Монгол Улсын Ерөнхийлөгч сар шинийн өмнөхөн NEWS агентлагийн блиц 100 асуултад хариулахдаа “долоодугаар сарын
нэгний хэрэгт цагдаа нар буруутай юу” гэсэн асуултад ийнхүү хариулав. Миний бие 2008 оны долоодугаар сарын нэгний өдөр болсон
эмх замбараагүй байдлын үеэр үүрэг гүйцэтгэсэн хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр 4 дэх
жилдээ ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд энэхүү
хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх, мэдээлэл
хүргэх
хэлбэрээр олон нийтэд хандаж байсан боловч “Улс төрийн тойм” сонинд өөрийнхөө хөтөлдөг буланд
энэ сэдвээр огт бичиж байсангүй. Учир нь хэргийн материал мөрдөн байцаалтын нууцад хамаарч байсан тул уншигчдад төсөөлөл, таамаг
төдийхөн мэдээлэл
өгөх нь
хангалтгүй санагдаж байсантай холбоотой. Өнөөдрийн хувьд хэрэг шүүхэд шилжсэн, мөрдөн байцаалтын нууц хэмээх ойлголт байхгүй болсон тул
эргэлзээтэй, олон нийт мэдвэл зохих зарим баримтуудыг дэлгэх нь зүйтэй
гэж үзэв. Олны анхаарлыг татаж байсан дуулиант хэргүүдтэй
харьцуулахад энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байгууллага, хяналт тавьсан прокуроруудын зүгээс
олон нийтэд мэдээлэл өгөх, өөрсдөө хэргийг
гарцаагүй илрүүлсэн мэтээр ойлгуулах явдал тогтмол давтамжтайгаар үргэлжилснээрээ
энэ хэрэг онцлогтой. Хүний эрхийг хамгаалж буй өмгөөлөгч бид болон үйлчлүүлэгчид маань мөрдөн байцаалтын нууц хэмээн
хэргийн талаар мэдээлэхгүй байхад тэд ийнхүү
хичээсээр олон нийтийг хэт нэг талын мэдээлэлтэй болгоод амжсан юм. Тухайлбал өнөөх алдарт “гялалзсан хурц гэрэлтэй хар машин иргэдийг буудаад явж
байсан” гэсэн гэрчийн мэдүүлэг. Тэр гэрч болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьж байсан бичлэг Tv9 телевизийн хийсэн баримтат кинонд тодорхой
гардаг.
Хэрэг мөрдөх үеэр цагдаад тийм машин байхгүй, байгаа ч үгүй гэдэг нь тодорхой болсон бөгөөд энэ машины талаар зарим гэрчүүд улсын дугаарыг нь хүртэл хэлсэн байдаг.
Харамсалтай нь шалгалтын явцад зарим нэг жип
машиныг олсон боловч гүйцэд шалгаагүй. Өөрөөр хэлбэл дээрх машин, эзнийг нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан олж тогтоогоогүй. “Цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон”. Энэ мэдээллээр
сэтгүүлчид мэдээ, ярилцлагаа гарчиглаж, мөрдөн шалгагчид
маань ч энэ үгийг давтах дуртай. Хачирхалтай нь энэ талаар хэргийн холбогдогчид
ямар байр суурьтай байгааг хэн ч анхаардаггүй. Тухайн үед үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчид галт зэвсэг хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын
явцаар тогтоогдсон нь үнэн. Гагцхүү
байлдааны сум хэрэглэж, үүнийх нь улмаас хүний амь нас хохирсон байдал тогтоогддоггүй юм. Гартаа
буу барьж явсан, сургуулийн сумаар буудсан аль аль нь тухайн зэвсгийг хэрэглэсэнд
тооцогдоно. Цэрэг армийн мэдлэгтэй хүн бол шууд л ойлгоно. Харин “хэрэглэсэн нь тогтоогдсон” гэсэн үгний
цаана “хүн алсан” гэсэн утга санааг далдалчихаад үүнийгээ дахин
дахин яриад байгаа хүмүүс жинхэнэ учрыг нь хэзээ ч хэлэхгүй. Хохирогчийн биед сум орсон, гарсан ором, байрлал зэргийг харгалзан
үзэж сумны
даялалтыг тооцдог шинжилгээ бий. Энэ нь буу буудсан зай, цэг зэргийг тогтооход үлэмж
ач холбогдолтой. Ийм шинжилгээ энэ хэрэгт огт хийгдээгүй. Хэргийн газраас гуч гаруй хонгио олдсоны зарим нь цагдаагийн
зэвсэглэлд байдаг бууны хонгиотой тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт
гарсан юм. Гэтэл тал хувь нь огт таардаггүй? Хохирогчид өөр өөр газар амиа алдсан байдаг бөгөөд тэдгээр таарахгүй байгаа хонгионууд бол тэдний ойр орчмоос олдсон хонгионууд. Нэгэнт
л цагдаагийн буутай таардаггүй юм бол тэдгээр нь хэний бууных вэ? Хонгио байгаа л бол түүнийг
буудсан буу нь бас байж таарнаа даа. Мэдээлэл багатай хүмүүс үүнийг үгүйсгэхдээ онц байдал зарласан үед цагдаа нараас өөр хэн буутай явах юм бэ хэмээн сөргөдөг. Төсөөлөхөд үнэхээр тийм. Гэхдээ төсөөлөл болон бодит байдлын хооронд ямар их зөрүү байдгийг хавтаст хэргийн материалаас
харж болно. Тухайн үед иргэдээс цагдаагийн байгууллага буюу 102-т өгсөн мэдээллүүд дунд
галт зэвсгийн талаарх мэдээлэл олон бий. Улангассан олон согтуу залуус тэр үед төв замаар
өнгөрсөн тээврийн
хэрэгслүүдээс микроавтобус болон Солонгосын жижиг тэрэгнээс бусдыг нь зогсоож
цонх шилийг нь хагалж байх үед хохирогчид нь “Та нар наанаа байж байгаарай удахгүй ирж
бүгдийг
чинь буудна” хэмээн орилсноос өгсүүлээд тайрсан буутай этгээд буугаа цуваараа далдалчихаад явж байсан,
Хөдөө аж ахуйн яамны гадаах талбай
дээр “Калашников” автомат барьсан залуус тэнгэрлүү
буудаж байгаад хөдөлсөн /гэрч Т-ийн мэдүүлэг/ гэх мэтийн маш олон мэдээллийн мөрөөр шалгалтуудыг
хангалтгүй хийсэн юм. Тэр ч байтугай үйл явдлын маргааш онгоцны буудал дээр гадагшаа нисэх гэж байсан
нэгний цүнхнээс бууны замаг хураагдаж байв. Х.Тэмүүжин гишүүн шударга хуульч хүнийхээ хувьд хэргийн газраас олдсон гэх хонгио, сум зэргийг үзүүлж, цагдаагийн
өдрийн
тэмдэглэл гэгчийг олон нийтэд хүргэсэн. Энэ үйлдлийг өнгөц харахад цагдаа нарын гэм буруутайг гарцаагүй нотолсон
мэт боловч харин ч түүний энэхүү хичээл зүтгэлийг
прокурорын байгууллага огт үнэлээгүй, харин ч үгүйсгэсэн. Учир нь өмгөөлөгч миний бие тэдгээр нотлох баримтыг шинжилгээнд хамруулж өгөөч, тухайн
үед үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн
албан хаагчдын буутай харьцуулж шинжлэх нь үнэнийг тогтооход тус болно хэмээн хүсэлт гаргасан
ч хүлээж аваагүй.
Өнөөдөр тэрхүү баримтууд
хүний эрхийн
дэд хороонд хадгалагдсан хэвээр л байж байгаа. Тэмдэглэл гэгчид нэр нь дурьдагдсан
хурандаа Ш.Батсүх бичигдсэн үйл явдлаар өөрийгөө шалгуулах
хүсэлт
гаргасан ч шалгадаггүй. Үнэхээр тогтоож нотолсон юм бол тэр хонгиог шинжлэхээс юундаа эмээгээ
вэ, Батсүхийг яагаад шалгахгүй байна, эзэн нь тогдоогдоогүй тэр олон хонгиог буудсан буунууд хаана, хэнд байна, гялалзсан
хар машин хаана байнаа?
Энэ мэт маш олон асуулт хариултгүй үлдэж
байгаа. Үүнийг дагаад үнэнийг мэдэх олон нийтийн эрх зөрчигдөж байгаа юм. Мөрдөх, хянах үүрэг хүлээдэг байгууллагууд нь ямар ч аргаар болов шүүхэд өг, биднээс
л хол байвал бараг гэж шилжүүлчихээд араас нь “ял авна гэх нь ч юу юм, гэхдээ гарцаагүй тогтоогдсон”
гэсэншүү юм яриад, хэвлэлийн
хурал зарлаад, сонинд ярилцлага өгөөд суух ч яахав, хамгийн гол нь эрдэнэт таван хүний амийг
хөнөөсөн жинхэнэ
эзэд нь тэдний яриаг сонсоод инээвхийлж суугаа бол яах вэ.
“Хэн гэдэг цагдаа хэнийг буудсаныг тогтоох боломжгүй” гэж
албан ёсоор мэдэгдчихээд, хүнд хэцүү цагт
үүрэг гүйцэтгэсэн
хэдийг нь цагдаагийн албан хаагчдад огт хамаагүй цэргийн
зүйл ангиар
яллаад, түүнийгээ зөв хэмээн харагдуулах гэж зүтгэн дахин аюул нөмрөхөд аврал эрэх цагдаагийн албан хаагчдын урам зоригийг зориуд мохоож
байгаагийн цаад учир юунд байна вэ.
Өмгөөлөгч миний бие дөрөв дэх жилдээ энэ мэтийн олон асуултад хариулт олоогүй л явна.
Он цаг өнгөрөхийн хэрээр үймээн самууныг өдөөсөн, турхирсанууд нь ардын баатар болж, хулгай хийсэн, дээрэмдэж тоносон
нь хэлмэгдсэн болохыг үзлээ. Шударга бус сонгуулийг эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөнийг эмх замбараагүй байдал болгож хувиргачихаад, түүнээсээ ашиг хонжоо хайсан, бидний хамгийн үнэтэй
баялаг болох тусгаар тогтнолд маань хүртэл заналхийлсэн жинхэнэ эздийнх нь талаар ч таамаглалтай боллоо. Гэхдээ шударга ёсонд, хамгийн гол нь хууль ёсонд итгэх итгэлээ
гээсэнгүй. Тиймээс энэ хэргийн талаарх баримтуудыг цаашид ч хүргэх
болно. Хэрхэн үнэлэхээ олон түмэн шийднэ биз ээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин