Хуулийн төслөөр бол, албан ёсны өв залгамжлагч нь талийгчийн бүртгэлд нэвтрэх эрхтэй болох бөгөөд аккаунтыг хаах юм уу, он лайн хөшөө дурсгал болгох эсэхийг шийдэх юм байна. Иймэрхүү хууль үйлчилж байгаа цорын ганц муж бол Оклахома бөгөөд тэд бүр 2010 оноос л ийнхүү үймж эхэлсэн билээ.
Нийгмийн олон сүлжээний хувьд энэ асуудлыг өөрийнхөөрөө шийддэг уламжлалтай. Жишээ нь, Facebook талийгчийн хуудсыг хаалтай дурсгалын хуудас болгох боломжийг төрөл төрөгсдөд нь олгодог юм. Найз нөхөд болон хамаатнууд нь “ханан” дээр нь илгээмж үлдээж болдог гэсэн үг. Twiitter харин нас барсныг нь гэрчлэх бичгийг үндэслэн аккаунтыг шууд хаадаг байна. Эдгээрийн аль аль нь хэрэглэгчийн нэр, түлхүүр үгийг задалдаггүй юм.
Талийгчийн бүртгэлд нэвтрэх эрх олгохдоо Gmail хамаатнуудаас нь нас барсан гэрчилгээг шаардахын зэрэгцээ бүрлээчтэй цахим захидлаар харилцаж байсныгаа батлахыг шаарддаг байна.
Иймэрхүү хүндрэлийн улмаас төрөл төрөгсөд нь бурхан болоочийн аккаунтыг зөнд нь хаядаг бөгөөд Facebook үе үе үхсэн хүнийг “найзаа болгох”-ыг санал болгодог нь жаахан тиймэрхүү.
Бусад тоон өв хөрөнгө нь мөн л асуудал дагуулдаг. PayPal-ын дансан дахь мөнгөний үлдэгдлийг гэрээслэл эрхлэгч зохих өв залгамжлагчид бэлнээр гарган хүлээлгэн өгч болдог бол жишээ нь, iTunes өөр дээрээ байгаа хөгжмийн файл болон кинонуудыг нь шууд л царцаадаг байна. Ингэхгүйн тулд энэ бүхнийг заавал гэрээслэлдээ дурдах шаардлагатай гэнэ.
Энд нэгэн зүйлийг онцлоход сүлжээнд “цахим гэрээслэл” гэсэн үйлчилгээ газар аваад байна. Нэлээн хэдэн компани хэрэглэгчийн хамгийн сүүлийн “цахим” хүсэлтийг биелүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жишээ нь, жилийн 29,99 $-оор тэд нийгмийн сүлжээний хуудсыг нь арчилж, эсвэл зохих өвлөгчид нь мэдээллийг шилжүүлэх юм.
Ноён Уитмений хуулийн төсөл тун удаан урагшилж байна. Хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан нь нийгмийн сүлжээнийхний саналыг авах шаардлагатай гэж үзсэнтэй нь холбоотой юм. Мөн өв залгамжлагч нь талийгчийн бүх мэдээллийн санг үзэх эрхтэй юу зэрэг хувь хүний нууцтай холбоотой олон асуудал босч ирж байгаа бололтой.
Эх сурвалж: NewScientist