Байгаль нуурын орчимд газар хөдөлж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Байгаль нуурын орчимд газар хөдөлж болзошгүй

ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдөлж, энэ нь манай Увс, Завхан, Хөвсгөл аймаг, нийслэлд мэдрэгдсэн билээ. Тувад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын эх хүртэл хэд хэдэн удаа газар хөдөлж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон газар хөдлөлт түүнтэй холбоогүй, шинэ цуврал газар хөдлөлтийн эхлэл болсон хэмээн Геофизикийн албаны захирал Виктор Селезнев “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр дараагийн газар хөдлөлт Байгаль нуурын орчимд болж магадгүй байгаа аж.

ОХУ-ын Онцгой байдлын сайд Сергей Шойгу долоо хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинд  газар хөдлөлтийн идэвхжилтийн картыг танилцуулж “Монгол Улсын бүс орчимд ес гаруй баллын газар хөдлөлтийн идэвхжил бүртгэгдсэн тул хоёр оны зааг дээр Тувад болсон газар хөдлөлт сүүлийнх биш юм” гэж хэлжээ. Түүнээс долоо хоногийн дараа Тувад дахин газар хөдөлсөн нь энэ юм. Ерөнхийдөө Монгол Улсын хойд бүс, ОХУ-ын Алтайн хязгаар, Хакас, Байгаль нуур орчим, Тувад газар хөдлөлтийн идэвхжил сэргээд байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж