Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлээс 35 хүртлэх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Алтан бийр” үзэсгэлэн хоёрдугаар сарын 28-нд буюу өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийх гэж байна. Зургаа дахь жилдээ болж буй эл үзэсгэлэн “Art of tomorrow” гэсэн уриан доор зохион байгуулагдаж байгаа юм. Уг үзэсгэлэнд зураасан зураг, уран зураг, фото арт, уран баримал гэх мэт дүрслэх урлагийн төрлүүдээс бүрдсэн 100 гаруй уран бүтээл цугларчээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлийг шалгаруулж “Алтан бийр” цом, мөнгөн шагналаар шагнах юм.
Мөн тус үзэсгэлэнгийн хүрээнд ирэх гуравдугаар сарын 1-нд 11.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимдаа “Таталбар зураг”-ийн уралдаан зарлах тул оролцох уран бүтээлчид мөн сонирхогчид хүрэлцэн ирж үзэхийг урьжээ. Та энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнээр Монголын өнөөгийн залуу уран бүтээлчдийн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой юм.
Г.Даша