Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр дуудав

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр дуудав

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр  галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.10 цагаас хаалттай эхэлсэн юм.

Хэдийгээр цагдаагийн удирдлагуудад холбогдох хэрэг нууцад хамаарахгүй ч төрийн нууцтай холбоотой зүйл яригдаж болзошгүй гэж үзсэн учир шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болсон юм. Шүүх хуралдаанд дөрвөн шүүгдэгч нараас гадна Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл,  Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ш.Батсүхийн өмгөөлөгч Б.Энхтунгалаг, үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, улсын яллагч С.Хишигжаргал,  шүүгч Ч.Хосбаяр,  М.Алдар, С.Оюунчимэг нар хүрэлцэн ирсэн байв. Ингээд Шүүх хурал хаалттай эхэлсэн ч Ш.Батсүхийн өмгөөлөгч н.Итгэл, болон О.Зоригтын өмгөөлөгч н.Өлзийсайхан нар хүндэтгэх шалтгаантай хүрэлцэн ирээгүй учир  ирэх гуравдугаар сарын 14-ний 09.30 цаг хүртэл хойшлууллаа.

Энэ үеэр Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасныг Шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан юм. Тиймээс дараагийн шүүх  хуралд дээрх хүмүүсийг оролцуулах бололтой.

Цагдаагийн ар гэрийнхэн жагсав

Шүүх хуралтай зэрэгцэн Сүхбаатар  дүүргийн шүүхийн гадаа  шүүгдэгч нарын ар гэрийнхэн, Цагдаагийн ерөнхий газрын, Нийслэлийн цагдаагийн газрын  алба хаагчид "Цагдааг хэлмэгдүүлэхээ зогсоо", "Үүргээ гүйцэтгэсэн цагдааг сулла", “Хуулийг завхруулж байна” гэх мэт уриа лоозон барин жагссан юм. Тэд улс төрийн зорилгоор цагдаагийн алба хаагчдыг яллах гэж  байгааг эсэргүүцэж, хууль бус шүүх хурал явуулах ёсгүй гэсэн байр суурь  илэрхийлж  байв. Тэдний дунд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын гэргий Ш.Нарантуяа,  Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг нар  байсан юм. Тэднээс цөөн асуултад хариулт авлаа.


Генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа:

Ч.Амарболд буудах тушаал өгөөгүй гэдгийг 1000-аад хүн мэдүүлсэн байдаг


-Цагдаагийн ар гэрийнхэн жагсч байна. Шүүх хурлыг эсэргүүцэж байгаагийн учир юу вэ. Та бүхэн өмнө нь яагаад байр сууриа илэрхийлээгүй юм бэ?

-Манай гэр бүл дөрвөн жил ажил албагүй, сэтгэл санааны дарамтанд байлаа. Асуудлыг ийм хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй. Энэ хэргийг шүүхэд шилжих үед бид  төрийн өндөрлөгүүд болон прокурор, шүүгч, ЦЕГ-ын даргад  хандсан. Дөрвөн жил хуулийг завхрууллаа. Бид энэ удаагийн шүүх хурлыг хууль бус  гэх үндэслэл бий. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага бол  цэргийн байгууллага биш. Гэтэл цэргийн гэмт хэрэгт хамааруулсныг буруутгаж байна. Хоёрдугаарт, аль 2010 онд Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг дахин сэргээж, зүйл ангийг өөрчилсөн нь хууль зөрчсөн үйлдэл, гуравдугаарт, долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөн хатгасан О.Магнай, Ш.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг дахин шалгах ёстой. Үнэхээр л гэм буруутныг олох гэж байгаа бол тэд нарын өршөөлийн хуульд хамруулсан хэргийг яагаад сэргээн шалгахгүй  байгаа юм бэ.

-Прокурорын байгууллагаас цагдаа буудсан гэдгийг нотолсон гэдэг тайлбар өгч байгаа шүү дээ?

-Хэн тушаал өгснийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сайн мэдэж байгаа байлгүй. Дарга буудах тушаал өгөөгүй гэдгийг тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд  ажиллаж байсан алба хаагчид гээд 1000-аад хүн мэдүүлсэн байдаг юм билээ. “Манай дарга буудах тушаал өгөөгүй” гэж хэлсээр байхад тушаал өгсөн мэтээр яллахыг санаархаж байгаа нь улс төрийн зорилготой  гэдгийг харуулж байна.


Хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг:

Арай ч ийм дээрээ тулна  гэж бодоогүй

-Цагдаагийн удирдлагуудын гэм бурууг хэлэлцэхийг  ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?

 -Энэ хэргийг шүүхэд ирэх дээрээ хүрнэ гэж бодоогүй. Ханилсан ханиа шүүхийн танхимд орчихоод байхад сэтгэл санаа хүнд байна. Миний хань хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад зүтгэсэн хүн. Байгуулсан гавьяаг нь Монголын төр мэднэ. Ажлаа хийж явсан хүнийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаад гомдолтой байна.

-Хавтаст хэрэгтэй танилцах хугацааг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр сунгасан. Ш.Батсүх хурандаа хэрэгтэйгээ бүрэн танилцсан биз дээ?

-30-40 хавтаст хэргийн дөнгөж 10 гаруй хавтаст хэрэгтэй танилцаад л шүүх хурлын тов гарчихлаа.

-Хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад адилхан зүйл ангиар ял төлөвлөсөн. Гэхдээ танай нөхрийг чухам ямар ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ? 

-Хамтран үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа. Намайг хуулийн хүмүүстэй уулзъя гэхэд нөхөр маань “Хэрэггүй” гээд л байсан. Шүүхийн танхимд очно гэж санаагүй байх л даа. Би Хүний эрхийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, ХЗДХЯ гээд хандаж болох бүхий л газарт хандаад байна.

Ингэж хэлээд тэрбээр цааш ярихыг хүссэнгүй. Сэтгэл санаа нь нэлээд тавгүй  байгаа бололтой уйлж байлаа. Генерал, хурандаа нарын ар гэрийнхэн ийм байр суурьтай байсан бол үймээний үеэр буудуулж амь насаа алдсан  Э.Доржсүрэнгийн ээж Д.Үржигсүрэнгээс бид дараах асуултад хариулт авлаа.  

Д.Үржигсүрэн: Ш.Батсүх хурандаа өөрөө эхэлж буудаад, алба хаагчдаа зоригжуулсан гэдэг

-Цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр болох талаар албан ёсоор мэдэгдсэн үү?

-Бидэнд хэлээгүй ээ. Телевиз, интернэт сайтуудад гарсан мэдээллийг харж л мэдлээ. Уг нь энэ хэргийн хохирогч, хүний амь алдсан хүмүүст албан ёсоор мэдэгдэх ёстой  баймаар юм. Манай  нөхөр Ц.Энхбаяр энэ хэргийн араас дөрвөн жил тасралтгүй явж байгаа шүү дээ.

-Цагдаагийн ар гэрийнхэн хууль бус шүүх хурал болох гэж байна хэмээн эсэргүүцэж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хүмүүсийг зандалчлах гэдэг зүйл ангиар хомроголон яллаж байсан. Гэтэл цэргийн гэмт хэрэгт хамааруулж  болохгүй гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Би  хүүгээ бусдын гарт алдсан эх хүний хувьд  жагсч байгаа  цагдаагийн ар гэрийнхнийг хариуцлагагүй, бүдүүлэг  үйлдэл гаргаж байна гэж үзнэ. Цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэж бодохгүй байна. Тэр үед цагдаа нар намын байрыг, эрх баригчдыг жагсагчдаас хамгаалж байсан шүү дээ.
 
-Цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн тэднийг буудах тушаал өгөөгүй хэмээн ярьж байна?

-Буудах тушаал өгсөн байсан ч онц байдал тогтоосон бүсэд галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж хуулинд заасан байдаг юм билээ. Буудах тушаал өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг шүүх шийднэ. Шүүхээр ороогүй байхад энэ тэрүүгээр уйлаад яваад байгааг эсэргүүцэж байна. Буудах тушаал өгсөн. Тэгээд 805 дугаар ангийн тусгай тасгийн 20-иод алба хаагчид сум тараасан байдаг. Алба хаагчид нь буудаж чадахгүй байх үед хурандаа Ш.Батсүх өөрөө буудаж, нэг залуугийн хэвлийн тус газар оносон гэдэг. Даргыгаа буудсаны дараа алба хаагчид нь зориг орж, буудаж эхэлсэн талаар ярьсан зүйл бий. Хэн ярьсан талаар бид яримааргүй байна. Манайд гэрчийг хамгаалах эрх зүйн орчин ямар билээ. Надад сайн санасан хүнийг элдэв асуудалд оруулаад яах вэ. Дээрээс нь буудах тушаал өгсөн ч заавал хүнийг буудах  албагүй. Гэтэл цагдаа нар хөөж байгаад буудсан байдаг. Бүр сумны шарх аваад амиа алдсан миний хүү, бас хоёр залууг цагдаа нар хохь нь гээд өшиглөж байсан юм билээ. Гэм зэмгүй хүнийг алчихаад  ийм авир гаргаж болох уу.

О.Алтангэрэл: Шүүх хуралдааныг ард түмний өмнө ил тод явуулах ёстой


Уг хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч О.Алтангэрэлээс шүүх бүрэлдэхүүнд гаргасан хүсэлтийн талаар  тодрууллаа.

-Та шүүх хуралдаанд ямар хүсэлт гаргасан бэ?

-Шүүх хуралдааныг олон түмний нүдэн дээр, сэтгүүлч нарыг байлцуулан, нээлттэй хийж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргалаа. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг гэрчэээр байлцуулж  өгөөч гэдэг хүсэлт гаргасан.

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгах нь буруу гэж үзэх хууль зүйн үндэслэл юу вэ?

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгаж байгаа анхны тохиолдол нь энэ  хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийг  шалгаж, хяналт тавьж байсан хүмүүсийн  цагдаагийн удирдлагуудыг гэм буруутай мэтээр ярьж байсан нь хууль зөрчсөн үйлдэл.

Дөрвөн жилийн турш маргаан дагуулсан долдугаар сарын 1-ний хэргийн гэм буруутан хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татсан хэвээр байна. Ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгасан энэ хэргийн зүйл анги өөрчлөгдөж, тухайн үеийн цагдаагийн дарга нарт ял  төлөвлөсөн. Улмаар удаан хүлээлгэсэн шүүх хурлын тов гарсан ч өнөөдөр хойшиллоо. Дараагийн шүүх хуралд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан нь энэ үйл явдлыг дахин нийгмийн анхаарлын төвд хүчтэй оруулж ирлээ. Харин тэд Шүүх хуралд ирэх болов уу…

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж