Лаост цагаан будаа, сум мод тариална

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Лаост цагаан будаа, сум мод тариална

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар БНАЛАУ-ын парламент Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад  айлчилж байна.

Хатагтай  Пани Ятодүгийн танилцуулснаар Лаосын Үндэсний Ассамблейн долоо дахь удаагийн сонгууль 2011 оны дөрөвдүгээр сард болж 132 гишүүн сонгогджээ. Үүнээс 33 нь эмэгтэй бөгөөд нийт гишүүдийн 25 хувь юм байна. Тэд Үндэсний Ассамблейд эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулжээ.

Айлчлалын үеэр хоёр тал сонирхолтой саналууд дэвшүүлсэн байна. Монголын тал Лаосын нутаг дэвсгэрт 10 мянган га газарт цагаан будаа тариалах санал тавьжээ. Лаос улс хатуу улаан модоороо алдартай. Монголчууд үүнийг сум мод гэдэг. УИХ-ын чуулганы хуралдааны танхимыг Лаосын алдарт улаан модон тавилгаар 2006 онд тохижуулсан юм. Хатагтай Пани Ятодү өнөөдөр нутгийнх нь улаан модон тавилга УИХ-ын танхимыг хэрхэн чимж буйтай танилцлаа. Монголын талаас Лаосын дэд бүтэц сайтай тодорхой нутагт 5000 га-д хатуу улаан мод тариалах хүсэлт гаргасан байна.

Монголчууд 1970-аад онд Лаост хонины аж ахуй байгуулж өгч байсан. Гэвч монгол мал Лаосын халуун нөхцөлд идээшихдээ тааруу байсан тул Монголд лаосчууд фермерийн үйл ажиллагаа эрхэлж махны чиглэлийн хонь, ямаа үржүүлэх боломж байгаа талаар ярилцжээ. Цаашдаа адуу ч өсгөж болно гэжээ. Монгол Улс энэ онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгууль, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд Лаосын тал энэ чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү монголчууд Лаост цагаан будаа, хатуу улаан мод тариалж, лаосчууд Монголд хонь, ямаа, адуун сүрэгтэй болох талаар яриа хөөрөө боллоо.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж