“Суперстар” статустай Тедди Ринье

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

“Суперстар” статустай Тедди Ринье

-Жүдо бөхийн түүхэнд Тедди Ринье мэт
“гоц үзэгдэл” хэзээ ч байгаагүй-

Дэлхийн аваргын түрүүг тавантаа хүртэж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа ялагдал хүлээсэн тэрбээр төрөлх Франц улсдаа “суперстар” статустай. 204 см өндөр, 130 гаруй кг жинтэй Тедди Риньегээс өрсөлдөгчид нь жийрхдэг. Энгийн хүнд баймгүй хүч бяр, тэсвэр тэвчээр түүнээс ундарч, хэний ч төсөөлөөгүй амжилтад хүрснээр ердөө 22-хон насандаа жүдогийн оргилд гарч чаджээ.

Гваделупа гэх Карибийн тэнгисийн жижиг аралд төрсөн Тедди Ринье Парист хүүхэд насаа үджээ. Тамирчны гэмээр бие хаа, төрх бүр таван настайд нь “суусан” гэх. Үүнийг нь анзаарсан эцэг, эх нь хотын нэгэн спорт клубт хүүгээ оруулжээ. Талбайн теннис, хөлбөмбөг, сагсан бөмбөг, усанд сэлэлт гээд спортын аль ч төрлөөр чадваржиж, “онц дүн” авдаг байсан ч жүдо л түүний нүдэнд туссан гэнэ. “Хөлбөмбөг бол багийн спорт. Хэрэв баг муу бол би ялагдана. Гэтэл би хэзээ ч ялагдахыг хүсдэггүй. Харин жүдо бол хувийн спорт, зөвхөн надаас бүх зүйл шалтгаална. Зөвхөн надаас…” хэмээн Ринье өгүүлжээ.

Жүдогийн гол шалгуур бол хурдан шаламгай хөдөлгөөн. Өрсөлдөгчөө нуруугаар нь цэвэр унагаж чадвал “иппон” буюу хамгийн дээд үнэлгээ авч, хормын дотор тулааны ялагч болж чадна. Харин Ринье өрөх мэхэнд дуртай, үргэлж “ганган” иппоноор өрсөлдөгчөө дийлэхийг эрмэлздэг аж. Мэдээж арга, барил, техник чухал. Ринье энэ тухайд “Надад нэг сайн арга бий. Дасгалжуулагч, бид хоёрын хөгжүүлж чадсан нэг онцгой өрөх арга. Гэхдээ Лондон-2012 олимпийн наадамд зориулж шинэ зүйл бэлтгэж байгаа. Мэдээж шаргуу бэлтгэл хийж байна” хэмээн ярьжээ.

Риньегийн жүдогийн татами дахь анхны дурсамж нь тийм ч таатай бус гэнэ. Өдгөө жүдо сонирхогч, үзэгчдийг шуугиулсан тэр мэдрэмжээс огт өөр байсан тухай тэр дурсдаг. Өөрөөсөө хавьгүй жижиг биетэй ахтайгаа барилдаад ердөө 20 секундын дотор цэвэр ялж байжээ. “Ахыгаа ялснаар би эцэг, эхдээ бидний хэн нь илүү хүчтэй гэдгийг, өөрийнхөө боломж, чадварыг харуулсан. Онгирч, бардамнаж, урам зориг дүүрэн байлаа. Гэтэл яг дараа нь ах маань намайг дор нь цэвэр ялсан” хэмээн Ринье ярьжээ. Түүнээс хойш Ринье “Хамгийн сул дорой өрсөлдөгчийг ч дутуу үнэлж болохгүй” гэдгийг яс махандаа шингэтэл ухаарсан гэдэг. Энэ нь ч түүний амжилтын үндэс болж, Ринье дэлхийн аваргад таван удаа, Европын аваргад хоёр удаа түрүүлж, 2008 оны Бээжингийн олимпиос хүрэл медаль хүртсэнээр Францад тэргүүн зэрэглэлийн оддын хэмжээнд үнэлэгдэх болсон байна. Дээр нь биеэ авч явах байдал, хувийн зан араншин нь түүний нэр хүндийг улам өсгөжээ. Алиа, үргэлж инээмсэглэсэн, нүдэнд дулаахан төрх нь бусдыг татах бас нэгэн үзүүлэлт болдог гэх.

Зөвхөн өөрийгөө удирдаж, гагцхүү өөрөөс нь бүх зүйл шалтгаалж, ялалт ялагдлыг амт, эмоцийг сэтгэлийнхээ гүнд чимээгүйхэн илэрхийлж гаргадаг жүдо бөхийн спортоор хичээллэж буй Ринье өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн аваргын тав дахь титмээ хүртсэний дараа дасгалжуулагч Бено Кампагиг нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө дээш нь өргөж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ. Маргааш өглөө нь “L’Equipe” гэх Францын хамгийн алдартай өдөр тутмын спортын сонинд Тедди Риньегийн зураг “Аугаа” гэсэн гарчигтай нийтлэгджээ.

Риньегийн гайхалтай амжилтын товчоонд олимпийн аварга гэх цол гуншин л дутуу. Олимпийн татамид анх гарахдаа Бээжингээс хүрэл медальтай ирсэн тэрбээр ирэх зуны Лондонгийн олимпоос зөвхөн алтан медаль зүүхээр тэмүүлж буй. Хэрэв чадахгүй бол яах вэ? Энэ асуултад Ринье “Үнэхээр хар дарсан зүүд мэт санагдаж байна. Олимпийн алт бол миний мөрөөдөл” хэмээн хариулжээ.

17-хон настайгаасаа эхлэн олон улсын тэмцээнд зодоглож, тухайн жилдээ Европ тивийн аварга болсон Риньегийн хувьд олимпийн алт гэдэг багагүй хугацаанд хүсч мөрөөдсөн зүйл нь гэнэ. Тивийн аваргад түрүүлснээс хойш ердөө ганцхан жилийн дараа буюу 2007 онд тэр хүнд жинд түрүүлсэн хамгийн залуу дэлхийн аварга болсон юм.

Жүдогийн татамигаас гадуур тэр дөрвөн дугуйт унаж, цанаар гулгаж, хөгжим сонсох дуртай гэнэ. “Би R&B, хип хоп, соул гээд бүхий л хөгжимд дуртай. Jay Z, 50 Cent, Akon гээд л…” хэмээн Ринье ярьжээ. Тэрбээр Akon-г сонсох дуртай. Түүнтэй хамт дуэт дуулах уу гэвэл “Боломж гарвал мэдээж” хэмээн хариулсан гэнэ.

Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл Тедди Ринье гэх нэр гарцаагүй жүдо бөхийн Алдрын танхимд мөнхөрнө. Хэрэв тэр Лондонд амжилт гаргавал цаашид дуртай спортынхоо төлөө зүтгэнэ гэдгээ амлажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж