Орос-Хятадын мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэнээс гадна тусгаар тогтносон монгол үндэстэн нутагшсан газар нутгийг Монгол улс өөрийн газар нутаг хэмээн хуульчлан заах эрхтэйг дурдсан Монголын Ерөнхий сайдын захидлыг хүлээн авснаа нотлосон хариу өгөх эсэх талаар Санкт Петербургт суугаа гадаадын төлөөлөгчийн газрын тэргүүд өөр хоорондоо ярилцаад захидалд хариу өгөх шаардлагагүй, энэ асуудалд оролцохгүй байсан нь дээр гэсэн байр суурь баримталж байна хэмээн төвдөө илгээсэн албан бичигтээ Элчин сайд дурджээ.
Монголын Ерөнхий сайдын илгээж байсан ноот бичгийн уйгаржин монголоор бичсэн эх хувь, франц орчуулгын хамт Австри Улсын төв архиваас олдсон бөгөөд баталгаатай хуулбарыг Австри улсад суугаа Монголын ЭСЯ Австрийн талаас хүлээн авчээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.