
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас явуулсан илгээлтэд Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг ба эдүгээ манай хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна гээд 40 жилийн хугацаанд хуримтлуулсан харилцааны ололт амжилтыг улам бататгаж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө цаашид ч ойр дотно хамтран ажиллахад баяртай байх болно гэж дурджээ. Японы талын илгээлтэд Япон Улс Монгол Улстай харилцах харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа ба хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна хэмээн дурдсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.