Говь-Алтай аймгийн Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрддэг гэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд ажээ. Сэрх богдын өмнө, Шовгор ягаанаас хойш өөдөөсөө хараа тогтсон 20 метр орчим өндөр ханан хад яг л хаалга шиг харагддаг гэнэ. Хуй-хуй хэмээх дээрэмчид довтолж Сэрх богдын өврийг өгсөх гэхэд Улаан хаалгын хоёр хад хоорондоо нийлж хаагдсан учир дайсан айж, ум хумгүй буцан зайлсан гэдэг домог байдаг ажээ. Харин эндхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бөх ах дүү Хануй, Цогт-Очир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутаглаж байсан ах дүү бөхийн нэртэй Хануйн бууц гэж одоо бий. Тэд нутгаасаа явах болоход дурсгал үлдээхээр шийдэж Улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад, хонин чинээ чулуугаар ивүүр хийж суурилуулсан гэнэ. Одоо харахад яг л хүн ингэж тавьжээ гэмээр харагддаг байна.
Э.Сараа