В.Путин голлон тоглогч хэвээрээ байна

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

В.Путин голлон тоглогч хэвээрээ байна

Оросын нийслэлд уржиг­дар цас зөөлнөөр хаялан оржээ. Энэ үеэр нүүрэндээ инээмсэглэл тодруулсан моск­вачууд гар гараасаа хөтөлж, хотынхоо гудамжинд эгнэн зогссон байна. Тэд цагаан тууз гартаа атгаж, цагаан бөмбөлөг тэнгэрт хөөргөцгөөх аж. Яг л баярын парадад оролцож байгаа юм шиг. Гэхдээ энэ парадыг Кремлийн удирдагчид зохион байгуулаагүй учраас тэдэнд таалагдаагүй нь лавтай. Оросууд нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд баг­таж байсан орнуудад өнгөт хувьсгалыг экспортолж байв. Харин өнөөдөр тэд өөрс­дөө “В.Путингүй Орос орны төлөө” хэмээн уухайлж, эх орондоо өнгөт  хувьс­гал хийхээр бэлтгэж байна уу гэлтэй. ОХУ-ын Ерөн­хийлөгчийн сонгууль ойртох тусам үүнийг нотлох мэт Кремлийн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал, хөдөл­гөөн эрчимжлээ.

Уржигдар Москвагийн төв хэсэг дэх “Садовое кольцо” гудамжинд ойролцоогоор 16 километр урт үргэлж­лэх замын дагуу 35 мянган хүн цуг­лаж, В.Путины эсрэг тэмцэлд нэгд­сэн байна. Тэд ирэх ням гарагт болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд ялах магадлал хамгийн өндөр байгаа В.Путиныг дэмжихгүй гэдгээ ийн илэрхийлжээ. Оросын сөрөг хүчнийхэн энэхүү жагсаалыг зохион байгуулахаар интернэтэд зар тавьсан нь үр дүнд хүрч, товлосон өдөр олон хүн цугласан байна. Зөвхөн “Фэйсбүүк”-ээр дамжуулж мэдээлэл авсан 12 мянган хүн “Садовое кольцо”-д очжээ. Тэд сонгуулийн санал хураалт дууссаны маргааш буюу ирэх даваа гарагт эсэргүүцлийн өөр нэгэн хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд Орост болсон парламентын сонгуульд Нэгдсэн Орос нам ялалт байгуулсны дараа Кремлийн удирдагчдыг эсэргүүцсэн жагсаал нэг бүс удаа болсны сүүлийнх нь энэхүү цагаан туузтануудын жагсаал байв. Харин Оросын сөрөг хүчнүүд кампанит ажилдаа зориулж интернэтийг өргөнөөр ашиглаж байна. Энэ бүхэн сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх бол.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуу­лийг Сахалины бүс нутгийн иргэд эхлүүлнэ. Тэд ирэх баасан гарагт хамгийн түрүүнд саналаа өгнө. Түүнчлэн одоогийн байдлаар Оросын Засгийн газар Элчин сайдын яамдаараа дамжуулж санал хураах хайрцгийг улс орнуудад байршуулаад байгаа аж. Үүнээс Болгар, Латви, Германд санал авах байр хамгийн олныг байгуулжээ. Одоогийн байд­лаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчид телевизийн ярилцлагад орж, иргэдтэй уулзан байр суурийг нь сонирхох зэргээр кампанит ажлаа үргэлжлүүлж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт В.Жириновский, Г.Зюганов, С.Миронов нар ОХУ-ын Ерөнхий­лөгч Д.Медведевтэй уулзаж, Оросын улс төрийн тогтолцооны талаар ярилцсан юм. М.Прохоров оюут­нууд­тай уулзаж, Москвагийн ахлах сургуулиудаар зочлон сагсны шиг­шээ багийнхан нь  хэрхэн тоглохыг сонирх­сон. Тэрбээр Алла Пугачеваг сонгуу­лийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгожээ. Харин В.Путин Сибирийн эмнэлгүүдэд зочилж, эрүүл мэн­дийн салбарын шинэчлэлийн тухай ярьж явна. Үүнтэй зэрэгцээд сонгуулийн урьдчилсан таамгууд гарлаа.

Судалгаагаар М.Прохоров бо­лон Шударга Орос намын тэр­гүүн С.Мироанов нарын нэр хүнд тасралт­гүй өсч байгаа аж. Харин Либе­раль ардчилсан намын тэргүүн В.Жири­новскийнх тогтвортой бай­гаа бол Коммунист намын лидер Г.Зюгановын нэр хүнд буурч байгааг Оро­сын  нэр хүндтэй судалгааны төвүү­дээс гаргасан мэдээлэл харуулжээ. В.Путины хувьд өнгөрсөн долоо хоногт рейтинг нь 53 хувьтай байсан бол энэ долоо хоногт 55 хувь болж өгсөн. Үүний шалтгааныг Оросын интернэт хэрэглэгчдийн тоо телевиз үзэгчдийнхээс цөөн байгаатай хол­бон тайлбарлаж болох юм. Харин телевизүүдийн хувьд бүгд төрийн мэдэл, хяналтад байдаг. Өөрөөр хэлбэл, оросуудын дийлэнх нь В.Путинг улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах хүн гэдэгт итгэсээр байна. Гэхдээ “Левада” төвөөс явуулсан судалгаагаар өмнө нь 85 хувь байсан В.Путины рейтинг одоо эрс буурчээ.

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин сонгуулийн санал хураалтад гадны орнуудын нөлөө орох вий хэмээн болгоомжилж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр эрх баригчдыг эсэргүүц­сэн олон арван мянган хүн оролцсон жагсаалын ард гадны санхүүжилт байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа­гаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт В.Путин иргэдтэй уулзах үеэрээ “Бид хүмүүсийг хилийн чанад руу харахгүй байхыг хүсч байна. Харин эх орноосоо урвахын оронд бидэн­тэй нэгдэх хэрэгтэй. Манай улсын дотоод хэрэгт гадны ямар ч хүчин оролцохыг зөвшөөрөхгүй” хэмээн ярьсан байна.

В.Путин өмнө нь хоёр удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэр үед түүний эсрэг ийм хүч­тэй тэмцэл өрнөж байгаагүй би­лээ. Тиймээс энэ бүхэнд гадны нөлөө орсон байж магадгүй хэмээн таамагласан бололтой. Үгүй ядахдаа л тэгсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон Нэгдсэн Орос намын хурлын үеэр В.Путин сонгуульд нэр дэвшихээ, Д.Медведев түүнийг дэмжихээ мэдэгдсэн явдал нь Оросын улс төр дэхь В.Путины ноёрхол нурах болоогүйг харуулсан юм. Гэхдээ ийнхүү удирдах албан тушаалыг ил наймаалцсан нь оросуудын дургүйцлийг төрүүлсэн хэмээн барууны шинжээчид онцолдог тал бий.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчдээс тун цөөхөн нь нэр хүндтэй, ялах магадлалтай хүмүүс. Мэдээж энэхүү жагсаалтыг В.Путин тэргүүлнэ. Түүнийг эсэргүүцэгчид урьд байгаагүйгээр олширч байгаа. Тийм боловч В.Путин дахин сонгогдвол хүмүүсийн улс төрд оролцох эрхийг чөлөөтэй болгож, Оросын цэрэг, армийг шинэчлэхийг амлаж байна. Тэр уудам Орос орныг нэгтгэн захирч, АНУ-ын эсрэг сөрж чадах цорын ганц хүн мэтээр имижээ бүрдүүлдэг. Үнэхээр ч олон улсын тавцанд В.Путин нэр хүндтэй нь үнэн.

В.Путины өрсөлдөгчдийн нэг М.Зюганов өмнө нь 1996 онд Борис Ельцинтэй өрсөлдөж, сонгуульд ялах дөхөж байсан удаатай. Энэ удаад тэрбээр байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилахаа амла­сан. М.Зюгановыг дэмжигчид нь ихэвчлэн тэтгэврийн насныхан болон хөдөө орон нутагт байгаа ахимаг насны жирийн ажилчин хүмүүс аж. Өөрөөр хэлбэл, ЗХУ-ын үеийг дурсан санагалзагчид түүнийг дэмжиж байна. М.Зюганов өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс тэрбээр сонгогдвол улс төрийн хоригдлуудыг суллахаа амласан юм. М.Зюганов бол хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ В.Путиныг ялах дайны хүчтэй  байж чадах болов уу.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаа­гийн сонгуульд сонирхол тата­хуйц нэгэн хүн нэр дэвшиж байгаа нь өдгөө 42 настай, АНУ-ын “Нью-Жерси нэтс” сагсанбөмбөгийн багийн эзэн, тэрбумтан М.Прохоров юм. Түүний нийт хөрөнгийг 18 тэрбум ам.доллар гэж үнэлдэг. Гэхдээ Оросын улс төрийг олон ургальч үзлийг өөртөө шингээсэн, аль ч нам хүчинд бо­ломж олгодог тогтолцоотой гэд­гийг харуулахын тулд Кремлийн удирдаг­чид М.Прохоровыг сонгуульд сойж байна гэх таамаг гарсан. Мэдээж М.Прохоров үүнийг үгүйс­гэсэн боловч хэн түүнийг нотолж чадах билээ. Түүнийг бизнесээс залх­сандаа улс төрд орж байгаа гэх шинжээчид ч байгаа юм. Бусад нэр дэвшигчидтэй харь­цуулахад М.Прохоров барууны хэв маяг бүхий кампанит ажлыг идэвх­тэй хийж, өөртөө нэлээд түрэмгий дүр төрхийг бий болгожээ. Түүнийг барууныхантай ойр ажил­ладаг учраас Оросын эдийн зас­гийг шинэчилж чадна хэмээн найд­сан залуу үеийнхэн түүнийг их дэмжиж байгаа болол­той. М.Прохоров Ерөнхийлөгч болбол М.Ходорковскийг суллахаа мэдэгдсэн. Гэхдээ үүнийг консерватив үзэлтэй, ахимаг насныхан дэмжихгүй нь мэдээж юм.

В.Жириновский өдгөө 65 настай. Ажиглагчид түүнийг Кремлийн алиалагч гэж нэрлэх нь бий. Оросын Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарч, дотоод, гадаад бодлогоо шинэчлэх цаг болсныг байнга сануулдаг хүн. Гэтэл түүний Либераль ардчилсан нам нь үнэн хэрэгтээ зөвхөн түүний харцаар хөдөлдөг гэж улс төр судлаачид дүгнэх нь элбэг. Өөрөөр хэлбэл, либераль, ардчилсан үзлийг аль, алиныг нь баримталдаггүй гэсэн үг. В.Жириновский дөрвөн жилийн өмнөөс Оросын улс төрд орж ирэхээр санаархах болсон.

Нэгэн цагт В.Путины анд нөхөр байсан С.Мироновыг В.Путинтэй жинхэнээсээ муудалцсан эсэхэд ажиглагчид харилцан адилгүй байр суурь илэрхийлдэг. Магадгүй түүний хэлж буй үг, хийж буй үйл хөдлөл нь Кремлиэс сайтар дэглэсэн жүжиг хэмээн дүгнэх нь бий. С.Миронов найман жилийн өмнө В.Путины эсрэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв. Гэхдээ тэр үед “Владимир Путинг дараагийн Ерөнхийлөгч болгохыг бид бүгд хүсч байгаа” хэмээн хэлж байснаас нь үзвэл тийм ч гал цогтой өрсөлдөгч байгаагүй юм.

Хэдийгээр эсэргүүцлийн жагсаа­луудаас болж нэр хүнд нь буурч байгаа боловч В.Путин Оросын улс төрийн голлон тоглогч хэвээр байна. Түүнийг ард түмнийх нь тал хувь нь дэмжиж байгаа. Харин өрсөлдөгчдийг нь нөгөө тал хэсэг нь дэмжсэн.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж