2010 оны улсын баяр наадмын өмнө, Орхон аймгийн ойн наадамд дөнгөж түрүүлээд байсан цэргийн хурц арслан Ч.Санжаадамбад Их аварга Д.Дагвадорж “Улсын аварга болох”-ыг билгэдэн, дөрвөн хүчтэн сийлсэн, шүрэн толгойтой цагаан манан хөөрөг гардуулж байжээ. “Сийлбэрлэсэн хүчтэнүүд нь хар, цагаан хэл ам дардаг юм. Миний дүү ирэх жил аварга болоорой” хэмээн Их аваргын барьсан хөөргийг өнгөрсөн жилийн баяр наадамд заан цол хүртсэнийхээ дараа Ч.Санжаадамба эргүүлэн аваргад барьжээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үгийг тунгаан, наадамд нэгэнтээ түрүүлж чадаагүй тул Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр эл хөөргийг цагаан хадагны хамт Их аварга эзэнд нь барьсан тухайгаа Ч.Санжаадамба заан ярьсан удаатай.
Усан луу жилийн сар шинийн баяр зориулсан битүүний өдрийн барилдаанд нэгэнтээ хүч бяраа хүндлэлцэн хөөрөг солилцож явсан хоёр хүчтэн ийн таарчээ. Ар, өврийн хангайн алдарт бөхчүүдийн гэрэл зургийг Facebook-чид цахим хуудаснаа байрлуулсан нь энэ.