НҮБ: Иран цөмийн зэвсэгтэй болохоор зэхэж байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

НҮБ: Иран цөмийн зэвсэгтэй болохоор зэхэж байж болзошгүй

НҮБ-ын Олон улсын эрчим хүчний агентлаг Ираны цөмийн эрчим хүчний
туршилтын ажиллагааны талаар өнгөрсөн баасан гаригт хийсэн тайландаа
Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байж болзошгүй гэж сэжиглэж
буйгаа тэмдэглэжээ. Учир нь Ираны цөмийн лабораторийн мэдээлэл нь тус
байгууллагын шинжээчдийнхтэй зөрж буй ажээ. Тиймээс үүнд тодруулга хийх
шаардлагатайг НҮБ-ын Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд
онцолжээ. Мөн Ираны уран баяжуулалтын түвшин үлэмж хэмжээгээр
нэмэгдсэнийг ч дурджээ.
Энэхүү тайлан дахь мэдэгдэл Иран болон барууныхны хооронд үүсээд буй
зөрчилдөөнийг улам хурцатгаад зогсохгүй газрын тосны үнийг хөөрөгдөхөд
багагүй нөлөөлжээ.
Одоо дэлхийн зах зээлд Брэнт маркийн нэг баррель нефтийн үнэ 125
ам.доллар болж өсчихөөд байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нэг
баррель нефтийн үнэ 112 ам.доллар байсантай харьцуулахад энэ нь багагүй
өсөлт гэж хэлж болох юм. Энэ сард Брэнт маркийн газрын тосны үнэ 11
хувиар өсчээ. Иран, АНУ тэргүүтэй барууныхны хооронд цөмийн зэвсэглэлтэй
холбоотой асуудлаар үүсээд буй зөрчилдөөний улмаас нефтийн үнэ цаашид
өснө гэсэн таамаг ийнхүү биелж эхэлж байна. Газрын тосны үнэ өнгөрсөн
оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрэх үед дэлхийн
гол биржүүдийн индексүүд бүгд өсөлттэй гарчээ. Харин алтны үнэ ялимгүй
буурч, 1771 ам.доллар/унц болжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн уг тайланд Иран улсын цөмийн
лаборатори дахь ураны хэмжээ цөмийн бөмбөг хийхэд хүрэлцэхгүй ч зэвсэг
туршихад хамаарахуйц хэмжээнд буйг тэмдэглэжээ. Харин Ираны Засгийн
газар зөвхөн цахилгаан станцын түлш үйлдвэрлэхийг зорьж байгаа гэсэн
тайлбар өгсөөр байгаа юм. Ираны эсрэг барууныхан зогсож буй. Харин одоо
НҮБ ч зогсож мэдэхээр байна.


Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж