Алтайн хөх уулс өвлийн сүүмгэр наран доор хөндөлдөн ханхайна. Даваа хярхагаар нь бага зэрэг цастайг эс тооцвол баруун Алтайд энэ өвөл бараг цас уналгүй өнтэй өвөлжиж урин хавартай золгож байгаа аж. Мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, сүргийнхээ тоо толгойг өмнөх жилээс 132 мянгаар нэмж 1771.1 мянган малтай болсон Ховд аймгаас энэ жил улсын сайн малчин хоёр, улсын тэргүүний тариаланч хоёр, бас “Алтан төлийн эзэн” нэг төржээ. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцах, иргэд сонгогчидтой уулзаж УИХ-ын бодлого шийдвэр, намрын ээлжит чуулганы үр дүнг сурталчлан таниулах, санал хүсэлтийг нь сонсохоор өвлийн адаг сарын сүүлчийн өдрүүдэд тус аймгийн зарим суманд ажиллах үеэрээ тэдний шагналыг гардуулж өгсөн юм.
Минжит Булган миний нутаг, минжийн сор шиг үзэсгэлэнт нутаг аа хэмээн дуунд өгүүлдэг баруун Алтайн алс хязгаар болох Булган сумаас 1936 оноос хойш 11 малчин улсын сайн малчны алдар хүртжээ. Тэдний отгон нь Байтаг багийн 37 настай залуу малчин Дугаржавын Даваа юм. Булган голын үржил шимтэй хөвөө, Байтагийн нөмөр хүрэн уулсаа түшиж нутагладаг энэ залуу хоёр жилийн өмнөх их зуднаар Байтагийн нуруунд цасанд боогдон арван хэд хоног өл залгах юмгүй, бараг мориноосоо ч буулгүй шахам зүтгэж байж малаа хохирол багатай авч гарч байжээ. Тэр үед аав нь өдөр болгон бүсээ чангалж байдаг юм шүү, тэгвэл хүн тамир хүчээ алддаггүй юм хэмээн захиж байсан гэдэг. “Өндөр Алтайн маань хишиг буян ч дундаршгүй их юм, мал дагасны ач буяныг хүртэж сууна аа” хэмээн хээв нэг өгүүлэх энэ залуугийнх таван хошуу малын зах нийлсэн 1800 гаруй малтайгаас 1100 гаруй нь төллөх эх мал юм. Малаа нутгийн шилмэл омгийн цөм сүргээр чанаржуулж, зах зээлд мах, сүү, ууцны хонь нийлүүлдэг, ууцны нэг хонио 250 мянгаас доошгүй үнээр борлуулдаг байна. Бас олон айлыг малтай болгоход тус дэм үзүүлж, сумынхаа төсвийн байгууллагуудад хандив тусламж өгдөг аж. Тэрбээр таван хошуу малын захтай, гэхдээ хонь, тэмээ хоёр зуд даах тэсвэртэй, зах зээлд ч ашигтай мал юм. Тиймээс хонио түлхүү өсгөж хээлтэгч малын тоог нэмэгдүүлэхийг хичээж байгаа. Бас малчдын хоршоо байгуулж мал аж ахуйн бүтээгдхүүнээ зах зээлд хүргэж борлуулах, жижиг үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүн хийх бодолтой явдгаа УИХ-ын даргад танилцуулж байв. Аав нь гуч гаруй жил нэгдлийн адуу малласан мундаг малчин явжээ. Эхнэр нь анагаахын сургуулийг эх баригч мэргэжлээр төгссөн ч улсын сайн малчин эцгийнхээ шийрийг хатаасан малд нүдтэй, ажилсаг гавшгай бүсгүй хэмээн гол усныхан нь магтаж байлаа. Хэдэн жилийн өмнө энэ голоос Н.Даваа гэж улсын сайн малчин төрсөн бол энэ жил амидаа Д.Даваа нь ийнхүү төрийн хишиг хүртэж байгаа аж. Засгийн газар энэ жилээс сайн малчдаа урамшуулахад ихээхэн анхаарч салбарын яамдын урамшууллыг давхар олгодог болсныг энэ үеэр гардуулсан юм. Тухайлахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар улсын сайн малчинд зөвлөх малчны үнэмлэх, Эрүүл мэндийн яамнаас гэр бүлийн хамт эмнэлгийн бүрэн шинжилгээнд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг, Гадаад харилцааны яамнаас гадаадад үнэгүй зорчих эрхийн бичиг олгодог болсон нь малчдын урмыг сэргээсэн үр өгөөжтэй ажил юм.
Ховдоос төрсөн хоёр дахь улсын сайн малчин нь Манхан сумын Улаан хүрээ багийн ахмад малчин Ө.Сэсээр гуай юм. Их өтөг хэмээх налгар бууцанд хаваржиж буй тэрбээр тавиад жил мал малласны хишиг буянаар 70 насандаа улсын сайн малчны алдар хүртэж буй аж. Эднийх өнгөрсөн онд 1200 гаруй төл байжуулж, эх малын тоог мянгаас давуулжээ. Бас багахан газрыг хашиж хамгаалан усалгаатай тариалан эрхэлснээр жилд 30-40 тонн хадлан бэлтгэж авдаг байна. Олон айлыг малжуулах, сумынхаа төсвийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, залуу малчдыг мал маллагааны арга ухаанд сургахад ихээхэн зүтгэлтэй ажилладаг үлгэр дууриалтай ахмад буурал хэмээн сум, багийн удирдлагууд нь Сэсээр гуайд ам сайтай байдаг аж. Ер Манханыхны хувьд энэ жил ажлын бахдам амжилттай, шагналын хуртай сайхан жил гарч буйд нутгийн олон баяр хөөртэй байлаа. Учир нь тус сум өнгөрсөн оны ажлаар аймагтаа тэргүүлж өргөмжлөл, гурван сая төгрөгийн шагнал хүртсэн бол улсын сайн малчин төрүүлсэн Улаан хүрээ баг аймгийнхаа 91 багаас гуравдугаар байрт, бас энэ багийн иргэдийн Нийтийн хурал аймагтаа тэргүүлжээ. Мөн сумын хүний эмнэлэг, сургууль, соёлын төв зэрэг байгууллагууд нь аймгийн оны шилдгээр шалгарсан аж.
Мянгад сумын Цагаан булан багийн залуу малчин Ч.Гансүх өнгөрсөн онд 650 гаруй хурга бойжуулсан амжилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогоос хамтран шалгаруулдаг “Алтан төлийн эзэн”-ээр тодорчээ. Аймгийн хэмжээнд 2000-аас дээш малтай зургаан малчин шинээр төрсний нэг нь эднийх юм. Түүний энэхүү баярыг хуваалцахаар аав, ээж, ах дүүс, сум, багийн удирдлагууд, туслах малчид нь тэднийд цугласан байв. УИХ-ын дарга шагнал гардуулахдаа “Хурга хишиг ихтэй байдаг юм. Зорилго, тэмүүлэлтэй, ажилсаг ийм залуу хүнд улсын сайн малчны босго ойрхон байна. Сум, баг, төрөл садныхаа нэр алдрыг улс даяар гаргана гэдэг сайхан явдал” гээд улам их амжилт гаргахыг ерөөлөө. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар гарын бэлэг гардуулав. Аймаг, сумын Засаг дарга нар ч шагнал гардуулж, малч удамтай залуу малчиндаа ихээхэн итгэл хүлээлгэж буйгаа хэлж байлаа.
УИХ-ын дарга Мянгад сумын төв орох зам зуураа Ташмаг хэмээх газар өвөлжиж байгаа залуу малчин С.Хүрэлчулууны сууриар орж өвөлжилтийн байдал, ахуйтай танилцаж, тэднийд цугласан ойр хавийн малчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ жил цас багатай өнтэй сайхан өвөл болж, малын цариг хүч сайн байгаа. Мөн төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын ачаар малчдын орлого нэмэгдэн ахуй амьдрал дээшилж, мал маллах сонирхолтой залуус олширч буйг малчид хэлж байлаа. Тус аймгаас энэ жил 24 хүн аймгийн сайн малчин цол хүртсэний хоёр нь Мянгад сумынх юм. Залуу малчин С.Хүрэлчулуун өнгөрсөн оны тооллогоор малаа таван төрлөөр нь мянга давуулан өсгөж, аймгийн сайн малчны нэгээр шалгарчээ. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа түүнд аймгийн сайн малчны энгэрийн тэмдэг, өргөмжлөл, хүндэтгэлийн тууз гардуулж баяр хүргэв. УИХ-ын дарга болон гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, мөн сумын удирдлагууд нь залуу малчинд амжилт хүсч гарын бэлэг хүртээлээ. “Манай нутгаас тун удахгүй улсын сайн малчин төрнө. Манай энэ хоёр аваргын удамтай жинхэнэ малч хүмүүс байгаа юм” хэмээн гол усныхан нь тэдэнд итгэж явдгаа өгүүлж байв.
Түүний аав Содном гуай шуурганд уруудсан нэг настай олон зуун малыг хорогдолгүй аварч гарч 17 настайдаа “Шударга журам” медалиар шагнуулж байсан аж. Тэрээр “манай удам гурав дөрвөн үеэрээ мянгаас дээш малтай явсан малын буян заяатай хүмүүс. Өнөөдөр монголын төр миний хүүгийн өргөө цагаан гэрт морилон саатсанд сэтгэл ихэд догдолж байна” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байлаа. Харин Хүдэрчулууны эхнэр Б.Цэрэнбилэг “малч Бямба” хэмээн нутаг усандаа алдаршсан аймгийн аварга малчны гал дээр гарсан ганц зээ. Бямба гуай цаг сайхан, юм үнэтэй байсан 1979 онд сумынхаа хүний их эмчийн салбарт 6400 төгрөгөөр цоо шинэхэн “УАЗ-496” машин худалдан авч өгч байсан нүнжигтэй эр юм. Түүний аав Гэзэгтэй гуай тавиад оны үед улсын сайн малчдын зөвлөлгөөнд оролцож маршал Х.Чойбалсангаас таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цар, алтан үсгийн үнэмлэх гардаж байсан бол хоёр хүү нь аймгийн сайн малчны алдар хүртсэн нь аргагүй л малч удмынхан болохыг илтгэнэ.
Шөнө дөл хүртэл үргэлжилсэн халуун яриа
УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд тус аймгийн Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан суманд ажиллахдаа очсон сум бүртээ иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнгийн талаар танилцуулж, санал, хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариу өгч байв. Ер нь УИХ-ын даргын иргэдтэй хийсэн уулзалт бүр 2-3 цаг, оройхон эхэлсэн нь шөнө дөл хүртэл үргэлжилж, иргэд улс, аймаг, орон нутгийн холбогдолтой асуудлаа илэн далангүй ярьж хэлж санаа бодлоо хуваалцаж байв. Гэхдээ хөдөөгийнхөн маань хувийн амьдралтай холбоотой аар саар зүйлээ тоочиж тус дэмжлэг гуйх биш нийтэд ашиг тустай, үр өгөөжтэй ажил хэрэгч санал санаачлага гаргадаг болсон нь ажиглагдаж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч энэ бүхэнд тун анхааралтай хандаж, иргэдийн санал хүсэлтийг аль болохоор шийдэхийг хичээж байсан юм.
Тэрбээр УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж байгаа учраас би өнөөдөр захирамж гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гол нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх явдал юм. Энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын зөрүү байгаа учраас ээлжит бус чуулган хийхээр тогтсон гэдгийг хэлж байв.
Мөн УИХ-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.
Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолсон юм. УИХ-ын дарга эцэст нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд санаа нэгтэйгээр хамтран ажиллаж ирснийг онцолж байв.
Түүнчлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ, Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ талаар саяхан Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилж бүрдүүлэх үеэр би санаа бодлоо хэлсэн. Энэ чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллах байх гэдгээ хэлж байсан юм.
Мөн ажилласан сумдынхаа удирдлагуудтай уулзан цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцаж, сум орон нутгаа хэрхэн хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, зарим шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байв. Тухайлахад энэ онд Мянгад сумын төвд соёлын төв, спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулахын зэрэгцээ сумын төвийн цэвэрлэх байгууламжийг НҮБ-ын төслийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болсон. Аймгийн хэмжээнд л гэхэд сургуулийн зургаан барилгын зэрэгцээ соёлын төв, спортын ордон, эмнэлэг гээд олон барилга барьж ашиглалтад оруулах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгснийг дуулгаад гол нь энэ ажлыг цаг хугацаанд нь чанартай бариулж авах талаар иргэд олон нийтийн хянал оролцоо ихээхэн чухал болохыг онцолж байлаа. Мөн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж төрөөс зэвсэгт хүчин, хил хамгаалах салбарын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Хэдийгээр хилийн зөрчил жил бүр буурч байгаа ч олон улсын боомттой болсноор зорчигсдын тоо ихээхэн өсч байгаа аж. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар л гэхэд Булганы хилийн шалган нэвтрүүлэхээр 16 улсын 77969 зорчигч, 14580 тээврийг хэрэгсэл нэвтэрсэн байна. Иймээс Ярантын олон улсын боомтоор аль ч улсын зорчиг нэвтрэх боломжтой болсон тул хилийн анги салбарын төсөв санхүүгийн хуваарилалт, боловсон хүчин, техник хангамжид тусгайлсан бодлого барьж ажиллах нь чухал байгааг аймгийн удирдлагууд уулзалтад оролцсон Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Буянжаваас хүсч байв.
Ийнхүү иргэд санал бодлоо хэлж, зарим нь хүсэлтээ уламжилж, зарим нэг нь хатуухан үг унагаж, УИХ-ын дарга, аймгийн удирдлагууд хариулж, зарим асуудлын эцсийн шийдлийг хэлсэн уулзалт хэдэн цагаар үргэлжилсэн халуун яриа болж өрнөж байлаа. Ховдын иргэд амьдрал ахуйдаа сэтгэл гундуугүй, аймаг орон нутгийн удирдлагууддаа ам сайтай, нутгаас төрсөн төрийн дархан түшээдээ ч талтай байдаг нь энэ үеэр анзаарагдаж байв. УИХ-ын дарга ч “Намайг амласнаа биелүүлсэнгүй гэж хэлэх хүн бараг гарахгүй байх, бүр хоёр гурван зуун хувиар биелүүлсэн гэж бодож байгаа шүү” хэмээн цаашлуулж байлаа.
Зам дагаж хөгжил ирнэ
Зам бол хөгжил гэдэг. Ховд аймгийн нутаг дэвсгэрээр Алтай-Ховд чиглэлийн 269.5, Ховд-Өлгийн 111, Ховд-Улаангомын 100, Манхан-Булган-Ярант чиглэлийн 354.5, Улиастай-Сар хайрхан-Мянгадын гүүр чиглэлийн 158 км, нийтдээ 993 км авто зам дайран өнгөрч буйн 113.22 км нь хатуу хучилттай, 274.74 км нь сайжруулсан, 536.29 км нь байгалийн хөрст зам юм. Тус аймаг замын хувьд бусад аймгаас илүүтэй хөрөнгө оруулалт хийж, ихэнх сумаа хатуу хучилттай авто замаар холбох боломж нээгдсэн нь давуу талтай юм. Зөвхөн энэ онд л гэхэд тус аймагт 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зам барилгын ажил өрнөх юм байна. Тухайлахад Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын зам барилгын “Читай” компани 2007 оноос эхлэн барьж байгаа агаад энэ онд ашиглалтад бүрэн өгөхөөр төлөвлөжээ. Мөн Манхан-Дарви чиглэлийн 100 км зам барих гэрээг “Алтайн зам” хувьцаат компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж энэ онд дуусгах аж.
Харин “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл” буюу Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 256.1 км авто замыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон БНХАУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байна. Үүнээс Тэмээн хүзүү-Бага улаан давааны 110.8 км хатуу хучилттай замын ажлыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад өгөх бол Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103 км зам барих ажлыг энэ оны хоёрдугаар улиралд эхлүүлж 2014 онд ашиглалтад оруулах аж. Түүнчлэн БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Манхан-Ховд чиглэлийн 85.3 км, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажлыг Хятадын “Чайна Гежоуба” групп гүйцэтгэж байгаа агаад хоёуланг нь энэ оны сүүлчээр ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм байна. Ингэснээр Ховд аймаг баруун тийшээ БНХАУ, улмаар Азийн олон улсын авто замын сүлжээнд нэгдэх, бусад чиглэлээр хөрш Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудтай хатуу хучилттай авто замаар холбогдох таатай боломж бүрдэх ажээ.
“Энэ зам миний нэртэй холбоотой, иймээс эцсийн үр дүнг нь үзэж байж сална гэж боддог шүү” хэмээн Д.Дэмбэрэл дарга Булган суманд иргэд сонгогчидтой уулзахдаа хэлж байсан юм. Учир нь тэрбээр 1997 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулж анхны 60 км замын эхлэлийг Мянганы зам гэж яригдахаас бүр өмнө шийдүүлж байсан түүхтэй аж. Тиймээс зам дагаж хөгжил ирэх учраас Ховд аймаг нь баруун бүсийн тулгуур төвийн хувьд Ховдын хөгжил баруун бүсийн хөгжлийг шийднэ гэж үзэж хөрөнгө оруулалтад багагүй анхаарч ирснээ УИХ-ын дарга хэлж байв. Аймаг, орон нутгийн удирдлагууд нь ч төрдөө зөв хүнээ олж сонгосны ачаар хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж байна гэдгээ уулзалт дээр байн байн өгүүлж байлаа.
Ер нь Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү байгаа аж. Өнгөрсөн онд л гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол энэ жил дахиад мөн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөх юм байна. Зөвхөн зам төдийгүй багийн төвийг тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, тэр дундаа багийн холбооны байнгын найдвартай ажиллагааг хангах үүднээс 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Түүнчлэн 3.5 тэрбумын хөрөнгөөр аймгийн төвийн авто замыг сайжруулах, 16 тэрбумын хөрөнгөөр дулааны хоёр дахь цахилгаан станц барих, баруун бүсийн түвшний хүүхэд-залуусын парк байгуулах, сургуулийн зургаан барилга, хэд хэдэн суманд соёлын төв, спортын цогцолбор, эмнэлэг, цэцэрлэг барих гээд Ховдынхны хувьд энэ жил үнэхээр бүтээн байгуулалтын өрнүүн жил болох нь ээ.
Ийнхүү өндөр Алтай өнтэй, хөх уулсынхаа бэлд налайсан олон ястны ажилсаг түмний сэтгэл өөдрөг, бүтээн байгуулалтын их ажлын гараа өрнүүн нэгэн хавар Ховдын цэнхэр хязгаарт айлчлан ирж байна.