Дэлхийн банкнаас ЭЗ-ийн эрсдэл байгааг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкнаас ЭЗ-ийн эрсдэл байгааг сануулав

Дэлхийн банкнаас  Mонгол Улсын эдийн
засгийн улирлын тоймыг эрхлэн гаргажээ. Түүнд  “Дотоодын  нийт
бүтээгдэхүүний өсөлт 2010 онд 6.4 хувь байсан бол өнгөрсөн жил 17.3
хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо” хэмээн тоймдоо
мэдээлжээ. Түүнчлэн  өнгөрсөн оны эцэст инфляци 11.1 хувьд хүрч албан
бус салбарын ажилчдын бодит орлого буурч эхэлсэн. Эдийн засаг ийнхүү хэт
халж байгаагийн үндсэн шалтгаан нь уул уурхайн орлого хурдацтай
нэмэгдсэнтэй холбоотой ч үнэн чанартаа манай улсын төсвийн зарлага 2011
онд 56 хувиар өссөнтэй холбоотой аж. Үүгээр зогсохгүй энэ онд дахин 32
хувиар нэмэгдэхээр төсөвлөгдсан байна. Дээрх тохиолдолд төсөв мөнгөний
шинэ бодлогыг даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа аж. Хэдийгээр
Монголбанкнаас инфляцийг хязгаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр
2011 онд багагүй ажилласан ч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг
утгатай, банкны зээл хурдацтай өсч,  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73
хувьд хүрээд байгаа нь эрсдэл дагуулж байгаа аж. Энд дахиад л мөнгөний
хатуу бодлого баримтлах хэрэгтэй болжээ гэдгийг онцолж байна.
Шинжээчдийн дүгнэж буйгаар Европын улсуудад үүсээд буй өрийн хямрал
үргэлжилж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ огцом унаж болзошгүй гэнэ.
Одоохондоо үр нөлөөний хувьд цочрол төдий байгаа юм байна. Гэхдээ 2008
онд харин ийм цочрол дэлхийн эдийн засагт нөлөөлсөн. Эцэст нь дүгнэхэд
бид үнэхээр Дэлхийн банкныхны хэлснээр тодорхой бус үед ирээд байгаа
бололтой.

Улирлын тоймд
дурдсанаар “2008-2009 оны хямралын үеэр БНХАУ дэд бүтцээ анхаарч эдийн
засгаа дэмжиж бодлого хэрэгжүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлт
буурч буй өнөө үед дахин ийм арга хэмжээ авахгүй байх магадлал өндөр
байгааг анхаарах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн цаашид бий болох эрсдэлд
бэлэн байхыг санууллаа.

Б.Яруу
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж