С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарыг нэг тойрогт өрсөлдүүлье

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарыг нэг тойрогт өрсөлдүүлье

Улстөрчид өө, туршилтын сон­гуулиа эхлэх үү. Ц.Ням­дорж сайдын санал бол­госончлон Сонгуулийн тухай шинэ хуулийн чанарыг ирэх зургаадугаар сараас өмнө шалгая. Бас намдаа хандив өргөгсөд, намынхантайгаа нанчилдаж байгаад нэр дэв­шихийг горилогсдыг тур­шилтын сонгуульд нэр дэв­шүүлэхийг хориглоё. Ха­рин Ардын намын дарга С.Бат­болд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг нэг мандаттай тойрогт нэг нэ­гэнтэй нь өрсөлдүүлбэл ямар вэ. Оросууд сонгуулийн “тест” явуулж, Чингис хааныг I Петр хаан, Алек­сандр Македонскийтой өрсөл­дүүллээ, сая. Бүр “Сонгуульд I Петр хаан яллаа” гэж зарлан тунхаглав. Нэр алдар, үйл хэрэг нь түүх болон үлдсэн хүмүүсийг нэгэн цаг үед амьдарч байсан, эс амьдарч байснаар нь үл ялган ийн өрсөлдүүлж байгаа юм чинь манай үеийн “баатрууд”-ыг өрсөлдүүлж яагаад болохгүй гэж. Ямартай ч жагсаалтын эхэнд Ардын намын дарга С.Батболдын нэрийг бичье. Харин хоёрдугаарт хэний нэрийг бичих вэ. Н.Алтанхуяг уу, аль эсвэл Н.Энхбаяр уу. Энэ их ээдрээтэй асуудал шүү. Хэрэв МАН-ын даргын дараа АН-ын даргын нэрийг бичвэл сонгогчид үүнийг МАНАН хэмээн холбож унших гээд байдаг. Магадгүй, зарим нь уурлаж, гурав дахь эрхмийн нэрийг дугуйлах биз. Тэгэхээр дээрх хувилбар С.Батболдод ч, Н.Алтанхуягт ч эрсдэлтэй. Хамтарч засаг бүрдүүлчихээд хоёр тийш болцгоосон нөхдөд байтугай намд нь ч хохиролтой. Гэвч өөрийнх нь нэрийг хамгийн сүүлд буюу гуравдугаарт бичихийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр зөвшөөрөх болов уу, яах бол. МАХН гэдэг нам Монголын улс төрд монопольчилж, Н.Энхбаяр гэ­дэг эрхмийн өмнө өдгөөгийн эрх баригчид бөхөлзөж явсныг эргэн дурсвал тэр лав уурлана.

 “Эв нэгдлийн сум багцалж болсон юм чинь эвслийн “нум”-аа татахад яадаг юм” гэж бухимдах нь гарцаагүй. Тэр ч атугай “С.Батболдод улс төрийн хичээлийг анх заасан багш нь би. Тиймээс би түүнээс илүү туршлагатай. Ардчилсан нам ч яах вэ. Ардын намын “охин” нам. Н.Алтанхуягийн тухайд С.Баяраас адис хүртэж, намаа ч, найзуудаа ч арилжчихсан тоодон панз. Эрх баригчид хүссэн цагтаа Ардчилсан намыг худалдан авч, хүслээ гүйцэлдүүлсэн хойноо “хогийн сав” руу шидчихдэгийг хамгийн түрүүнд харуулсан хүн нь Н.Энхбаяр шүү дээ” хэмээн хорон үг унагаж ч мэднэ. Гэхдээ л энэ удаад С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гурваас өөр сонголт алга. Цаг ч дуусах дөхөж байна.

Эрх баригч хүчнийхэн 91 жилийн ойгоо ирэх сарын 1-нд тэмдэглэнэ. Харин ардчиллыг нэрийн хуудас болгосон Ардчилсан нам 12 настай. Тэгвэл Н.Энхбаярынх… Хариулахад хэцүү асуулт шүү. Ардын намаас салан тусгаарлаж, МАХН гэдэг онцгой объекттой болсон нөхөд саяхан нэг жилийн ойгоо тэмдэглэсэн. Хүүхдээр бол дөнгөж хөлд орж байна гэсэн үг. Гэхдээ олон түмний дунд хэн нь илүү нэр хүндтэй вэ. С.Батболд уу, Н.Алтанхуяг уу, аль эсвэл Н.Энхбаяр уу. Аль намын рейтинг өндөр байна вэ. Ардын намынх уу, Ардчилсан намынх уу, аль нь ч биш бол МАХН-ынх уу. Энэ бүхнийг харьцуулбал хачин сонин дүр зураг харагдах биз. Ямартай ч насжилтаар нь жагсаавал Ардын нам нэгдүгээрт, Ардчилсан нам хоёрдугаарт, МАХН гуравдугаарт бичигдэнэ. 

С.Батболдын тухайд Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд. Н.Энхбаяраас бага туршлагатай ч бай, үгүй ч бай тэрбээр 160 гаруй мянган гишүүнтэй эрх баригч хүчний тэргүүн. Хамтарсан Засгийн газрын үед хийсэн ажлууд, бас дэвшүүлсэн санаачилгуудаараа ард түмнээс лав Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёроос илүү оноо авсан нь тодорхой. Экс Ерөнхийлөгч МАХН гэдэг нэрийг өмчилсөн ч С.Батболдын үед хэрэгжсэн бүтээн байгуулалт, халамжийн бодлого, бас хөгжлийн хөтөлбөрийг нь өмчилж чадахгүй. Тэгвэл Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын үеийн түүхээс чухам юуг өмчлөх эрхтэй вэ. Оюутолгойг уу, одоо эргэлзээтэй болсон Тавантолгой төслийг үү. Ерөөсөө хамтарсан Засгийн газрын түүхийг тэр чигт нь өмчлөх үү. Ингэхэд тэрбээр өнгөрсөн хугацаанд ямар капитал хуримтлуулсан бэ. С.Батболдын танхимыг орхин гарахдаа ирэх сонгуулиар намдаа ч, өөртөө ч оноо авах ямар олзтой буцаж ирэв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт яг одоо ямар “зэвсэг” байна вэ. Ирэх сонгуулиар биш, туршилтын сонгуулийн үед өрсөлдөгчийнхөө эсрэг сөрж зогсох хүч түүнд бий юү. Энэ л хамгийн ээдрээтэй асуудал. Ардын намын рейтинг унавал Ардчилсан намын рейтинг дагаж буурдаг хэцүү үе. Хамтарсан Засгийн газрын түүхийг эцэс болгох шийдвэрийг Н.Алтанхуяг гаргасан ч МАНАН хэмээх товчлол олон нийтийн ой санамжид хадгалагдсан хэвээр байна. Харин туршилтын сонгуульд С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хэн нь ялах бол. Үгүй ээ, хэн нь ялагдах бол. Энэ л их сонирхол татна. Хэрэв Ардын намаас нэр дэвшигч ялагдвал яах вэ. Тэгвэл түүнд ирэх сонгуульд намаа удирдаж оролцох нэр нүүр үгүй болно гэсэн үг. Хамтарсан Засгийн газар биш, Ардын намын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын хувь заяаг ирэх сонгуулиас урьтаж шийдэхэд хүрч ч мэднэ. Харин Н.Алтанхуяг ялагдвал Ардчилсан нам Монголын улс төрийн тавцан дахь хоёр дахь голлон тоглогчийн байр сууриа тэр чигт нь алдах болно. Гэвч энэ сонгуулиар хамгийн их эрсдэл үүрэх эрхэм бол Н.Энхбаяр. Түүний хувьд УИХ-ын 2012 оны сонгууль тухайн үеийн МАХН-ыг 2000 онд эрх баригч хүчний суудалд эргэн залснаас нь илүү хэцүү байх нь тодорхой. Учир нь тэр үед Н.Энхбаяр олуулаа байсан. Харин одоо элдэв эрээвэр хураавар нөхдийг эс тооцвол тэр ганцаараа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж