Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалж арилжааны банкуудаас зээл авах бололцоо хомс байсан. Харин дээрх хууль батлагдсанаар барьцаа хөрөнгөгүй иргэдийн хувьд банкуудаас зээл авах боломж бүрдэж бүрджээ.
Мөн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулснаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талд тодорхой заалтууд тусгалаа олсон. Тухайлбал, товлосон хугацаандаа компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхгүй, ногдол ашиг зэргээ тараахгүй бол хувьцаа эзэмшигч нь шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй. Нөгөө талдаа компанийн засаглалыг хөгжүүлэх талд тодорхой заалтууд тусгалаа олсон болохыг ч онцолж байна.
Батлагдсан тогтоолын хувьд Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогыг нэрлэж болно. Тус бодлогод төрийн өмчийн оролцоотой газрын тосны үйлдвэр байгуулахаар тусгаад байгаа. Гэхдээ энэ бол хувийн хэвшлийнхнийг огт оролцуулахгүй гэсэн үг биш, төр, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдана. Мөн энэхүү бодлогод нефтийн хангамж бүрдүүлэхээр заагаад байгаа. Энэ нь Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээс гадаадаас хараат бус оршиход чиглэжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос батлуулсан хоёр дахь томоохон тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл юм. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд аж ахуйн нэгжид олгохоор заасан байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд шилжүүлэх тухай байлаа. Үүнийг байнгын хорооны зүгээс зарчмын хувьд зөв гэж үзэн, иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг 20 хувьд хүргэсэн. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч, ДНБ-ний 70-80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэнд хувьцаа арилжаалах нь шударга хуваарилалт болно гэж үзэн, мөн 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалахаар ажлын хэсгийн төвшинд хэлэлцэн, дэмжлэг хүлээж батлагдсан болохыг хурлын үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хэллээ.