Цохивор хөгжмийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Цохивор хөгжмийн тоглолт болно

“Найруулга-2012” цохивор хөгжимчдийн шинэ уран бүтээлийн тоглолт ирэх гуравдугаар сарын 9, 10-нд болох гэж байна.  Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагч, оюутнуудаас бүрдсэн цохивор хөгжмийн чуулга нь жил бүр “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ. Ирэх гуравдугаар сарын 9-нд 8:45 цагт, 10-ны өдөр 17:45 цагт Улсын Филармоний тоглолтын танхимд болох юм.

Дэлхийн болон Монголын сонгомол бүтээлүүдийг авч зөвхөн цохивор хөгжмийн чуулгад найруулан бичиж хөгжим сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн сонорыг мялаасаар ирсэн уламжлалтай. 2010 онд хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан Өргөө” киноны хөгжим, 2011 онд Бизе-Щедриний “Кармен” сюит, Сен-Сансын “Амьтдын багт наадам” цуврал зохиол гэх мэтээр хөгжимдөж ирсэн бол энэ жилийн гол найруулга нь Монголын хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” бүтээл юм. Тус зохиолыг Симфони найрал эсхүл Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэнээр та бид сонсч дассан бол энэ удаад сонгодог цохивор чуулга дээр хэрхэн эгшиглэхийг анх удаа сонсох болно.

Тоглолтод орсон бүтээлүүдийг ХБКоллежийн оюутан сурагчид болон, УДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ болон бусад хамтлагуудад хөгжимддөг цохивор хөгжимчид хамтран тоглох юм. Тоглолтын тасалбарын хувьд 12.000 төгрөгийн үнэтэй байх аж.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж