Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсны дараа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд энэхүү айлчлалыг хийж байгааг онцолсон юм. БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, Эрхэмсэг хатагтай Пани Ятодү хэлэхдээ Монгол Улсын УИХ-ын даргын урилгаар монголчуудын уамжлалт баяр Цагаан сарын баяр тохиож байгаад албан ёсны айлчилж хийж байгаад талархаж байна гэдгээ УИХ-ын дарга уулзалтын эхэнд илэрхийллээ. Цаашид хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэдгийг онцоллоо.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү хэлэхдээ “Манай төлөөлөгчдийн дийлэнх нь түүний дотор миний бие Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Бидний айлчлал танай үндэсний уламжлалт сар шинийн баярын үеэр тохиож байгаа нь ихээхэн онцлогтой болж байна. Энэ удаагийн айлчлал парламент болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд цаашдаа хувь нэмрээ оруулах, хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлд төгс байна. Монгол оронд ирээд хоёр хонох хугацаанд хөдөө орон нутагт очиж малчин айлаар зочлох завшаан тохиолдлоо. Богино хугацаанд Монголын ард түмэн улс орноо хөгжүүлж, ард түмний ахуй амьдрал дээшилж байгаа сайхан жишээнүүдийг харж бахархлаа. Бид ах, дүү, нөхдийн хувьд Монголын ард түмний олж байгаа амжилтыг сэтгэл хангалуун хуваалцаж байна” гэлээ.
Энэ удаагийн айлчлал нь тус улсын төрийн албаны 17 хүний бүрэлдэхүүнтэй чухал айлчлал гэдгийг хоёр талын төлөөлөгчид онцолж байсан. Айлчлалын үеэр хоёр тал парламентын харилцаа тогтоохоос гадна эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарт хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр орны парламентын хамтын ажиллагаа идэвхтэй сайн хөгжсөн бөгөөд цаашид энэ үр дүнд хүргэхийн тулд парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс төлөөлөгчдийн харилцан солилцоог цаашид үргэлжлүүлэн туршлага солилцох, хуулийн мэргэжилтнүүдийг хууль боловсруулах чиглэлээр харилцан туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн материал, технологи харилцан солилцохыг дэмжиж ажиллах саналтай байна гэж БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Дани Ятоду хэллээ. Цаашид хоёр талын хувийн хэвшлийнхнийг дэмжиж хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах саналыг хадагтай Дани Ятоду уламжилсан юм.
Үүний хариуд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Таны дэвшүүлсэн саналуудыг бүрэн дэмжиж байна. Хоёр орон өөр өөрийн үндэснийхээ баялгийг ашиглан хамтран ажиллах боломж бүрэн бий. Энэ талаар Лаос, Монголын Засгийн газар хоорондын наймдугаар хуралдааны явцад тохирсон асуудлыг парламент бүрэн дэмжиж байгаа. Лаост бид 10 мянган га газарт цагаан будаа тариалах санал бий. Мөн дэд бүтэц сайтай тодорхой нутагт 5000 га-д мод тариалах хүсэл бий. Та бүхэн Монголд бас фермерийн үйл ажиллагаа эрхэлж, махны чиглэлийн хонь, ямаа үржүүлэх боломжтой байгаа. Цаашдаа адуу ч өсгөж болно. Эдийн засгийн хувьд манай тал цагаан будааг сонирхож байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар мөн өргөжиж байна” гэдгийг онцолсон.
УИХ-ын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Дани Ятоду нарын төлөөлөгчид бараалхсан юм. Хатагтай Дани Ятоду парламент хоорондын харилцаанаас гадна хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, хоёр улсын худалдааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан сэргэж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасанд талархаж, энэхүү шийдвэр бодит үр дүнд хүрэх талаар хоёр талын холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсаны дараа БНАЛАУ-ын төлөөгчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нартай уулзсанаар энэ өдрийн айлчлал өндөрлөсөн юм.
БНАЛАУ-ын талаар товчхон
Улсын нэр: Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс,
Нийслэл: Вьентьян
Тусгаар тогтносон өдөр: 1949 оны долдугаар сарын 19
Товч түүх: Лаосын анхны вант улс манай эриний өмнөх ҮШ зууны үед үүсэн байгуулагдсан. Лаосын их хаан Фа Нгум 13 дугаар зуунд тархай бутархай олон аймгийг нэгтгэн Лан Саны /сая зааны/ Вант улсыг байгуулснаар өнөөгийн Лаос улсын тулгар төрийн эх үндсийг тавьсан хэмээн үздэг. 1893 он буюу ХIХ зууны сүүлчээр Лаос орон Францын ивээлд орж дагаар улс болж, 1945 онд богино хугацаанд Японд эзлэгдэж байсан. 1954 оны Женевийн хэлэлцээрийн дагуу Франц цэргээ гаргаж, Лаосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Газар нутаг: 236 800 х.д.км. Далайд гарцгүй. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Зүүн-Өмнөд Азийг усаараа ундаалдаг Меконг мөрөн Лаосын нутгаар 1835 км газраар урсаж өнгөрдөг. Нийт нутаг дэвсгэрийн 47 хувь буюу 11 сая га талбайг ой мод эзэлдэг.
Цаг агаар: Xалуун орны уур амьсгалтай. Борооны улирал /4-11 дүгээр сар/, хуурай улирал /12-3 дугаар сар/
Эрдэс баялаг: Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс,цэхэр индраанил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй.
Газрын ашиглалт: Тариалангийн талбай 4,01%,Тогтмол ургацын талбай 0,34%,Бусад 95,65%
Хүн ам: 6,834,942 /2009 оны байдлаар/. Гурван гол үндэстэн (лаосүн, лаолүм, лаогаан), 49 ястнаас бүрддэг. Нийслэл Вьентьян хотод 700 орчим мянган хүн оршин суудаг. Нийт хүн амын 85 орчим хувь нь хөдөөгийн оршин суугчид. Нийт хүн амын 70 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлдэг.