”Дэмжиж ажилладагт баяртай байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

”Дэмжиж ажилладагт баяртай байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай оронд айлчилж байгаа Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодүг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лаосын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү монголын ард түмний баяр цагаан сарын үеэр өөрийн нь айлчлал таарсанд сэтгэл таатай байгаагаа дурдаад УИХ-ын даргатай хийсэн яриа хэлэлцээ амжилттай болж, бас малчин айлд зочилсон тухайгаа ярилаа. Тэрээр парламент хоорондын харилцаанаас гадна хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, хоёр улсын худалдааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд болох тул хамтын ажиллагаагаа эргэн дүгнэж, цаашид хэрхэн хөгжүүлэх асуудлаар ярилцах сайхан жил тохиож байна хэмээн хэллээ.

Хатагтай Пани Ятодү Лаос Улсын Ерөнхийлөгчийн мэндийг дамжуулах ялдамд энэ оны эцсээр Ази, Европын парламентын VII чуулган, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Лаост зохион байгуулах гэж байгааг дуулгаад түүнд Ерөнхийлөгчийг оролцоно хэмээн найдаж буйгаа мэдэгдэв.

Олон улсын болон бүс нутгийн хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажилладагт баяртай байна. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа. Тэр сонгуулиар Монгол Улсыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Лаос Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь олон улсын хүрээнд өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр юм. Тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Тэр үеэр Лаосын төр, засгийн удирдлагуудтай уулзах, лаосын ард түмний ололт амжилттай танилцах боломж олдоно гэж бодож байна хэмээн Ерөнхийлөгч хэллээ.

Манай хоёр орны удаан жилийн уламжлалт харилцааны чухал механизм болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан сэргэж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасанд баяртай байна. Тэр шийдвэрийг бодит үр дүнд хүргэх талаар хоёр талын холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Мөн Ерөнхийлөгч Лаосын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг дамжуулахыг хатагтай Пани Ятодүгээс хүслээ.

Эх сурвалж: http://www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж