьтаж энэ мэт асуудлыг шийдвэрлэхгүй бол сонгууль будилаантдаг хамгийн том шалтгаан нь иргэний бүртгэл байдаг учраас аль нэг намын улстөрийн өндөр албан тушаалтныг Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зохисгүй. Эцэстээ хариуцлагаас мултрах нэг арга ч болох талтай гэж үзжээ. Нөгөө талдаа иргэний үнэмлэх олгох ажил нь төрийн үүрэг боловч, энэ удаад иргэдийн оролцоо чухал болохыг онцолж байна. Учир нь өнгөрсөн сонгуулиудад иргэн бүрт сонгогчийн үнэмлэхийг өрх бүрээр очиж тараадаг байсан. Харин энэ удаад иргэдэд сонгогчийн үнэмлэх тараахгүй харин цахим үнэмлэх тараах болж буй учраас түүнийгээ цаг бүрт авах ёстойг анхаарууллаа.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд МАН-ын бүлэг мөн ажилдаа шуурхайлан орж, ээлжит бус чуулган зарлахаас урьтаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах чиглэлээр хоёр бүлгийн дунд хэд, хэдэн уулзалт хийж, ойлголцох шаардлагатай. Ингэхгүй бол ээлжит бус чуулган тавхан хоногт болж дуусахаар хугацааг заасан тул одооноос эхлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэн хэлэлцээрийн ширээний ард суух шаардлага бийг тэрбээр мөн онцлон хэлсэн юм.