БРИКС Евро бүсэд “хариутай” туслахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

БРИКС Евро бүсэд “хариутай” туслахыг хүслээ

Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч 20 орны Сангийн сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Мехико хотноо чуулсан нь дэлхийн санхүү, эдийн засгийн ертөнцөд онцлох үйл явдал байлаа. Уулзалтааар дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон асуудлуудыг нухацтай авч хэлэлцсэн юм. Чуулганы төлөөлөгчид ОУВС-г нэмж санхүүжүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.  Ирэх дөрөвдүгээр сард энэ асуудлаар тусгайлан чуулахаар болсон байна. Евро бүсийн өрийн сүлжээ улам даамжирч байгаа тул тус сан нь холбооны гишүүн орнуудаас нэмэлт 500-600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хүсээд байгаа. 2012 онд нийт нэг их наяд орчим ам.долларын санхүүгийн зарцуулалт хийнэ хэмээн тооцоолоод буй. Гэвч Холбооны гишүүн зарим орон нэмэлт санхүүжилт өгөхөөс татгалзаж байгаа юм.

Тиймээс ирэх гуравдугаар сарын 1-2-нд болох Европын холбооны Тэргүүлэгчдийн чуулганы дараагаар ОУВС-ийн асуудлыг тусгайлан хэлэлцэхээр хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл Европын холбоо Евро бүсийн санхүүгийн байдалд дорвитой ямар шийдвэр гаргахыг “Их хорь” анхааралтай ажиглаж байна. Хөгжингүй орнуудын БРИКС нэгдэл Евро бүсийн орнуудын өрийн хямралыг хөнгөвчлөх санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ.  Гэхдээ хариуд нь эдгээр орнуудын ОУВС дахь хувь оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн байна. Энэ асуудлыг Европын холбооны Дээд хэмжээний чуулганаар хэлэлцэнэ гэдгийг Германы Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдэв.

“Их хорь”-ийн энэ удаагийн чуулганы гол сэдэв нь Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ байлаа. Ираны нефтийн экспортоос үүдсэн нөхцөл байдал олон улсын зах зээлд нефтийн үнийг улам нэмэгдүүлж байна. Үнийн хэт хөөрөгдөл нь АНУ-ын эдийн засгийг сэргэхэд сөргөөр нөлөөлж, Евро бүсийн санхүүгийн хүнд байдлыг улам гүнзгийрүүлнэ хэмээн “Их хорь”-ийн Сангийн сайд нар үзэж байгаа аж. Одоогийн байдлаар нефть нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Саудын Араб газрын тосны экспортоо нэмэгдүүлээд байгаа билээ.   

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж