Пэпси лигт хожигдолгүй баг үлдсэнгүй | News.MN

Пэпси лигт хожигдолгүй баг үлдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Пэпси лигт хожигдолгүй баг үлдсэнгүй

Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси үндэсний лигийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд боллоо. Хуваарь ёсоор өчигдөр гурван тоглолт болсон юм.

Эхний тоглолт аваргаа хамгаалагч “Харцага” болон “TLG-13” багийн хооронд өрнөлөө. “TLG-13” багийн хамгаалагч Кларенс Жеффри өвдгөндөө бэртэл авсан тул үзэгчдийн суудалд өнжсөн. Түүний бэртэл нэлээд хүнд бололтой, 1-2 сарын турш талбайд гарах боломжгүй гэх мэдээллийг багийн зүгээс өгсөн юм. Багийн түлхүүр тоглогч Жеффриг эзгүйд Б.Дархантөгс гарааны бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарсан ч тоглолтын хоёрдугаар үед шагайндаа гэмтэл авснаар талбайг чөлөөлжээ. Бөмбөг эзэмшилт муутай болсон “TLG-13” өрсөлдөгчөө оноогоор гүйцэж чадалгүй байсаар үндсэн цагт 90:77 харьцаатай ялагдал хүлээсэн. “Харцага”-аас төвийн тоглогч Марко Павлович 34 оноо, +17 самбар гэсэн үзүүлэлтээр тоглогчдыг тэргүүлжээ.

Харин хоёр дахь тоглолт лигийн шинэ “цэрэг” “SBL Becks” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд болсон. “SBL” өмнөх тоглолтдоо С.Пүрэвцэрэнгийн шилдэг тоглолтын дүнд “TLG-13” багийг буулган авч, дээд лигт анхны хожлоо авснаар урамтай, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлэх болсон тул “Акулууд”-ын хувьд өрсөлдөгч нь “хатуу самар” байсан гэж болно. Гэвч Д.Дэлгэрням, Ц.Ганболд тэргүүтэй “Акулууд” тоглолтын эхнээс тэргүүлж, үндсэн цагт 82:67 харьцаагаар лигийн эхний хожлоо авчээ.

“Хасын хүлгүүд” болон “Баянзүрх Буллс” багийн хооронд болсон өчигдрийн сүүлийн тоглолт тун сонирхолтой өрнөсөн. Аваргын төлөө өрсөлдөж болох хоёр багийн тулааныг аав, хүү хоёрын дуэл улам бүр чимж байлаа. Ц.Цэвэрбал дасгалжуулагчийн хүү Ц.Пүрэвдорж аавынхаа удирдлага дор “Ёлууд” багт тоглож байсан ч энэ жилээс “Хүлгүүд”-д хүчин зүтгэх болсон. Тиймээс мэргэжлийн лигт хүү нь анх удаа аавынхаа эсрэг өрсөлдөгчийн хувиар тоглосон нь энэ байлаа. Хамгаалалт ноёлсон тоглолтын эхний хагас 31:26 харьцаатай “Хүлгүүд”-ийн тэргүүлэл дор өндөрлөсөн. Тус багаас Ц.Пүрэвдорж 16 оноо, Уильям Боузер 13 оноогоор багаа тэргүүлсэн ч тоглолтын гуравдугаар үед бүх зүйл “Буллс”-ын талд эргэсэн юм. Энэ үед “Хасын Хүлгүүд” ердөө найман оноо авсан бол “Буллс” 24 оноо авчээ. Улмаар “Бухнууд” давуу байдлаа хадгалсаар 63:58 харьцаатай ялалт байгуулсан байна. Ийнхүү “Хүлгүүд” анхны ялагдлаа хүлээснээр Пэпси үндэсний лигт хожигдолгүй баг үлдсэнгүй. “Буллс”-ыг онооны лидер Дэн Хадли 24 оноогоор манлайлсан бол Рафаэль Харрис 17 удаа самбараас бөмбөг авчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zorigoo 2012-02-28 202.131.231.204

pepsi league ymar gariguudad heden cagaas ywagdaj bgn we

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж