”Реал Мадрид” баячуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

”Реал Мадрид” баячуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб тав дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн чинээлэг хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг тэргүүллээ. “Deloitte” санхүүгийн фирмийн спортын хэлтсээс гаргасан уг жагсаалтыг “Хөлбөмбөгийн мөнгөний лиг” хэмээн нэрийддэг бөгөөд 2008-2009 оны улирлын санхүүгийн байдлыг харгалзан гаргажээ. “Реал Мадрид” жагсаалтын тэргүүнд бичигдсэнээс гадна жилийн орлого нь 400 сая еврогоос давсан анхны спорт клубээр тодорсон байна. Тэд өнгөрсөн улиралд Ла лигт хоёрдугаарт бичигдэж, Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас хасагдсан ч “Mediapro”-той байгуулсан телевизийн гэрээ нь тэдний санхүүгийн байдалд тун сайнаар нөлөөлжээ.
Жагсаалтын хоёрдугаарт “Реал”-ын мөнхийн өрсөлдөгчид гэгддэг Испанийн “Барселона” клуб бичигдсэн бол гуравдугаарт Премьер лигийн “Манчестер Юнайтед” клуб жагсчээ. Удаагаар нь “Арсенал”, “Челси” болон “Ливерпуль” клубууд бичигдсэн байна. “Deloitte”-гийн албаны хүмүүсийн ярьснаар хэрэв паундын ханш унаагүй, 2007 оны төвшинд байсан бол “МанЮ” жагсаалтыг тэргүүлэх учиртай байсан гэнэ. Хэдийгээр ханшийн зөрүүний улмаас “Улаан чөтгөрүүд” байр ухарсан ч дэлхийн топ 20 баян клубын долоо нь зөвхөн Английн багууд байгааг тэд онцолжээ. Тодруулбал, дээр дурдсан Премьер лигийн дөрвөн клубээс гадна жагсаалтын эхний 20-д “Тоттенхэм” /15/, “Манчестер Сити” /19/ болон “Ньюкастл Юнайтед” /20/ нар байгаа юм.
Түүнчлэн дэлхийн хамгийн баян 20 клубууд бүгд “их тав” гэгддэг дэлхийд алдартай Европын лигийн багууд ажээ. Германы Бундеслигээс тав, Италийн Сери А лигээс дөрөв, харин Франц болон Испанийн лигээс тус бүр хоёр клуб топ 20-д багтсан байна. Харин уг жагсаалтад “Вердер Бремен” болон “Манчестер Сити” багууд шинээр бичигдэж байгаа юм.

Дэлхийн хамгийн баян клубууд /жилийн орлогын хэмжээгээр/:

1. “Реал Мадрид” /Испани/ – 401.4 сая евро

2. “Барселона” /Испани/ – 365.9 сая евро

3. “Манчестер Юнайтед” /Англи/ – 327 сая евро

4. “Бавария Мюнхен” /Герман/ – 289.5 сая евро

5. “Арсенал” /Англи/ – 263 сая евро

6. “Челси” /Англи/ – 242.3 сая евро

7. “Ливерпуль” /Англи/ – 217 сая евро

8. “Ювентус” /Итали/ – 202.3 сая евро

9. “Интер Милан” /Итали/ – 196.5 сая евро

10. “АС Милан” /Итали/ – 196.5 сая евро

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж