Спрайт супер лиг Дархан хотод болно

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Спрайт супер лиг Дархан хотод болно

“TLG-13” ТББ болон “М Си Эс Кока Кола” компаниас хамтран зохион байгуулдаг Спрайт супер лиг амжилттай үргэлжилж байна. Лигийн долоо ба наймдугаар тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Зургаан тойргийн дараах байдлаар лигийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байсан бол долоо, наймдугаар тойрогт хоёр баг нь хожигдол хүлээж, лигийн тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдсан юм. Спрайт супер лигт эрэгтэй 14 багаас Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Б.Мөнхболд тэргүүтэй “Танан Импекс”, эмэгтэй зургаан багаас “Говь-81” баг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.

Лигийн наймдугаар тойрогт Спрайт супер лигийг тэргүүлж буй “Танан Импекс” болон “Эрдэнэдрийлинг RIGS” багууд учраа таарсан. Хожсон баг нь лигийг тэргүүлэх учир энэ тоглолт чухал ач холбогдолтой тоглолт байсан. Тоглолтыг  “Танан импекс” багийн н.Очирбат торгуулийн шидэлтийнхээ нэгийг амжилттай болгосноор  нээсэн юм. Хурдтай тоглолт үзүүлдэг “Эрдэнэдрийлинг RIGS” баг энэ тоглолтод хурдаараа илүүрхэж тоглож чадахгүй л байлаа. Тэд бүсийн хамгаалалт хийн тоглож байсан ч тэр нь үр дүнгээ өгөхгүй, харин ч хамгаалалтыг нь  “Танан Импекс” багийн залуус сайн  задалж  байсан. “Танан Импекс” багийн хувьд тус тоглолтод хамгаалалт, өөрийн болон эсрэг багийнхаа самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, хурдан довтолгоо зэргээр илүү, маш сайн тоглолт үзүүлсэн. “Эрдэнэдрийлинг RIGS” багийн Б.Баярбат 24 оноо авч, багаасаа шилдэг нь байсан ч хувийн алдаа тав болсноор тоглолтоос чөлөөлөгдсөн. Улмаар 88:73 харьцаатайгаар “Танан Импекс” баг ялалт байгуулснаар лигийг нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод О.Ууганбаяр 22 оноо, +7 самбар авч шилдэг тоглолт үзүүлсэн бөгөөд “Танан Импекс”  багийн гарааны таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан. Тэр дундаа төвийн тоглогчид болох О.Очирбат 13 оноо, +14 самбар, Б.Мөнхболд 10 оноо, +12 самбар авч дабл-дабл хийлээ. Харин “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Б.Баярбат 24 оноо, С.Эрдэнэдалай 13 оноо, + 9 самбар, Г.Нямбаяр 12 оноо, +6 самбар, 4 бөмбөг таслалт хийж багаасаа шилдэг байсан ч баг нь хожигдлоо. Ингэснээр тэд тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдаж байна.

Лигийн долдугаар тойрогт хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж оролцож буй “Дархан-Уул” багийн залуус анхны хожигдлоо хүлээсэн. Тэд энэ удаад 2011 оны Спрайт хөгжлийн лигээс дэвшин орж ирсэн “I Chuk” багтай тоглосон юм. Тус багийн хувьд тоглолтын төгсгөлийг маш сайн хийдэг багуудын нэг юм. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн төгсгөлд  “Дархан”  багийн алдаа дөрвөөс дээш болсон тул алдаа гарах болгонд “I Chuk” баг торгуулийн шидэлт гүйцэтгэх боломжтой болж, улмаар шидэлтээ амжилттай болгосноор  тоог 62:61 болгосон. “Дархан-Уул” баг тактикийн алдаа  н.Ууганбат дээр хийж, н.Ууганбат торгуулийн шидэлтээ амжилттай болгосноор тооны харьцааг 64: 61 харьцаатай болгосон. Хариу довтолгоог цаг дуусах мөчтэй зэрэгцэн алсын зайнаас довтолсон ч амжилтгүй болсноор “Дархан” баг гурван онооны зөрүүтэйгээр улирлын анхны хожигдлоо хүлээж, тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдсан билээ. Тус тоглолтод “I Chuk”-ийн Б.Тамжид, Э.Ууганбат нар тус тус 12 оноо, Ж.Баясгалан 9 оноо авч багаа хожилд хүргэлээ. Харин “Дархан” багаас С.Мөнхтүвшин 25 оноо, +5 самбар, Хадбаяр 10 оноо, Батбаяр нар тус тус 10 оноо авсан ч баг хожигдсон.

Спрайт супер лигийн  эмэгтэй аваргын цомын төлөө зургаан баг өрсөлдөж байгаа бөгөөд нэг ч хожигдолгүй “Говь-81” багийн охид лигийг тэргүүлж байна. Дашрамд дуулгахад, Спрайт супер лигийн тойргийн ээлжит тоглолт гуравдугаар сарын 10, 11-нд Дархан хотын Спорт цогцолборт болно. Лигийн дараагийн аялан тоглолт Эрдэнэт хотод болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж