”Өрхийн орлого 600 мянган төгрөг байхад болно”

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

”Өрхийн орлого 600 мянган төгрөг байхад болно”

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд  Ц.Дашдоржтой  уулзаж ярилцлаа.

-Бага, дунд орлоготой өрхийг “100 мянган орон сууц” хөтөлбөрт хамруулахын тулд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснийг иргэд дэмжиж байна. Гэхдээ 0-16 насны дөрвөн хүүхэдтэй өрхийг дээрх зээлд нэн тэргүүнд хамруулна гэж шалгуур тавьсанд олон нийт шүүмжлэлтэй хандах боллоо. Зээлд хамрагдахад хүүхэд яагаад шалгуур болох ёстой юм бэ. МАН-ын Хөгжлийн хөтөлбөрт дөрвөн хүүхэдтэй өрхөд гурван өрөө орон сууц үнэгүй олгоно гэж заасан учраас ийм шалгуур тавьсан юм уу?

-Монголын бага дунд орлоготой мянга мянган өрхийг орчин үеийн орон сууцанд амьдрах боломжийг Монгол Улсын Засгийн газраас олгохоор ажиллаж байна. Сар шинийн өмнөхөн зургаан хувийн хүүгийн асуудлыг шийдвэрлэж, журмыг нь баталлаа. МАН-ын өөрийнх нь үзэл баримтлал бол иргэн төвтэй байх. Иргэн рүүгээ хандсан бодлого хэрэгжүүлэхэд голлон анхаардаг. Нөгөө талдаа монголчууд олуулаа болох ёстой. Хүн ам өсч гэмээнэ улс орон хөгжинө. Энэ бол зах зээлийн зарчим. Тэгээд ч монголчууд хүн нэмэхээр хүнс нэмдэг гэдэг шүү дээ. Энэ бол нэг талаас хүн амаа өсгөх нэг бодлого юм. Ийм агуулгаар асуудалд хандсан. Жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая төгрөгийн 20 жилийн хугацаатай орон сууцны зээлд хамрагдах иргэдэд хэд хэдэн нөхцөл тавьж байгаа. Түүний нэг нь л 0-16 насны гурав болон дөрвөн хүүхэдтэй өрхийг эхний ээлжинд зээлд хамруулахаар заасан юм шүү дээ. Үүнээс гадна зээлд хамрагдах иргэн нь урьдчилгаа төлбөрийнхөө 10-аас доошгүй хувиа төлөх ёстой, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн  гүйцэтгэлтэй шинэ орон сууцаас худалдан авах ёстой. Мөн зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ 55 метр квадратаас ихгүй байна. Дээрээс нь анх удаа байр хүссэн байх ёстой.

-Зээлийн дээд хэмжээ 50 хүртэл сая төгрөг байгаа. Зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу. Орон сууцны зээлд хамрагдсан нөхцөлд иргэд хэдий хугацааны дараа байранд орохоор байгаа вэ?

-Ямар ч байсан өнгөрсөн жилүүдэд Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хүрээнд жилийн найман хувийн хүүтэй, дээд тал нь 40 хүртэл сая төгрөгийн зээл олгож байсан. Зөвхөн квот авсан иргэд дээрх зээлд хамрагддаг байсан. Одоо тэгвэл иргэддээ илүү боломж олгоод байна. Энэ зээлэнд хувийн хэвшлийнхэн ч хамрагдах боломжтой. Квот энэ тэр гэж заахгүй. Нөгөө талдаа 50 хүртэл сая төгрөгийг олгохоор шийдвэрлээд байна. Өмнө олгож байсан зээлтэй харьцуулахад хүүгийн хувьд буурсны зэрэгцээ зээлийн хэмжээ өссөн. Цаашид нөхцөлийг улам уян хатан болгоно. Гэхдээ одоо зээлийн хэмжээг дахин нэмэгдүүлнэ гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Энэ удаагийн хуралдаанаас иргэдэд сонголт хийх боломжийг илүү олгосон гэдгийг хэлэхийг хүсч байна. Өмнө гаргасан Засгийн газрын 138 дугаар тогтоолд 50 метр квадратаас доош талбайтай орон сууцаас иргэд сонголт хийнэ гэж заасан байсан. Харин энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаас талбайн хэмжээг нэмэгдүүлж 55 метр квадратад хүргэсэн. Ингэснээр сонголт хийх боломжтой орон сууц 9000-аар нэмэгдэж байгаа. Хэрвээ 50 метр квадрат орон сууцаас сонголт хийнэ гэвэл 1.6 жилийн дараа буюу 18 сарын дотор ашиглалтад орох 28 мянга орчим орон сууц бий. Нийт 159 мянган орон сууцыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулах санал ирснээс 79 мянга гаруйг нь зөвшөөрсөн, шалгуур хангасан учраас.

-Зургаан хувийн хүүтэй зээлийг ирэх дөрөвдүгээр сараас олгоно гэж мэдээлсэн. Хөгжлийн банк мөнгө босгож чадаагүй байдаг, түүнийг дагаад зээл олголт хойшилж, хүлээлт үүсгэчихгүй байгаа?

-Ирэх гуравдугаар сарын сүүл орчмоос бодитойгоор зээл олголт эхэлчихнэ.

-Нийлүүлэлтийн асуудалд хэр анхаарч байна. Эрэлт нэмэгдээд нийлүүлэлт байхгүй бол хэцүү. Дээрээс нь эрчим хүчний хангалт байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндрэлтэй биш  гэж үү?

-Энэ бүхэнд Засгийн газар анхаарал тавьж ажиллаж байгаа. “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг ч шийдвэрлэхээр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгасан байгаа. Жаахан дулаараад эхлэхээр дулааны V цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлнэ.  

-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн гурван сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэдэг заалт журамд орсон харагдсан. Энэ нь өрхийн сарын орлого хэд байж шалгуур нөхцөлийг хангана гэсэн үг вэ. Сард нэг сая төгрөгийн орлоготой байж зээл авна гэж зарим хүн хэлж байна?

-Өмнө бол тийм яриа байсан. Гэхдээ энэ хөтөлбөр хамгийн гол нь бага дунд орлоготой иргэдийг байртай болгоход чиглэгдсэн. Тийм болохоор өрхийн сарын орлого нь 600 мянга орчим байхад л болно. Мэдээж зээл юм хойно урьдчилгаа төлбөр тодорхой хэмжээгээр авахаар болсон.

-Та сайдын албанд томи­лог­доод багагүй хугацаа өнгөр­чихлөө. Таны эрхлэх асуудлын хүрээнд хамгийн их анхаарал татсан, зайлшгүй хөдөлгөх шаард­лагатай чухал салбар гэвэл аль нь вэ?

-Сайдын албыг хүлээж аваад нэг сар болж байна. Салбарын хүрээ бол дэд сайдын алба хашиж байсан үеийнхээс их томорсон. Түүнийгээ дагаад шийдвэрлэх асуудал, хуримтлагдсан асуудал маш их байна л даа. Нийгмийн чиглэлийн асуудал буюу иргэд рүүгээ шууд хандсан асуудал гэвэл авто зам. Авто зам барихад зориулж энэ онд улсын төсвийн хүрээнд 346 тэрбум төгрөг суулгасан. Түүнээс зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг энэ онд эхлүүлнэ. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Завхан, Өмнөговь аймгууд хамаарч байгаа юм. Дээрээс нь орон сууцжуулах асуудалд түлхүү анхаарч байна. Орон сууцжуулах ажил зөвхөн нийслэлд хэрэгжээд өнгөрөх бус орон нутагт ч эрчимжих ёстой. “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт тусгаснаар 75 мянган орон сууц нь нийслэлд, 25 мянган айлын орон сууц нь орон нутагт баригдана. Ер нь орон нутагт иргэд тав тухтай амьдрах бодит бололцоог бий болгохын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Энэ нь эрчим хүчийг шийдвэрлэхийн зэрэгцээ авто зам барих нь чухал байгаа юм. Дараа нь хүүхэд сургууль, цэцэрлэгт сурч боловсрох боломжтой байх. Дээр нь эцэг, эх нь байнгын ажилтай байх. Энэ утгаараа хоёр томоохон асуудал нь манай салбарт харьяалагдаж байна. Гэхдээ хамгийн их тулгамдсан салбар гэвэл төмөр замын салбар болж байна. Монгол орны макро эдийн засгийн төвшинд хөгжлийнх нь эх үүсвэрийг цааш яаж хангах вэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаж нэмэгдүүлэх вэ. Гадагш чиглэсэн экспортыг яаж нэмэгдүүлэх вэ. Уул уурхайд тулгуурлаж эдийн засгаа босгож авах гэж байгаа бол түүнд нь үйлчилгээний салбар болгож төмөр замыг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

-“Ройтерс” агентлаг “Монгол Улсын шинэ төмөр зам барих ажил хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж хойшлогдож байгаагийн зэрэгцээ эрх мэдэлтнүүдийн хүнд суртал нь ч нөлөөлж байна” гэсэн утга агуулгатай мэдээллийг цацсан. Энэ бас нэг шалтгаан нь гэж хэлж болох уу?  

-Эрх мэдэлтнүүдийн хүнд суртал гэдэг харьцангуй ойлголт. Хөрөнгө мөнгөний тухайд тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байгаа болохоор үнэхээрийн том л доо. Гэхдээ мөнгөний асуудлаасаа гадна шийдэх ёстой зарчмын асуудал нь илүү их байгаа юм.

-Зарчмын асуудал гэж юуг хэлээд байна вэ?

-Төмөр зам бол зөвхөн нэг талаас хамааралтай асуудал биш. Олон асуудлаас хамааралтай. Өөрөөр хэлбэл, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэг хэрэг. Ялангуяа экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнөөдрийн төвшинд байгаа тохиолдолд нүүрс бол бүс нутгийн бизнес. Тэгэхээр нүүрсийг тээвэрлэж экспортод гаргана гэдэг бол бүс нутгийн үйл ажиллагаа буюу бүс нутгаасаа хамааралтай асуудал гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бол маш олон зүйлээс хамаарч байна л даа.

-Далайд гарцгүй гэдэг утгаараа төмөр замаас гадна агаарын тээврийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Салбарын сайд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам агаарын тээврийг нэн тэргүүнд тавиад явж байгаа. Далайд гарцгүй их газрын улсын хувьд бусад оронтой харилцах харилцааны нэг үндсэн хэлбэр нь агаарын тээвэр болж байгаа учраас. Агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлд хэд, хэдэн асуудал дээр анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Цэвэр бизнесийн агуулгаар нь асуудалд хандаж болно. Гэхдээ нөгөө талд нь зайлшгүй дагалдаж явах ёстой зүйл бол аюулгүй ажиллагааг хангах нь чухал байгаа юм. Үүнд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хоёрдугаарт, энэ салбарт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Ухаандаа либеральчилна л гэсэн үг л дээ. Гол нь төрийн өмчийг хувьчлахдаа үнэгүйдүүлэх биш, босгож ирэх асуудал дээр анхаарлаа тавих ёстой. МИАТ-ээс бусад компанийн хувьд зах зээлийн өрсөлдөөний зарчмаар гарч ирж байна. Ялангуяа агаарын тээвэрлэгч компаниудаас энэ өрсөлдөөнийг харж болно. Эдгээр компанийн хувьд хүчин чадал, аюулгүй ажиллагааных нь төвшин, хөрөнгө оруулалт, туршлага зэргээс нь хамаараад яамны зүгээс үзүүлэх дэмжлэг ялангуяа гадаад томилгоон дээр нь бид анхаарч ажиллах ёстой. Нөгөө талдаа иргэддээ тав тухтай үйлчлэх бодит бололцоог нь олгох ёстой гэж үздэг.

Дулааны улирал удахгүй ирнэ, аялал жуулчлалын сезон эхэлнэ. Аялал жуулчлалын үеэр олон улсын нислэгүүдийг дотоодын агаарын тээврийн нислэгүүдтэй яаж зөв хослуулж уялдуулах вэ гэдэг асуудал томоохон асуудал болж гарч ирж байна. Ерөнхийдөө МИАТ компанийн хувьд менежмэнтийнх нь хувьд зарчмын өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-МИАТ компани ашигтай ажил­лах бололцоо байдаг ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй байна гэх нь бий. Ийм бололцоо бий юу?

-МИАТ компани гэдэг бол өөрөө аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг компани. Өөрийнхөө олсон орлогоор зарлагаа нөхдөг. 2011 оны төвшинд алдагдалтай ажилласан, гэхдээ өнөөдрийн хувьд цэвэр гүйцэтгэлээрээ чухам хэд гарсныг барим тавин хэлэхэд хэцүү. Иймэрхүү л байдалтай байж байна. Ашигт ажиллагааны төвшин 2012 онд нэлээд нэмэгдэнэ гэж МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад шийдвэрээ гарсан. Хагас жилийн дараа ерөнхий төлөв харагдах болов уу.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж