УИХ дахь Ардчилсан намын бүлэг өгчигдөр хуралдаж, иргэний цахим үнэмлэхийн хэвлэлтийн ажлын талаар мэдээлэл сонсчээ. Мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Ц.Амарсанаа нар бүлгийн гишүүдэд хийсэн байна. УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу бол цахим үнэмлэх ирэх дөрөвдүгээр сард багтан иргэдийн гар дээр очих ёстой. Гэвч одоо хэр нь үнэмлэх хэвлэх ажил эхлээгүй, хугацаанаасаа хоцроод байгаа билээ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажил хоцорч байгаа шалтгааныг тодруулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УБЕГ-ын даргыг хуралдаандаа дуудсан юм байна. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Баясгалан тэргүүтэй хүмүүс энэ сард Финлянд улсад очиж, цахим үнэмлэх хэвлэх загвараа өгөн бэлдэцээ захиалсан аж. Харин үнэмлэх хэвлэх аппаратыг бол аль хэдийн авчираад суурилуулчихсан байгаа гэнэ. Тиймээс Финлянд улсаас захиалсан бэлдэц ирсэн дариуд үнэмлэх хэвлэх ажил эхэлнэ, ирэх зургадугаар сарын 1 гэхэд бүх иргэд үнэмлэхээ гар дээрээ авсан байна гэдэг амлалтыг ажил хариуцсан нөхдүүд өгсөн байна. Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн энэ асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдэд өгөх юм байна.
Б.ЗАЯА