-Сонгууль дөхчихлөө. Намууд амлалтаа эргэн харж байна. Харин та Ардын нам болон Ардчилсан намынхан УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж үзэж байна уу?
-Би Ардын намын амлалтын талаар ярихгүй. Манай намын хувьд нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг иргэддээ олгоно гэж амласан. Энэ чиглэлээр эрчимтэй ажилласан. Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлуулсан. Эрх зүйн зохицуулалт хийсэн. Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөөнд оруулсан. Одоо Тавантолгойн хувьцааг иргэддээ хүртээнэ. Энэ талаарх шийдвэрийг нь гаргачихсан. Нэг ёсондоо Ардчилсан нам УИХ-ын 2008 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлсэн гэж хэлмээр байна.
-Иргэдийн дансанд одоо хэр нь хувьцаа ороогүй л байна шүү дээ?
-Удахгүй орж эхэлнэ.
-Хэвлэл мэдээллийн сувгуудаар “Хувьцааг зургаадугаар сараас олгож эхэлнэ” гэсэн мэдээлэл гарах болж. Сонгуулиас өмнө өгсөн бол амлалтаа биелүүлсэнд тооцож болох байлаа?
-Яах вэ. Аливаа зүйлийг улс төрийн өнцгөөс нь хардаг, улс төрийн талаас нь тайлбарладаг, хойш нь чангаадаг улс төрийн хүчнүүд байна шүү дээ. Тавантолгой, хувьцааны асуудлыг аль эрт шийдэх бололцоо байсан. Шалтаг, шалтгаан гаргаж ирээд УИХ-аар хэлэлцэхийг нь хойшлуулаад байсан. Ингэсээр байгаад өдийг хүрсэн. Улс төрийн талцал хийдэг хүмүүсээс улс орныхоо эрх ашгийг боддог хүмүүс нь олон байсан бол энэ асуудлыг арай эрт шийдэх байлаа.
-Тэгвэл сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Ардчилсан намд шинэ фракциуд мэндэлсэн, намын дарга Н.Алтанхуягийг шүүмжлэх хүн олон болсон талаар ямар байр суурьтай байна вэ?
-Манай нам асуудлыг олон талаас нь ярьдаг. Олон нам, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн нам. Нэгдсэн даруйдаа ямар хэцүү замыг туулж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Бид ч юу нь болж, юу нь болохгүй байгааг мэдэж байгаа. Сонгууль дөхсөн үед аливаа намд фракци, хуучин угшлууд сэргэдэг явдал гарч л байдаг. Сонгууль бүрийн өмнө гардаг үйл явцын нэг. Үүнийг хүчтэйгээр тусгаж авах шаардлагагүй. Бусад намд ч ийм үйл явц өрнөнө.
-Үүнийг хагарал, бутрал гэж харах хүн олон байна шүү дээ?
-Фракци байгуулсныг Ардчилсан нам хагарч, бутарч байна гэж ойлгож болохгүй. Нам гэхээр л бүх гишүүд нь нэг дор зангидагдсан, нэг үзэл бодолтой коммунист нийгмийн үеийнх шиг зүйл төсөөлдөг болсон байна. Таван хүн нийлээд “Намын маань энэ нь буруу байна. Өөрчилье” гэдэг. Нөгөө хэсэг нь “Мөрийн хөтөлбөр, намын бодлогод ийм, ийм асуудлыг оруулъя” гэдэг. Ийм л үйл явц өрнөж байна. Намынхаа бодлогыг улам хүчтэй болгох, бурууг нь засах гэсэн үзэл бодлын зөрчилдөөн юм. Үүнийг нам нь сонгуулийн өмнө нэгтгээд явдаг. Нэг ёсондоо фракци бол намын бодлогыг улам сайн болгох гэсэн үзэл бодлын уралдаан юм. Эцэст нь бүгд нэг цэгт төвлөрдөг. Ардын намд үзэл бодлын зөрчилдөөн, уралдаан манай намынхаас ч их байгаа. Тэрийгээ нууж дарчихаад байгаа. Харин Ардчилсан нам ил ярьдаг. Тэр нь хагарч байгаа юм шиг харагддаг. Бусад намд маш аюултай, далд бугшсан, улс орны эрх ашигт хор нөлөө үзүүлэхүйц хэмжээний асуудал явж байгааг та нар мэдэхгүй байгаа.
-Сонгуулиас өмнө танай намынхан даргаа солих талаар ярихгүй гэсэн үг үү?
-Манай нам сонгуулийн өмнө хагарч, бутрахгүй. Намын даргыг солих тухай асуудлыг ч хөндөхгүй байх. Ийм яриа байхгүй гэдгийг би баттай хэлнэ. Намын даргын асуудлыг Ардчилсан намын их хурал хэлэлцэх ёстой. Их хурлыг ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын саналаар хуралдуулах ёстой. Ийм тооны гишүүдийн үзэл бодол “Намын даргаа огцруулъя” гэтлээ манай намын үйл ажиллагаа муудаагүй. Харин ч сайн байгаа. Н.Алтанхуяг дарга намаа удирдаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Намын рейтинг ч өндөр байгаа. Ийм байхад намын даргыг солих талаар ярихгүй л болов уу. Ярилаа гэхэд хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд, албан тушаал, намын даргын суудлыг байнга мөрөөддөг, зүүдэлдэг хүмүүсийн зүгээс бор шувуу нисгэх магадлалтай.
-Ардчилсан намын удирдлагууд сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ 50 сая төгрөгийн татвар хураасан. Энэ талаар “Намын удирдлагууд дотоод ардчилалгүй байна. Гишүүддээ тэгш боломж олгоогүй” гэж шүүмжлэх хүн олон байгаа?
-Энэ бол намын дотоод асуудал. “Нэр дэвшихээр горилж байгаа бол намдаа тодорхой хэмжээний татвар төл. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулна” гэж олонхиороо шийдсэн бол гишүүд нь үг дуугүй дагах л ёстой. Энэ нь ардчиллын нэг зарчим. Мөнгөө төлөөгүй байж араас нь олон юм ярьж болохгүй. Тэгээд ч энэ бол хамгийн сайн хувилбар. Бусад намуудыг бодвол намын санхүүжилт ил байгаа биз дээ.
-Хамгийн сүүлд “Ардчилсан намын 99 гишүүн 50 сая төгрөгөө тушаалаа” гэж мэдээлсэн?
-Намдаа хэдэн төгрөгийн хандив өгөх нь тухай хүний өөрийн эрх, үүрэг. Намынхаа үзэл бодлыг дэмжинэ, туслана гэж гишүүнээр элсдэг. Ингэж ил тод зарлаад мөнгө хурааж байгаа нь харин ч хамгийн зөв шийдэл. Санхүүжилтээ ил тод зарладаггүй, хаанаас мөнгө босгоод байгаа нь мэдэгддэггүй намууд байна шүү дээ. Тэд чинь л “Сонгуульд ялбал чамд ийм юм өгнө. Тэр тусгай зөвшөөрлийн асуудлыг чинь бүтээж өгнө. Энэ ордыг өгнө. Манай намаас сонгуульд нэр дэвших гэж байгаа бол төчнөөн тэрбум төгрөг өг” гэдэг. Намын санхүүжилт далд байна гэдэг ийм л заваан зүйлийг бий болгодог. Санхүүжилт нь далд байгаа намуудыг хараад би гайхаж байгаа. Тэд хаанаас мөнгө босгох гээд байгаа юм бол. Яг үнэндээ сэжиглэж байна. Тэгээд сонгууль дөхөөд ирэхээр мөнгөөр зодоод эхэлдэг. Ардын намынхан л гэхэд одоо хүртэл таг чиг байгаад л байх юм. Мөнгөө хаанаас босгоод байгаа юм бол. Төсвийн мөнгөөр санхүүжилтээ босгоод байна уу. Эсвэл том том компаниудын захирлуудаас мөнгө татаад байна уу. Хэлж мэдэхгүй шүү дээ.
-Таны хувьд 50 сая төгрөгөө өгчихсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Ер нь УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихийг хүссэн хүн бүр мөнгө тушаагаагүй. Миний нэг найз намдаа 50 сая төгрөгийн татвар төлсөн. Тэгээд би хэлсэн юм. “Ний нуугүй хэлэхэд миний найзад сонгуульд нэрээ дэвшүүлэх боломж байхгүй. Тойрог байхгүй” гэсэн юм. Харин найз маань “Би сонгуульд нэрээ дэвшүүлэх гэсэндээ мөнгө тушаагаагүй. Нам маань сонгуульд амжилттай оролцоосой гэж бодсон. Бизнес маань амжилттай явж байна. Өчнөөн жил энэ намын гишүүн гэж явлаа. Нэг удаа туслалгүй яах вэ. Цаашдаа Ардчилсан нам сонгуульд ялаад, засгийн эрхийг барих үед төрийн албанд ажиллаж намынхаа бодлогыг хэрэгжүүлэх асуудал байж болно. Би сайн боловсрол эзэмшсэн, мэдлэг, туршлагатай хүн” гэж хариулсан. Ийм талаас нь мөнгө тушаасан хүн зөндөө л байгаа.
-Тийм байж. Ардын намынхан “УИХ-ын 2012 сонгуулиар ялалт байгуулчихвал дараагийн хоёр ч сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр” гэх болж. Энэ үнэний ортой юу?
-Монгол Ардын намынхан юу гэж бодож байгааг би мэдэхгүй.
-Хөгжлийн хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ гэж байгаатай холбоотой байх л даа?
-Миний хувьд нэг зүйлийг их гайхдаг. Улс төрийн хүчин, улстөрчид гэнэт л цэцэгнээс төрж, тэнгэрээс буугаад ирсэн юм шиг зүйл ярьдаг. “Ард түмний амьдрал доройтсон. Төсөв, эдийн засаг доройтсон. Эдийн засгийн өсөлт ард түмэнд наалдсангүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орон баларч байна. Ард түмэн ингэж амьдрах ёсгүй” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн 20 жилд хэн засгийн эрхийг барьж, төрийн бодлогыг тодорхойлсон юм бэ. Үндсэндээ Ардын нам л засгийн эрхийг барьсан. Тэгэхээр улс орон хөгжөөгүй, ард түмэн ядуурсан нь энэ намтай холбоотой гэсэн үг. Ардчилсан нам засгийн эрхийг 20 жил барьсан бол Ардын намынхан ингэж ярих нь зүйн хэрэг. Гэтэл өөрсдөө 20 жил засгийн эрхийг барьж, улс орныг ийм байдалд оруулчихаад “Одоо бид алаад өгнө. Сайжруулаад өгнө. Монгол Улсыг гайхамшигтай болгоно” гээд байхаар хэн ч гайхна биз дээ. Надад бол үнэхээр итгэл үнэмшил төрөхгүй байгаа.
-Юу гэж амлах ёстой гэж?
-“Бид буруу бодлого барьж байсан байна. Улс орноо зөв удирдаж чадсангүй. Одоо бид энэ алдаагаа засъя” гэж яривал өөр хэрэг шүү. Ардын намынхан 1992, 1996 онд ингэж хэлээд л сонгогдож байсан. “Бидэнд саналаа өгвөл 2008 он гэхэд Монголыг аймаар гоё болгоно. 2012 онд бүр гоё болно” гэсэн. Яг одоогийнх шигээ л ярьж байсан. Үүнд нь хэн үнэмших юм. Ард түмнийг малладгаараа маллаад сонгуульд ялах, эрх мэдлээ хэвээр хадгалж идэж, уухаа үргэлжлүүлэх гэсэн санаа төдий юм.
-Та УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулна гэсэн намын байр сууриа дэмжиж байгаа юу?
-Санал тоолох машиныг АНУ-аас авч байгаа. Америкчууд яг энэ машиныг ашиглаад сонгуулиа явуулдаг юм билээ. Нийтдээ 16-17 хүний нэрийг дугуйлдаг. Тэр нь А3-ын цаасны ар, өвөргүй болдог. Манайд бол 6-7 хүний нэр л дугуйлна. Тэгэхээр “УИХ, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулж болохгүй” гэдэг Ардын намынхны байр суурь механик ажиллагаатай огт холбоогүй.
-Өөр юутай холбоотой гэж?
-УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулбал манай намд ашигтай юу, үгүй юү гэдгийг л харж байгаа. Харин тэрийгээ “Хамтад нь явуулж болохгүй. Иргэдэд ийм бэрхшээл учирна” гэдгээр халхалж байгаа юм. Манай ард түмний 95 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, 20 жил сонгууль өгчихсөн шүү дээ. Ийм байхад Ардын намынхан ард түмнийг басамжлаад байгаа байхгүй юу. “Ороод будилна. Бичиг үсэг мэдэхгүй. Олон хуудас материалын дунд төөрнө. Бүдүүлэг нөхдүүд. Хонь, хурга нийлсэн юм шиг бөөн юм болно” гээд байгаа юм. Тийм юм ерөөсөө байхгүй. Хоёр сонгуулийг хамтад нь явуулбал Ардын нам УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн аль, алинд нь нам цохиулах юм байна гэсэн тооцоо хийчихээд ингэж яриад байгаа хэрэг. Түүнээс хүндрэлтэй асуудал байхгүй. Ардын нам олон жилийн хур туршлагатай нам. Судалгаа хийдэг. Судалгааных нь үр дүн л тэгэж гараад байгаа юм байлгүй гэж бодож байгаа шүү дээ.
-Танаас нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй нь. Шатахууны үнэ 2000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Таны санаачлан батлуулсан Газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Би холбогдох, яам, тамгын газрууд энэ чиглэлээр тодорхой ажил хийж байгаа гэж бодож байгаа. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хоёрт хандан асуулга, асуултын аль нэгийг тавина гэж бодож байгаа. Аль нэгийг нь тавина. Тогтоолын хэрэгжилт одоо ямар шатандаа явна вэ гэдгийг тодруулна. Хариуг нь байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны аль нэг дээр сонсоно. Тэгээд дараагийнхаа арга хэмжээг авна. Энэ тогтоолыг зэс боловсруулах үйлдвэрийн тухай тогтоолын төсөл шиг болгохгүйн төлөө бүхий л хүчээ дайчилна. Долоо хоног бүр асуулт тавьж ч болно. Хариуцаж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзаж чадна. Энэ тогтоолыг би өөрөө санаачилж, боловсруулсан. Үүнээс гадна газрын тосны боловсруулах үйлдвэр барьчихвал Монгол Улсын ирээдүйд үнэхээр чухал нөлөөтэй. Тиймээс үйлдвэр байгуулахын төлөө бүх юмаа хаяад зүтгэхэд бэлэн байна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин