Дөнгөж мэндэлсэн хүүхдээс нэг их өндөргүй непаль эрийг дэлхийн хамгийн намхан хүнээр шалгаруулжээ. Өөрийгөө 72 настай гэх ердөө 54.6 см өндөртэй Чандра Бахадур Данги гэгч эрийг өчигдөр Гиннесийн номонд бүртгэсэн байна. Гиннесийн номын ахлах редактор Грег Глендэй Непалийн нийслэл Катманду хотод түүнийг олж харсан аж. Чандра Катманду хотоос 400 км зайд орших Римхоли хэмээх уулын бөглүү сууринд амьдардаг байна. 14.5 кг жинтэй Чандра эмнэлэгт хэвтэх нь бүү хэл эмчид ч үзүүлж байгаагүй нэгэн гэнэ. Гиннесийн шинэ амжилтыг бүртгэх журмын дагуу Чандрагийн өндрийн хэмжээг 24 цагийн дотор гурван хэмжээст хэмжүүрээр хэмжих шаардлага гарчээ. Чандра дэлхийн хамгийн намхан хүн гэгддэг 59.9 см өндөр филиппин эр Журни Балавингээс ердөө тавхан см-ээр намхан гэнэ. Тэрбээр Гиннесийн номонд бүртгүүлсэндээ ихэд баярласан гэнэ. Гиннесийн сертификатыг авсныхаа дараа Чандра “Миний гэр бүл, суурин болон манай орны хувьд энэ бол нэр төрийн хэрэг. Би их бахархаж байна” гэжээ. Балавин өнгөрсөн зургадугаар сард 18 нас хүрэхдээ Гиннесийн номонд бүртгүүлсэн билээ. Чандраг Гиннесийн номонд дэлхийн хамгийн намхан хүн гэж шинээр бүртгэсэн аж. Энэтхэгийн иргэн 57 см өндөр Гул Мохаммед дэлхийн хамгийн намхан хүн байсан боловч 1997 онд 40 настайдаа нас баржээ. Харин дэлхийн хамгийн өндөр хүнээр Туркийн иргэн 2.5 метр өндөр Султан Косеныг нэрлэж, 2011 оны хоёрдугаар сард Гиннесийн номонд бүртгэсэн юм.
Н.Энх