УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганаар тус байнгын хороо нь 25 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 40 гаруй удаа тус тус хуралдсан байна. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл, Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдыг хангах, 2012 оны Төсвийн тухай хууль, Хүни йхөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох сайдын мэдээлэл сонсох зэрэг чиглэлийг чухалчилан ажилласан гэлээ.
Эдийн засгийн байнгын хороо нь хэд хэдэн чухал хуулийг УИХ-аар батлуулсан байна. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэл эрхлэх боломжтой болсон. 2009, 2010 онд нийтдээ улсын төсвөөс 60 тэрбум, сум дундын хөгжилд 24 сая төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан байна. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө эргэлдэж байгаа юм байна. Зээлийн батлан даалтын тухай хууль батлагдсанаар иргэд бага орлогтой байсан ч зээлийн батлан даалтын сан байгуулаад тодорхой хувийг нь тус сангаас батлан даах боломжтой болж байгаа юм байна. Жишээ дурьдахад, Нэг сая төгрөг авахыг хүссэн иргэн 400 мянган төгрөгний барьцаа хөрөнгөтэй байя гэж бодоход тухайн банкны барьцаа болох үлдсэн хувийг нь Зээлийн батлан даалтын сангаас гаргах боломжтой аж. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалж арилжааны банкуудаас зээл авах бололцоо хомс байсан. Харин дээрх хууль батлагдсанаар барьцаа хөрөнгөгүй иргэдийн хувьд банкуудаас зээл авах боломж илүү их бүрдэж байгааг Эдийн засгийн байнгын хорооныхон онцолсон.
Мөн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулснаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талд тодорхой заалтууд тусгалаа олсон байна. Тухайлбал, товлосон хугацаандаа компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхгүй, ногдол ашиг зэргээ тараахгүй бол хувьцаа эзэмшигч нь шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй. Нөгөө талдаа компанийн засаглалыг хөгжүүлэх талд тодорхой заалтууд тусгалаа олсон болохыг ч онцолж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар хуулийн үйлчлэх хүрээ өргөжиж, банк бус санхүүгийн, даатгал, үнэт цаасны үйл ажиллагаа явуулж буй компани төдийгүй төрийн болон орон нутгийн өмчит компанийн нийтлэг асуудлыг зохицуулах, шинээр хаалттай хувьцаат компани байгуулахад баримтлах журмыг тодорхой болгох зэрэг ололттой талууд бий гэлээ.
Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын тогтоолыг батлуулсан байна. Тус бодлогод төрийн өмчийн оролцоотой газрын тосны үйлдвэр байгуулахаар тусгаад байгаа гэв. Гэхдээ энэ бол хувийн хэвшлийнхнийг огт оролцуулахгүй гэсэн үг биш бөгөөд төр, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдана. Мөн энэхүү бодлогод нефтийн хангамж бүрдүүлэхээр заагаад байгаа аж. Энэ нь Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээс гадаадаас хараат бус оршиход чиглэжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Ж.Батсуурь “Өнгөрсөн 2011 онд, он гарснаас хойш ч гэсэн бид нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орж байсан. Үүнээс болж үнийн өсөлт гарч ирсэн. Мэдээж нефтийн бүтээгдэхүүн бүх бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй ч дийлэнхи өргөн хэрэглээний бараанд нөлөөлж эхэлсэн. Тиймээс 2012 он хүртэл баримтлах газрын тосны салбарыг хөгжүүлэх тогтоол нь их чухал юм” гэлээ. Мөн авто замын тогтоол юм. Эдийн засгийн байнгын хорооноос 11 гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан уг тогтоолд Замын зураг, захиалагч, хяналт тавих нь нэг удирдлага дор зохион байгуулагддаг байсан. Үүнийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвлөх компаниуд хяналт тавьдаг байсныг өөрчилсөн. Мөн зам дээр үнийн зөрүү гардаг байсныг өөрчилж, Зам гүүрийн чанар, стандарт тогтоох эрдэм шинжилгээний байгууллага байгуулахаар болсон байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос батлуулсан хоёр дахь томоохон тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл юм. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд аж ахуйн нэгжид олгохоор заасан байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд шилжүүлэх тухай байсан. Үүнийг байнгын хорооны зүгээс зарчмын хувьд зөв гэж үзэн, иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг 20 хувьд хүргэсэн. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч, ДНБ-ний 70-80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэнд хувьцаа арилжаалах нь шударга хуваарилалт болно гэж үзэн, мөн 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалахаар ажлын хэсгийн төвшинд хэлэлцэн, дэмжлэг хүлээж батлагдсан гэв. Мөн УИХ-ын 39-р тогтоолд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-ын 53, 57-р тогтоолд найруулга болон зохих өөрчлөлт оруулж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Учир нь УИХ-ын 53, 57-р тогтоолыг Төсвийн байнгын хороогоор дамжин УИХ-д өргөн баригдсан юм байна. Эдгээр тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газарт өргөн барьснаар иргэдэд олгох хувь хишиг хэзээ өгөх эсэх нь тодорхой болох юм байна. Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд хэлэхдээ “Иргэдэд олгох сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор багтааж шийдэх ёстой. Энэ хугацаанаас хойшлуулж болохгүй” гэв.